Тогтмолын Мөнхсайхан

Тогтмолын Мөнхсайхан

Албан тушаал хашсан
2020 оны 7 сарын 8 – 2021 оны 1 сарын 29
Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
Өмнөх Даваажанцангийн Сарангэрэл
Дараах Сэрээжавын Энхболд

Төрсөн 1983
Монгол улс, Улаанбаатар
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Төгссөн сургууль Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Мэргэжил Анагаах Ухааны Магистр, Хүний Их Эмч

Тогтмолын Мөнхсайхан (1983 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын эмч. 2020 оны 7 сарын 8-нд Монгол Улсын Засгийн гишүүн, эрүүл мэндийн сайдаар томилогдон 2021 оны 1 сарын 29 хүртэл ажилласан.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

  • 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль
  • 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль
  • 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Мөнхсайхан 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байв.

Эрүүл мэндийн сайд[засварлах | кодоор засварлах]

Мөнхсайхан 2020 оны 7 сарын 8-нд У.Хүрэлсүхийн засгийн газрын эрүүл мэндийн сайдын албанд томилогдсон. Түүнийг алба хаших хугацаанд Монгол Улс коронавируст халдварыг дотооддоо алдсан бөгөөд тархалтыг хумих зорилгоор УОК, НОК-оос гаргасан шийдвэрүүдэд ард иргэд шүүмжлэлтэй хандаж, улмаар 2021 оны 1 сарын 19-нд дөнгөж төрсөн эхийг хүүтэй нь хамт тусгаарлахаар авч явахдаа гаргасан алдааны улмаас 1 сарын 20-нд Сүхбаатарын талбайд тайван жагсаал болж, УОК-ыг хариуцлага хүлээхийг шаардав. Энэ өдрийн орой Мөнхсайхан болон шадар сайд бөгөөд УОК-ын дарга Содбаатар нар хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн ч дараагийн өдөр нь эрүүл мэндийн салбарынхан сайдыгаа огцруулахгүй хэмээн жагсаав. Гэсэн хэдий ч Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх танхимаараа огцрох шийдвэр гаргаснаар, 1 сарын 29-нд шинээр эмхлэгдсэн засгийн газарт Мөнхсайхан багтаагүй.

Мөнхсайхан сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн гэх мэт олон нийт болон салбарынхаа талархлыг хүлээсэн шийдвэрүүдийг гаргаж байв.