Jump to content

Абел Тасман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Абел Тасман

Абел(ь) Янсзоон Тасман (нидер. Abel Janszoon Tasman, 1603 онд Лутегаст, Гронинген мужид төрж, 1659 оны 10-р сарын 10-нд Батавиа, одоогийн Жакартад нас барсан) - Нидерландын далайчин, судлаач, худалдаачин. 1642-1644 онд газар зүйн агуу нээлтүүдийг хийсэн. Тэрээр Европын алдартай судлаачдын дунд Шинэ Зеланд, Тонга, Фижи арлын эрэгт хүрсэн анхны хүн байв. Түүний аяллын үеэр цуглуулсан мэдээлэл нь Австрали бол тусдаа тив гэдгийг батлахад тусалсан.

Тасмани арал болон Тасманы тэнгисийг түүний нэрээр нэрлэсэн юм.

Абел Янсун Тасман 1603 онд Нидерландын Гронинген хотын ойролцоох Луттегаст тосгонд (одоогийн Гронинген мужийн Гротегаст хот) төрсөн. Түүний төрсөн сар өдөр тодорхойгүй байдаг юм.

Абел Тасман Нидерландын Зүүн Энэтхэгийн компанид энгийн далайчнаар ород 1634 онд тус компанийн нэг хөлөг онгоцны ахмад болжээ. Тухайн үеийн компанийн далайчдын гол ажил бол Европын зах зээлд үнэтэй бүтээгдэхүүн болох халуун ногоо тээвэрлэх зорилготой байв.

Тасманы аялсан замын зураг

Абел Тасман 1638 онд хөлөг онгоцыг удирдаж Энэтхэг рүү явсан.

1639 онд тэрээр Зүүн Энэтхэгийн компанийн тоноглосон хоёр хөлөг онгоцны нэгийг (М. Куасттай хамт) удирдаж, Японы бүс нутаг дахь далайн тээврийн бүсийг судалж, нутгийн иргэдтэй худалдаа хийх боломжийг судалжээ. Ерөнхийдөө энэ аялал амжилтгүй болсон бөгөөд 6 сар далайд өнгөрөөсний дараа А.Тасманы хөлөг онгоц багийн 90 гишүүнээс 40-ийг нь алдаж, Формоса (Тайвань) арал дээрх Нидерландын цайз Зеланд руу буцаж иржээ.

1640 онд Тасман дахин Японы эрэг рүү явсан Нидерландын 11 хөлөг онгоцны нэгийг удирдав. Тэрээр энэ удаад Японы Хирадо боомтод гурван сар орчим өнгөрөөсөн байна.

1642 оны 11-р сарын 24-нд Тасман Австралийн эргээс холгүй том арлыг (Тасмани арал) нээсэн. Тасман арлын эрэг дагуу хэдэн арван миль даган зүүн тийш эргэж, 12-р сарын 13-нд өөр нэг үл мэдэгдэх газрыг олж харав. Энэ бол Шинэ Зеландын өмнөд арал байв. Европчууд энэ арлын ойролцоо байх хугацаандаа Шинэ Зеландын уугуул оршин суугчид болох маори нартай анх уулзжээ.

Хойд Тасманы арлын баруун эрэг дагуу үргэлжлэн түүний үзүүрт хүрч, зүүн хойш эргэв. 1643 оны 1-р сарын 21-нд экспедиц Тонга арлуудад хүрч, энд урьд өмнө мэдэгдээгүй хэд хэдэн арлуудыг олж илрүүлэв. Тонгад ус, хүнсээ базаагаад 2-р сарын 6-нд Тасманы хөлөг онгоцууд Фижи арлуудад ойртов. Цаашлаад Фижи арлуудыг орхин урд зүгт Тасман, Шинэ Гвинейн хойд эргээр аялж, 6-р сарын 15-нд бараг арван сар аялсны дараа Батавид (Жакарта) ирэв.

Тэрээр 1643 онд Шинэ Гвинейн баруун эрэг, Австралийн хойд эргийг дагуулан явсан Зүүн Энэтхэгийн компанийн гурван хөлөг онгоцны багийг удирджээ. Улмаар Австрали тивийн хойд хэсгийн эрэг орчмын томоохон хэсгийг анх удаа газрын зурагт буулгасан юм.

Экспедиц Батавиа руу буцаж ирсний дараа Абел Тасманд командлагч цол олгож, цалин пүнлүүг нь нэмсэн бөгөөд тэрээр өөрөө Батавийн Хууль зүйн зөвлөлийн гишүүнээр томилогдов. 1647 онд түүнийг Сиамын хаанд төлөөлөгчөөр илгээж байсан бөгөөд 1648 онд Испанийн флотын эсрэг 8 хөлөг онгоцыг удирдаж байжээ.

Ойролцоогоор 1651 онд Абел Тасман тэтгэвэртээ гарч, Батавид худалдаа хийж байгаад 56 насандаа тэндээ нас баржээ.