Jump to content

Анвар Садат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анвар Садат

Мухаммед Анвар ас-Садат (араб. محمد أنور السادات‎; 1918 оны 12-р сарын 25-нд төрж, 1981 оны 10-р сарын 6-нд нас барсан) — Египетийн төрийн болон цэргийн зүтгэлтэн. 1970—1981 онд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж, 1973 онд маршал цол хүртсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Анвар ас-Садат 1918 оны 12-р сарын 25-нд Каираас хойд зүгт орших Мит Абул Ком жижиг хотод судан гаралтай өнөр гэр бүлд төржээ. Тэрбээр цэргийн эмнэлэгт бичээчээр ажиллаж байсан эцэг Мухаммед ас-Садат болон эх Ситт эль-Баррайн нарын арван гурван хүүхдийн нэг байв. Түүний хамаатан садан бүгд хатуу лалын шашинтнууд байсан. Анвар Садат багадаа шашны бага сургуульд сурч, Коран судрыг судалжээ. 1925 онд гэр бүл нь Каир хотын зах руу нүүж, Садат тэнд дунд боловсрол эзэмшсэн байна.

1938 онд Садат цэргийн сургуулийг дэслэгч цолтой төгсөв. 1940 онд тэрбээр Египетийн хэсэг офицеруудын байгуулсан "Исаба" нууц нийгэмлэгт элсэн оржээ.

Дэлхийн 2-р дайны үед Садат нацист Герман, Фашист Италийн нууц ажилтнуудтай хамтран ажиллаж, тус улсыг Британийн дарлалаас чөлөөлөхийг эрмэлзэж байжээ. Садатыг британичууд удаа дараа баривчилж, "Абвер"-тэй хамтран ажилласан хэмээн буруутгаж байжээ. 1942 оны 10-р сард шүүхээс ял авсан Садат цэргээс халагдаж шоронд явав. Хоёр жилийн дараа тэрбээр өлсгөлөн зарлаж, бие нь муудсан түүнийг шоронгийн эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд тэндээсээ зугтаж чадсан байна. Садат сахал ургуулж, нэг жил орчим нуугдаж байхдаа гадаад төрх, хаяг, ажлаа байнга сольдог байсан юм. 1946-1949 онд тэрбээр дахин шоронд сууж байсан. Суллагдсаныхаа дараа сэтгүүлч болоод дараа нь 1950 оноос хойш цэргийн албанд буцаж орсон байна.

1952 оны төрийн эргэлтийн дараа тэрбээр Бүгд Найрамдах Египет улсад, 1958 оноос хойш Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Египет Улс (АНБНЕУ) болоход янз бүрийн төрийн албан тушаал хашиж байв. 1960-1961, 1964-1968 онд - АНБНЕУ-ын Үндэсний Ассамблейн дарга; Үүний зэрэгцээ 1960-1961 онд тэрээр АНБНЕУ-ын Сирийн бүсийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 1964 онд - дэд ерөнхийлөгч нарын нэг, 1969 оноос хойш - АНБНЕУ-ын цорын ганц дэд ерөнхийлөгч. 1970 онд Гамаль Абдель Нассерыг нас барсны дараа тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Израилтай үргэлжилж буй сөргөлдөөнд Зөвлөлт Холбоот Улс Египетэд хангалттай тусламж үзүүлэхгүй байна гэж үзээд АНУ-аас илүү хүчирхэг холбоотон байхгүй гээд Садат АНУ-тай ойртож эхлэв. Үүний зэрэгцээ Египет ЗСБНХУ-ын цэргийн тусламжаас татгалзаж, 1972 онд Зөвлөлтийн цэргийн зөвлөхүүдийг хөөн гаргажээ.

1973 онд олон улсаас тусгаарлагдсан уур амьсгалд Садат Израилын эсрэг дайн эхлүүлэв. Түүний цэргийн үйл ажиллагаа нь амжилтгүй болж АНУ-тай ойртож, Израилтай энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд хүргэв.

1981 оны намар Исламын шашны хэт үзэлтэй Аль-Гамаа аль-Исламия болон Египетийн Исламын Жихад нарын террорист бүлэглэлүүд нэгдэж Израилтай ойртсоных нь төлөө өшөөгөө авахаар Садатын амийг хөнөөх ажиллагааг зохион байгуулсан юм. 1981 оны 10-р сарын 6-ны өдөр 1973 оны Араб-Израилын дайны ойд зориулсан Каир хотод болсон цэргийн ёслолын жагсаалын үеэр 11:40 цагийн орчимд дэслэгч Халед аль-Исламбули тэргүүтэй хуйвалдааны бүлэг жагсаалд оролцож буй цэргийн ачааны машинаас үсрэн бууж ирээд индэр рүү гранат шидсэн байна. Засгийн газрын индэр рүү дахин таван шүхэрчин пулемётоор гал нээжээ. Үхлийн шарх авсан Садат эмнэлэгт хүргэгдэж, нас баржээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийг оролцуулаад 12 хүн амь үрэгдэж, 31 хүн янз бүрийн зэрэгтэй шархадсан (жишээлбэл, Дэд Ерөнхийлөгч Хосни Мубарак зүүн гарынхаа тохойнд шархадсан). Халед аль-Исламбули болон бусад аллага үйлдэх оролдлогод оролцогчдыг 1982 оны 4-р сард буруутгаж, цаазалсан байна.