Jump to content

Алс Дорнодын Олон улсын цэргийн шүүх хурал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх хурал, (мөн Токиогийн шүүх хурал гэж нэрлэгддэг) - 1946 оны 5-р сарын 3-наас 1948 оны 11-р сарын 12-ны хооронд Токио хотод болсон Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн олон улсын шүүх хурал юм. Энэхүү шүүх хурлыг явуулахаар АНУ, Хятад, Их Британи, Австрали, Канад, Франц, Нидерланд, Шинэ Зеланд, ЗСБНХУ, Энэтхэг, Филиппин зэрэг 11 улсын төлөөлөгчдийг багтаасан тусгай Шүүх байгуулагдсан юм.

Шүүх хуралд яллагдагчаар Японы эзэнт гүрний цэрэг, төрийн дээд удирдлагын 29 хүнийг татсан байна. Шүүх хуралдааны явцад 818 нээлттэй шүүх хуралдаан, 131 хаалттай шүүх хуралдаан болжэ. Шүүх бүрэлдэхүүн 4356 нотлох баримт, 1194 гэрчийн мэдүүлгийг хүлээн авснаас 419-ийг Олон улсын шүүх хурал сонссон байна.

Нийт 29 яллагдагчаас Ерөнхий сайд асан Коки Хирота, Хидеки Тожо нарын долоон яллагдагчийг 1948 оны арванхоёрдугаар сарын 23-нд Токио дахь Сугамо шоронгийн хашаанд дүүжилж цаазаар авах ял оноожээ. 15 шүүгдэгчид бүх насаар нь хорих ял, өөр гурван хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял оноожээ. Яллагдагч нарын хоёр нь шүүх хурлын үеэр нас барсан байна. Нэг нь сэтгэцийн өвчтэй (суртал ухуулагч Шумей Окава), нөгөө нь Ерөнхий сайд асан Фумимаро Коноэ баривчлагдахынхаа өмнөхөн хор ууж амиа хорлосон байна. Мацүока Ёосүкэ (Гадаад хэргийн сайд) болон адмирал Осами Нагано хоёр шүүх хурлын үеэр өвчний улмаас өөрсдийн жамаар нас барсан байна.

Алс Дорнодын олон улсын цэргийн шүүх хурлын шүүгч нар
Улс Шүүгч Албан тушаал (цол)
Австрали Сэр Уильям Уэбб Австралийн Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн даргаар томилогдсон
Канад Эдвард Стюарт МакДугалл Кэбэк (Франц хэл: Québec) мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч
Бүгд Найрамдах Хятад Улс Мэй Жуао Юань мужийн Прокурор
Францын түр Засгийн газар Энри Бернар (франц. Henri Bernard) Банги-гийн Ерөнхий өмгөөлөгч. Парисын нэгдүгээр цэргийн шүүхийн Ерөнхий прокурор
Британий Энэтхэг Радхабинод Пал Калькутта хотын Их сургуулийн хуулийн ангийн багш, Калькутта хотын Дээд шүүхийн шүүгч.
Нидерланд Берт Рёлинг Утрехтын Их сургуулийн эрхзүйн Профессор.
Шинэ Зеланд Эрима Харви Норткрофт Шинэ Зеландын Дээд шүүхийн шүүгч.
Филиппин Дельфин Харанилья Филиппины Ерөнхий Прокурор бөгөөд Дээд шүүхийн шүүгч, хурандаа.
Их Британи Уильям Дональд Патрик Шотландын Шүүхийн шүүгч.
АНУ Жон Патрик Хиггинс Массачусеттс мужийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч.
Майрон Крамер АНУ-ын Армийн Ерөнхий шүүгч, өмгөөлөгч. хошууч-генерал.

Жон Хиггинсыг 1946 оны 7-р сард оролсон шүүгч.

ЗХУ Зарянов Иван Михеевич ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн шүүхийн Зөвлөлийн гишүүн, хошууч-генерал.

Жич: Дайнд олзлогдогсод дээр туршилт хийсэн бактериологийн зэвсэг зохион бүтээгчид болон Эзэн хааны гэр бүлийн гишүүд яллаагүй халдашгүй эрхтэй болсон юм.

Эзэн хаан Хирохитогийн халдашгүй дархан байдал нь бууж өгөх үйл ажиллагааны цорын ганц заалт байсан бөгөөд түүний бүх гэр бүлийн гишүүдийг хамарсан юм. Шүүх хурлын үеэр америкчууд болон яллагдагч Японы генералууд бүх бурууг Эзэн хааны гэр бүлээс холдуулахыг хичээж байсан байна.

ТОКИОГИЙН ОЛОН УЛСЫН ШҮҮХ ХУРАЛД ГЭРЧЭЭР ОРОЛЦСОН БНМАУ-ЫН БААТАР П.ЧОГДОНГИЙН МЭДҮҮЛЭГ

[засварлах | кодоор засварлах]

1946-1948 онд Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг яллах Олон улсын шүүх хурал Токио хотод хоёр жил хагасын турш үргэлжилж, уг шүүх хуралд 11 улсын 419 төлөөлөгчөөс биечлэн гэрчийн мэдүүлэг авч, бусад 779 хүнээс ирүүлсэн 4336 нотлох баримтыг шүүн хэлэлцжээ. Тус шүүх хуралд яллагчаар ЗХУ-аас генерал Васильев, ерөнхий шүүгчээр Австралийн У. Уэбб, өмгөөлөгчөөр АНУ-ын хошууч Б. Блекни, мөн Японы өмгөөлөгчид оролцжээ. Энэ шүүх хуралд япончууд Халх голын зүүн эрэг, Номунхаан, Бүрд-Овооны районыг Монгол Улсын нутаг дэвсгэр биш, бид Монгол Улсын нутаг дэвсгэрт халдан довтлоогүй хэмээн батлахыг оролдсон байдаг. Уг шүүх хуралд гэрчээр оролцсон БНМАУ-ын баатар Пунцагийн Чогдон нь 1939 оны Халх голын байлдааны үед Сүмбэрийн Цагаан-Овоогийн заставт байсан, 1939 оны тавдугаар сарын 10-наас зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүмбэрийн заставын районд болсон үйл явдлын талаар хоёр цагийн турш гэрчийн мэдүүлэг өгчээ. Пунцагийн Чогдонгийн 1948 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн мэдүүлгээс:

 “-1939 оны тавдугаар сарын 11-нд япончууд 300 гаруй цэрэг, офицер ихээхэн зэвсэг техникийн хүчээр БНМАУ-ын нутаг Халх голын зүүн эрэгт цөмрөн орсон. Манай хилчид япончуудтай байлдаж байсан ба япончууд хүч давуу тул яаж ч чадалгүй 1939 оны тавдугаар сарын 14-нд Халх голын зүүн эргийг япончууд эзлэн авсан. Харин тавдугаар сарын 26-ны өдөр манай хилийн заставаас 200, бидэнд туслахаар ирсэн хилийн отрядын бэлтгэл ангийн 100 шахам бүгд 300 цэрэг оролцон японы түрэмгийлэгчдийг хориглон зогсоож, хөөн зайлуулсан юм. Ер нь япончууд БНМАУ-ын хилийг удаа дараа зөрчиж байсан. Тухайлбал, 1938 оны 12 дугаар сараас эхлэн 10-20 буюу 40 хүнтэй жижиг отрядууд явуулан будлиан өдөөж, манай улсын нутагт халдан эзэрхийлж байсан явдал олон байгаа. Халх голын байлдааны үеэр япончууд Халх голын зүүн эрэг, Номонхаан, Бүрд-Овооны районы багана тэмдэгтүүдийг сүйтгэх, буулган авах зэрэг үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Дайн дууссаны дараа хоёр улсын хилийн шугамыг сэргээн тодотгох тухай хэлэлцээр ёсоор 1940 оноос эхлэн хилийн тусгай тэмдэгтүүдийг тавьж гүйцэтгэсэн нь дэлхий нийтэд тодорхой хэрэг юм. Халх голын зүүн эрэг нь цаг ямагт манай улсын хилчдээр хамгаалагдаж ирсэн бөгөөд хилийн отрядын застав нь Халх голын баруун эрэгт байрлаж манаануудыг зүүн эрэгт гаргадаг байсан. Харин Япон -МанжГогийн талаас манай улсын хилийг зөрчих явдал олширсон тул манай застав нь өөрийн командын тушаалаар Хулд уулын овооны районд шилжин байрласан болно. Монголын цэргийн ангиуд өөрийн нутаг дэвсгэрт байлдсан бөгөөд тэдгээрээс байлдааны үед ба мөн түүний өмнө, хойно улсын хилийг давсан удаа нэг ч байхгүйг батлан хэлнэ” хэмээн мэдүүлжээ.

П.Чогдон баатар Халх голын байлдаан эхлэх үед хилийн долдугаар заставын даргаар ажиллаж байсан тул Токиогийн Олон улсын шүүх хуралд (International Military Tribunal for the Far East) албан ёсоор гэрчээр урьж оролцуулсан. Токиогийн Олон Улсын Шүүх хуралд П. Чогдон баатарын өгсөн албан ёсны гэрчийн мэдүүлэг болон Шүүх хурлын өмгөөлөгч, прокурор, шүүгчдийн тавьсан 20 орчим асуулт, хариултын дэлгэрэнгүйг тус Шүүх хуралдааны протоколын 38533 - 38569-р хуудсанд бичсэн