Алталун
Алталун[1] бол Чингис хааны их хатан Бөртэгээс төрсөн отгон охин нь юм. Түүнийг Олхонуд аймгийн Тайжу хүргэний хүү Чаур Сэцэнд өгчээ. Тайжу хүргэн бол Чингис хааны бага нагац ах нь байжээ[2]. Ер нь түүнийг Чингис хааны өөр нэг охин Уйгурын Иди-Кут ханд өгсөн Ил Алти (Ил Алтун)-тай ихээхэн андуурах явдал түгээмэл байдаг. Тэр Ил Алтун Бэхийн нэрийг Лувсанданзаны Алтан Товчоос Алалтун бэхи гэж буруу буулгаснаар орчин үеийн түүх номонд Алталун гэх нэр Алалтун гэж ташаа бичигдэх болжээ.
Алталун гүнжийн намтар нь Юань улсын судрын Гүнжийн илтгэл, Судрын чуулганы I боть, II ботьд хэд хэдэн удаа өгүүлжээ. Хожим түүний хүү Чочимтай нь Мөнх хааны охид Ширин, Бичигэ нартай ураг барилдаж байсан. Мөнх хааны үед 1252 онд хааны зарлигаар Жөндин фугийн 270 өрхөөс ёнгор тавт татварлах эрхийг шагнал болгож өгчээ.
Ном зохиолд
[засварлах | кодоор засварлах]Алталун нь АНУ-н зохиолч, түүхч Жак Уэтерфордын Монгол Хатдын Нууц Товчоо номны гол дүрүүдийн нэг юм. Алталуныг номон дээр Уйгурын Барчук Иди-Кут хаантай гэрлэж Уйгурын эмэгтэй-хаан болсон гэж бичжээ. Мөн түүнийг баатарлаг ухаантай бүсгүй байсан гэж тодотгожээ.
Шүүмжлэл:
[засварлах | кодоор засварлах]Жак Уэтерфорд өөрийн номондоо Алталун гүнж болон Чингис хааны татвар эмээс гарсан охин болох Ил Алти гүнж нарын түүхийг холбож нэгэн дүр болгож бичжээ. Зохиолч хэдийгээр түүхэн эх сурвалжуудад тулгуурлан номоо бичсэн авч эх сурвалжийн мэдээллээс зөрчилтэй өгүүлэл бичсэн байна. Түүний ашигласан Перс хэл дээрхи хоёр гол эх сурвалжид Алталун болон Ил Алтийг хоёр өөр хүн болохыг тодорхой дурьдсан байдаг. Ил Алтийг Бурчак Иди-Куттай ураг холбохын өмнө нас барсан тухай бас тэмдэглэсэн бөлгөө.