Аль-Каида

Аль-Каида (араб. القاعدة‎, al-qāʿidah, IPA: /ælˈqɑːʕɪdɐ/, «үндэс», «суурь», «зарчим») -1988 онд байгуулагдсан Исламын Ваххабит чиглэлийн томоохон хэт радикал олон улсын террорист байгууллага. «Египетын исламын жихад» бүлэглэлийн зарим удирдагчид, Абдулла Аззама болон Осама бен Ладен нар Пакистаны Пешевар хотод уулзаж энэ байгуулллагын үндсийг тавьсан гэж үздэг.

Тус байгууллагын үндсэн зорилго бол исламын шашинтай орнуудад төрийн байгууллагуудыг нурааж нэгдсэн нэг «Исламын Их Халифат» улс байгуулах юм. 1998 онд Кени, Танзани улсын нийслэлд суугаа АНУ-ын Элчин сайдын яамдыг бөмбөгдсөний дараа Аль-Каида дэлхийн номер 1 террорист байгуулла гэгдэх болсон. 1996-2001 онуудад «Аль-Каида» бүлэглэлийн удирдлага Афганистанд байрлаж "хар тамхины наймаа"-г цэцэглүүлж байжээ. Аль-Кайда бүлэглэл нь АНУ-д 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлага зэрэг хэд хэдэн томоохон террорист халдлагыг төлөвлөн зохион байгуулсан.

2001 оны 9-р сарын 11-ний халдлагаас эхэлсэн Аль-Кайда бүлэглэлийн үйл ажиллагаа, түүнийг таслан зогсоох арга хэмжээтэй холбоотой үйл явдлын гинжин хэлхээг Терроризмтай тэмцэх дайн гэж нэрлэж байсан. Осама бен Ладен 2011 оны 5-р сарын 2-нд алагдсанаар 2011-2022 онд Аль-Каидаг Айман ал-Завахири толгойлжээ. Байгууллагыг Шура (зөвлөл) удирддаг байсан. Түүний доор 8 хороотой байсан (шашин, цэрэг, олон нийттэй харьцах, санхүү, г.м.).

Барууны судлаачид Аль-Каидагийн түүхэн дэх 5 үеийг ялгаж үздэг. Үүнд: үүссэн үе (1980-аад оны сүүл үе), "зэрлэг" үе (1990-1996), цэцэглэн хөгжсөн (1996-2001), сүлжээ хэлбэрээр үйл ажиллагаа явуулсан үе (2001-2005), хуваагдмал үе (2005 оноос хойш).