Амьгүй албат
«Амьгүй албат» (орос. Мёртвые души, бүтэн нэр нь «Похождения Чичикова, или Мёртвые души», хуучин орос хэл. Похожденія Чичикова, или Мертвыя души) — Оросын сонгодог зохиол Николай Гоголийн зохиол бөгөөд зохиолч өөрөө уг бүтээлээ "яруу найраг" гэж тодорхойлж байжээ. Уг зохиолоо Гоголь 1835 онд бичиж эхлэхдээ 3 боть байхаар төлөвлөсөн байна. Эхний боть 1842 онд хэвлэгдэн гарсан. Хоёр дахь боть бараг дуусаад байсан ч хэдэн бүлгийн ноорог гар бичмэлүүд л үлджээ. Гурав дахь боть хэвлэгдээгүй байсан хэдий ч зарим нэг мэдээлэл үлдсэн байсан тул зохиолчийг нас барсны дараахан 1852 онд хэвлэгдсэн байна.
Зохиол бүтсэн түүх
[засварлах | кодоор засварлах]"Амьгүй албат" зохиолын санааг Александр Пушкин зохолч Н.Гогольд дэвшүүлсэн гэдэг. А.Пушкин Кишинёвт цөллөгт байхдаа дараах түүхийг сонсжээ. Бендери хот Орост нэгдсэнээс хойш Оросын цэргийнхнээс өөр хэн ч нас бараагүй гэж Пушкин сонсчээ. 19-р зууны эхээр Оросын эзэнт гүрний төв мужуудаас нэлээд олон тариачид Бессараби руу дүрвэсэн байдаг юм. Цагдаа нар оргон зайлсан хүмүүсийг олж тогтоох үүрэгтэй байсан ч ихэнхдээ амжилтад хүрдэггүй байжээ. Учир нь тэд нутгийн нас барагсдын нэрийг өөртөө авдаг арга хэрэглэдэг байсан аж. Ингээд хэдэн жилийн турш Бендери хотод энгийн иргэдээс нэг ч нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Амиа алдсан хүмүүсийн нэрийг бичиг баримтгүй, оргосон тариачдад өгсөн болох нь тогтоогдож, албан ёсоор мөрдөн байцаалт эхэлжээ. Олон жилийн дараа Пушкин энэ түүхийг бүтээлчээр өөрчилж Н.Гогольд ярьж өгчээ.
Бүтээлийг бичиж эхэлсэн тухайгаа Н.Гоголь 1835 оны 10-р сарын 7-нд А.Пушкинд бичсэн захидалдаа дурджээ.
Н.Гоголь гадаадад явахаасаа өмнө А.Пушкинд анхны бүлгүүдийг уншиж өгсөн байна. Зохиолоо 1836 оны намар Швейцарт, дараа нь Парист, дараа нь Италид үргэлжлүүлсэн байна. Зохиолч 1840 оны 9-р сарын сүүлээс 1841 оны 8-р сар хүртэл Ромд байхдаа анхны ботийг дуусгахаар ажиллажээ. Олон хяналт шалгалтыг даван туулж, 1842 оны 5-р сард энэ номыг "Чичиковын адал явдал буюу Амьгүй албат Н.Гоголийн шүлэг" нэртэйгээр хэвлүүлсэн байна.
Бүтээлийн тухай
[засварлах | кодоор засварлах]Оросын яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, түүхч, төрийн зүтгэлтэн Пётр Вяземский "“Амьгүй албатууд”-ын талаар ярина гэдэг Орос орны тухай ханатал ярина гэсэн үг" гэж дүгнэсэн байдаг нь уг маргааны гол шалтгааныг тайлбарлаж, Оросын уран зохиолын түүхэн дэх уг номын онцгой байр суурийг тодорхойлжээ. “Амьгүй албатууд” нь Оросын сонгодог зохиолын алтан санд зүй ёсоор орсон агуу бүтээл гэдэгт өнөөдөр эргэлзэх хүн үгүй билээ. Хулгай хийж, ашиглаж шамшигдуулсан хэргээр албанаасаа хөөгдсөн нэгэн түшмэл хөрөнгө чинээгээ арвижуулахыг хүсэж, сүүлийн тооллогоос хойш нас барсан албатуудыг нь газрын эзэд, хамжлагат ноёдоос худалдан авч зөвхөн цаасан дээр л оршин буй тэдгээр албатуудыг зээлийн барьцаанд тавих санаа өвөрлөнө. Тэр энэ зорилгодоо хөтлөгдөн мужийн нэгэн хотод очоод түшмэд, газрын эзэдтэй нь танилцаж, хайсан бараагаа ахиухан худалдаж авсан хэдий ч уулзаж ярилцсан хүмүүстэйгээ санамсар болгоомжгүй харьцсанаас заль мэх нь илэрснийг удалгүй олж хараад, эхлээд өөрийнх нь хөрөнгө баялаг хуурамч болох тухай, дараа нь аюултай, байж боломгүй санаархлынх нь талаар яриа тархсаныг сонсож уг хотоос түргэхэн зугтахыг хүснэ.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Тушаалаасаа огцорсон штабын ахмад, эсхүл дэд хурандаа зуугаас үл хэтрэх хамжлагат тариачидтай газрын эзэд гэх мэтийн ганц бие хүмүүс буюу товчоор хэлэхэд дунд зэргийн бэлтэй ноёдын сууж явдаг багахан хэмжээний боловч нэлээд хээнцэр нэг сүйх тэрэг мужийн N гэдэг хотын зочид буудлын хаалгаар орж ирлээ. Энэ тэргэнд гуа сайхан биш боловч тийм ч царайлаг гэмээргүй, махлаг бүдүүн биш боловч тийм ч туранхай гэмээргүй, төдий л өтөлсөн биш боловч арай ч залуу гэгдэхээргүй нэг ноён сууж явав...
... Гаднаас ирсэн ноён, өөрийнхөө тухай олныг ярих тун дургүй юм уу гэж санагдмаар байсан ба ярилаа ч гэсэн хэтэрхий даруу зан гаргаж яриагаа ерөнхийлж үгээ татаж, би бусдын санаа сэтгэл, хайр хүндэтгэлийг хүлээж явдаг биш, орчлонт ертөнцөд оршин суугаа юу ч мэддэггүй хөөрхий нэг амьтан юм. Би энэ насандаа гачигдал зовлонг их амсаж, шударга ёсыг баримталж, албан ажилдаа чармайж олон удаа хохирч явснаар үл барам муу санаатан нараас миний аминд өдий төдий халдаж байсан ч удаа бий. Одоо би сэтгэл амар суухыг бодож нутаглах газар эрж яваа юм. Би танай хотод ирэхдээ тус хотын түшмэл дээдсийнд заавал бараалхах нь миний үүрэг гэж бодоод яваа минь энэ ээ гэж яриандаа нэрэлхэх янз гарган хэлжээ.
... Эндхийн түшмэд бүгдээрээ энэ хүний ирсэнд сэтгэл ханаж баярлана. Мужийн дарга, түүнийг ариун санаатай хүн гэж хэлэв. Прокуророос энэ хүнийг юмны учир төлөвийг алдахгүй мэддэг хүн гэж хэлэв. Цагдаагийн дарга хурандаа ноёноос, энэ хүнийг их эрдэмтэн хүн гэлээ. Танхимын даргаас энэ хүн түүхийн юмыг сайн мэддэг нэр хүндтэй болсон хүн гэж хэлэв. Сэргийлэхийн дарга, энэ хүнийг эелдэг сайхан зан ааштай, нийтийн хүндийг хүлээсэн эр гэж хэлэв. Сэргийлэхийн даргын хатан тэр хүнийг онц эелдэг сайхан санаатай аятай хүн гэж хэлжээ. Тэр байтугай хүнийг магтаж хэлэхийг бараг мэддэггүй Собакевич хүртэл хотоос нэлээд орой харьж хувцсаа бүгдийг нь тайлж орон дээрээ туранхай гэргийнхээ дэргэд хэвтсэн хойноо амраг минь, би сэргийлэхийн даргынд хоол идэж, мужийн даргынд үдэшлэгт суулцаж байхдаа коллегийн зөвлөх Павел Иванович Чичиков гэдэг онцын сайхан ааш зантай хүнтэй танилцлаа гэж хэлэв.
Монгол хэлээр
[засварлах | кодоор засварлах]"Амьгүй албат" зохиолыг монгол хэл рүү Я. Аюурзанаев орчуулсан.