Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
ᠠᠨᠠᠭᠠᠬᠤ ᠶᠢᠨ
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᠬᠦ ᠤᠬᠠᠭᠠᠨ ᠤ
ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ ᠶᠡᠬᠡ
ᠰᠤᠷᠭᠠᠭᠤᠯᠢ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (товчлол: АШУҮИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том их сургууль юм. Улаанбаатар хотод 8 бүрэлдэхүүн сургуультай, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймгуудад салбар АУС, Их сургуулийн эмнэлэгтэй.


Түүхэн замнал[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын дээд боловсролын анхны байгууллага болсон Монгол улсын их сургууль нь Хүн эмнэлэг, Зоо мал эмнэлэг, Багш нарын гэсэн 3 факультеттайгаар 1942 онд байгуулагджээ. Хүн эмнэлгийн факультет анхны төгсөлтөө 1947 онд хийж, 14 их эмчийг бэлтгэн төгсгөсөн. Анхны 14 эмчийн 9 нь төрөлх сургуульдаа багшилсан байна.

МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн суурин дээр үндэслэн 20 гаруй тэнхэм, 65 багш, 800 гаруй оюутантайгаар Улсын их сургуулиас туурга тусгаарлан, 1961 онд бие даасан Анагаах ухааны дээд сургууль болсон.

Эмнэлгийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухайн цаг үеийн бодлогоор шинээр элсэгчдийг клиникийн эмнэлэгт асрагчаар, тус сургууль төгсөгчдийг туслах эмчээр буюу субординатораар тус бүр 1 жил ажиллуулж, эмнэлгийн практик үйл ажиллагааны анхны мэдэгдэхүүнийг эзэмшүүлж байсан байна.

БНМАУ-ын Засгийн газраас тогтоосны дагуу өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний шинжлэх ухааны чадавхийг дээшлүүлэн, улс орны ирээдүйн хөгжилд дээд сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх явдал нэн чухал болж байгааг харгалзан их, дээд сургуулиудыг цаашид сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болгох зорилгоор Анагаах ухааны дээд сургуулийг 1991 онд Анагаах ухааны их сургууль, 2003 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болгон өргөжүүлэн зохион байгуулсан.

ЭМШУИС 2013-2014 оны хичээлийн жилд дэвшүүлсэн “Хариуцлага – чанарын хяналт” уриан дор эрдэм шинжилгээ судалгаа боловсруулалтын ажлын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, шинжлэх ухаан–сургалт-үйлдвэрлэл, үйлчилгээний холбоог бэхжүүлж, эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг тавин ажиллаж байна.

Бүтэц[засварлах | кодоор засварлах]

АШУҮИС нь жилдээ Анагаах ухааны сургуульд 366, Уламжлалт анагаахын сургуульд 128, зүү төөнө 30, Нийгмийн эрүүл мэндийн сургуульд 127, Нүүр ам судлалын сургуульд 126, Био анагаахын сургуульд 150, Эм зүйн сургуульд 91, Сувилахуйн сургуульд 760, Дархан 427, Говь-Алтай , Дорноговь хөдөө орон нутаг дахь бусад салбар сургуулиудад, нийт 2173 оюутан элсүүлэн суралцуулдаг.

Анагаах болон Уламжлалт анагаахын сургууль 6 жил, Био-анагаах, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Эм зүйн сургууль 5 жил, бусад салбар сургуулиуд 4-5 жилийн сургалтын хөтөлбөртэй ЮМ

АШУҮИС-ийн тулгын чулуу тавигдсанаас хойш 70 жилийн хугацаанд хүний их эмч 11188, хүүхдийн эмч 1953, уламжлалт анагаахын эмч 628, эрүүл ахуйч 1107, шүдний эмч 1738, эм зүйч 1110, био анагаах судлаач 149, эрүүл мэндийн эдийн засагч 167, эрүүл мэндийн нийгмийн ажилтан 152, эрүүл мэндийн мэдээлэл зүйч 107, спортын анагаахын эмч 46, бүгд 18345 эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэн гаргаж өөрийн орны эрүүл мэндийн салбарыг дээд боловсролтой боловсон хүчнээр хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.

АШУҮИС нь бүрэлдэхүүний 7 сургууль (АУС, Био-АС, НЭМС, МАУОУС, ЭЗС, НАСС, ЭМТС), хөдөө орон нутаг дахь салбар 3 сургууль (Дархан уул, Дорноговь, Говь-Алтай), 2 газар (Сургалтын бодлого зохицуулалтын газар, Санхүү эдийн засгийн газар), 9 алба (Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний алба, Оюутны нэгдсэн алба, Докторантур, магистрантурын алба, Хангамж үйлчилгээний алба, Мэдээлэл технологийн алба, Мэргэжил дээшлүүлэх институт, Гадаад харилцааны алба, Шинжлэх Ухаан технологийн төв, Инноваци технологи дамжуулах алба, Анагаах ухааны төв номын сан), Их сургуулийн нэгдсэн эмнэлэг, сувилал, НАСС-ийн эмнэлэг, “Эрхэс” сувилал, “Баянчандмань” сувилал, Оюутны I, II байр, “Эрхэс” хэвлэх үйлдвэр, Оюутны цайны газар, АШУҮИС-лицей буюу Ерөнхий Боловсролын Сургууль гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

Тус их сургууль нь 2013 онд бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэлдэхүүн долоон сургууль, салбар 3 сургууль нийт 77 тэнхим, 610 багштайгаар ажиллаж байна. Багш нарын 58,75 хувь нь / СС болон салбар сургууль орвол-37,8 хувь/ докторын зэрэгтэй байна. Тус сургуульд одоогийн байдлаар 25 мэргэжлээр 11347 оюутан, 590 резидент эмч, 841 магистрант, 352 докторант, лицейн 277 сурагч, үйлчилгээний ажилтан 300 нийтдээ 15000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамт олон болсон. Мөн жилдээ төрөлжсөн нарийн мэргэжил болон мэргэжил дээшлүүлэх кредит сургалтанд нийт 600 эмч хамрагдан мэргэжил мэдлэгээ дээшлүүлдэг.

Тус сургуульд өнөөгийн байдлаар өөрийн мэдлийн сургалт, эрдэм шинжилгээний эмнэлгийн үйлчилгээний лаборатори, кабинет 165, 200-аад мянган боть ном бүхий номын сан, 1000 гаруй хүний багтаамжтай спортын танхим, 500 хүний суудалтай Оюутны Соёлын Төв, иж бүрдэлтэй 1700 суудалтай хичээлийн төв байр, 600-аад ортой оюутны байр бүхий сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн барилга үйлчилгээ бүхий байгууламж ахуйн хангамжтай ажиллаж байна.

Он цагийн хэлхээс[засварлах | кодоор засварлах]

  • 2019 он Монгол Улсад анхны Их сургуулийн эмнэлэг, оюутны хотхоны цогцолборыг байгуулсан.
  • 2017 он – НЭМС-ийн “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтан” Сувилахуйн сургуулийн “Сувилахуй” мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүд Герман улсын Дюссельдорф хотод байрладаг Олон улсын магадлан итгэмжлэлийн агентлаг ASIIN, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.
  • 2016 он ХБНГУ-ын ASIIN Олон Улсын Магадлан итгэмжлэлийн Холбооноос Анагаахын баг бүрэлдэхүүн ирж  Анагаах Ухааны Сургуулийн Хүний Их Эмчийн  Баклаврын хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн.
  • 2014 он Их сургуулийн нэрийг Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль болгон өөрчилөв. АШУҮИС нь 5 бүрэлдэхүүн сургууль , 3 салбар сургуультай боллоо.
  • 2012 Номхон далайн баруун бүсийн Анагаах ухааны боловсрол олгох нийгэмлэгээс бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийн гадаад үнэлгээг хийсэн
  • 2012 он “Эрхэс” амбулаторийн эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлж “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг” болгон өөрчлөн байгуулав.
  • 2008 он “Эрхэс” эмнэлэг байгуулав.
  • 2003 он  Анагаах Ухааны Их Сургууль нэрийг өөрчлөн  “Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль” болов. өөрчлөв. Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургуулийг байгуулав.
  • 2002 он Нийгмийн эрүүл мэндийн сургууль байгуулав.
  • 2000 он Уламжлалт анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль байгуулав.
  • 1997 он Сувилахуйн сургуулийг  Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуульд нэгтгэв
  • 1991 он Анагаах Ухааны дээд сургууль нэрийг “Монгол Улсын Анагаах Ухааны Их сургууль” болгон өөрчилөв.
  • 1989 он Монгол анагаах ухааны тэнхим байгуулагдсан
  • 1969 он Дархан-Уул аймагт салбар сургууль байгуулагдсан
  • 1967 он Говь-Алтай аймагт салбар сургууль байгуулагдсан
  • 1962 он Дорноговь аймаг дахь салбар сургууль нь Анагаах ухааны судалгааны хүрээлэнг байгуулав
  • 1961 он Анагаах ухааны факультет нь МУИС-ээс салж, ” Анагаах Ухааны Дээд Сургууль”-ийг  эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, эрүүл ахуй, нүүр ам судлал, эм зүйн гэсэн таван салбартайгаар байгуулжээ.
  • 1953 онд Мэс заслын чиглэлээр төгсөлтийн дараах сургалт эхлэв
  • 1942 онд МУИС-ийн салбар Хүн эмнэлгийн факультет байгуулагдсан.

Эрхэм зорилго[засварлах | кодоор засварлах]

Олон улсын болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг, үндэсний тэргүүлэх, Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 их сургуулийн нэг байхад оршино.

Стратегийн зорилтууд[засварлах | кодоор засварлах]

НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ, ТОГТВОРТОЙ ИХ СУРГУУЛЬ


Салбар нэгжүүд[засварлах | кодоор засварлах]

Бүрэлдэхүүн сургууль[засварлах | кодоор засварлах]

Анагаах Ухааны Сургууль

Монгол анагаах ухааны олон улсын сургууль

Нүүр ам судлалын сургууль

Биоанагаахын сургууль

Нийгмийн эрүүл мэндийн сургууль

Эмзүйн сургууль

Сувилахуйн сургууль

Эрдмийн сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа ЕБ ахлах сургууль

Салбар сургууль[засварлах | кодоор засварлах]

Дархан-уул аймаг дахь салбар АУС

Дорноговь аймаг дахь салбар АУС

Говь-Алтай аймаг дахь салбар АУС

Эмнэлэг[засварлах | кодоор засварлах]

АШУҮИС-ийн эмнэлэг (Монгол-Япон сургалтын эмнэлэг)

Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг

Нүүр амны эмнэлэг

Монгол анагаах ухааны эмнэлэг

Эрхэс сувилал

Баянчандмань сувилал

Төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]