Анжэй Вайда
Анжэй Витольд Вайда (; 1926 оны 3 дугаар сарын 6-нд Польшийн зүүн умардад орших Сувалки хотод төрж 2016 оны 10 дугаар сарын 9-нд Варшав хотод нас барсан) нь Польшийн театр болон киноны алдарт найруулагч. Европын киноны сонгодог найрулагч гэж үздэг.
Түүний эцэг Якуб Вайда морин цэргийн артиллерын офицер байсан бөгөөд 1939 онд Зөвлөлтийн цэрэгт олзлогдож Старобельскийн лагерьт хоригдож байгаад 1940 онд Харьковын ойролцоо буудуулж алуулсан. Анжэйгийн эх Анеля нь сургуулийн багш байжээ.
Польш Германд эзлэгдэх үед тэрбээр дунд сургуулийн 7 дугаар ангиа төгссөн байна. Дайны үед зураач, ачигч, модон сав суулганы мастерын туслах зэргийг хийж байсан тул Гуравдугаар Рейх руу ажилд явуулаагүй ажээ.
Польшийн Крайёова Армийн дарга нарт тангараг өргөсөн боловч байлдааны үйл ажиллагаанд оролцоогүй байна.
Дайны дараа Краков хотын Урлагийн Академид суралцаж байсан боловч төгсөлгүй, Үж хотын киноны сургуулийн найруулагчийн ангид элсэн орсон байна.
1954 онд тэрээр кино-сургуулиа төгсөөд анх «Pokolenie» /Нэгэн үе/ кино хийжээ. Уг кино Польшийн кино урлагийн чиглэлийн "сургуулийн" эхлэл болжээ. Дайны тухай түүний гурвалсан кино бол "Kanał" /Суваг/ (1957), "Үнс ба алмаз" (1958) гэж үздэг.
А.Вайдагийн 1970-1980-аад оны "Гантигаар хийсэн хүн", "Төмрөөр хийсэн хүн", "Дантон", "Мэдээ алдуулах тариагүй" зэрэг кино уран бүтээлүүд зөвхөн Польшид биш дэлхийд нийгэм, улс төрийн шуугиан тарьсан юм. Тэрээр уран бүтээлээрээ Зүүн Европын орнууд дотроос анх Сталинизмыг хурцаар шүүмжилж эхэлсэн юм.
1950-аад оны сүүлчээс зөвхөн кино хийгээд зогсохгүй сонгодог «Гамлет», «Гэм зэм» зэргийг театрын тайзнаа хэдэн янзаар тавьжээ.
А.Вайдагийн "буянаар" Польшийн Збигнев Цибульски, Даниэль Ольбрыхский, Ежи Радзивилович, Войцех Пшоняк, Беата Тышкевич болон Богуслав Линда, Збигнев Замаховски, Збигнев Запасевич, Ольгерд Лукашевич, Анжэй Северин, Ежи Штур, Кристина Янда нар түүний кинонд тоглож алдар цуутай жүжигчид болсон юм.
Тэрээр Польшийн кино урлагийн Холбооны дарга (1977—1982), Польшийн Сеймийн /парламент/ сенаторч (1989—1990), Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёлын зөвлөлийн дарга (1992—1994) байсан.
2000 оноос хойш өөрийн нэрэмжит Варшав хотын кино сургуулийг удирдаж байсан. Вайда коммунизын эсрэг хатуу байр суурьтай байсан бөгөөд ЗХУ-ын эсрэг үзэлтэн байснаа нуудагүй байжээ. "Катынь" кино бол Зөвлөлт засаг, түүний төлөөлөл болсон Сталины эсрэг болохоос биш зөвлөлтийн ард түмний эсрэг биш юм гэж тэр хэлж байжээ.
Анжэй Вайда өвчин тусаад удалгүй 90 насандаа 2016 оны 10 дугаар сарын 6-нд Варшав хотод нас баржээ. Түүний чандрыг 10 хоногийн дараа өөрийнх нь захиасын дагуу эхийнх нь дэргэд Краков хотын Сальватор оршуулгын газар оршуулахад Польшийн Ерөнхийлөгч асан Александр Квасньевски, Бронислав Коморовски болон Ерөнхийлөгч Анжэй Дуда нар болон Польшийн тэргүүний сэхээтнүүд, алдартнууд, жирийн иргэд олон мянгаараа ирж хүндэтгэл үзүүлсэн байна.
Бүтээсэн кинонууд
[засварлах | кодоор засварлах]- 1954 — Нэгэн үе / Pokolenie
- 1957 — Суваг / Kanał
- 1958 — Үнс ба алмаз / Popiół i diament
- 1959 — Лотна / Lotna
- 1960 — Гэмгүй элбэчид / Niewinni czarodzieje
- 1961 — Самсон / Samson
- 1961 — Сибирийн хатагтай Макбет / Sibirska Ledi Magbet
- 1962 — Хорин настнуудын дурлал / Miłość dwudziestolatków
- 1965 — Үнс / Popioły
- 1967 — Диваажингийн хаалга / Gates to Paradise
- 1968 — Бүгдийг зарна / Wszystko na sprzedaż
- 1968 — Үеэлсэн бялуу / Przekładaniec
- 1969 — Ялаатай зарласан дайн / Polowanie na muchy
- 1970 — Тулааны дараах дүрс / Krajobraz po bitwie
- 1970 — Хус мод / Brzezina
- 1971 — Пилат ба бусад / Pilatus und andere
- 1972 — Хурим / Wesele
- 1974 — Амласан газар / Ziemia obiecana
- 1976 — Сүүдрийн зурвас / The Shadow Line
- 1976 — Гантигаар хийсэн хүн / Człowiek z marmuru
- 1978 — Мэдээ алдуулах тариагүй / Bez znieczulenia
- 1979 — Вилькогийн хатагтай нар / Panny z Wilka
- 1979 — Хөгжмийн удирдагч / Dyrygent
- 1981 — Төмрөөр хийсэн хүн / Człowiek z żelaza
- 1982 — Дантон / Danton
- 1983 — Германд болсон нэгэн хайр / Eine Liebe in Deutschland
- 1986 — Хайрын үйл явдлууд / Kronika wypadków miłosnych
- 1988 — Чөтгөрүүд/ Les Possédés
- 1990 — Корчак / Korczak
- 1992 — Бүргэдэн шигтгээтэй бөгж / Pierścionek z orłem w koronie
- 1994 — Настасья / Nastasja
- 1995 — Ариун долоо хоног / Wielki tydzień
- 1996 — Хэн ч биш охин / Panna Nikt
- 1999 — Пан Тадеуш / Pan Tadeusz
- 2000 —Франтишек Клост оноосон ял / Wyrok na Franciszka Kłosa
- 2002 — Өшөө авалт / Zemsta
- 2007 — Катынь / Katyń
- 2009 — Аир гол /Tatarak
- 2013 — Вавенса / Wałęsa. Człowiek z nadziei
- 2016 — Зургийн дараах дүр / Powidoki" - сүүлчийн кино нь байсан бөгөөд нас барснаас нь хойш гарсан.