Артек (олон улсын хүүхдийн зуслан)
Артек бол Крымын хойгт, Аюу-Дагийн ойролцоо байрлах Гурзуф хотод Хар тэнгис дэх олон улсын хүүхдийн зуслан буюу төв (хуучин нэршил: Залуу пионерийн зуслан) юм. Энэ нь 1925 оны 6 сарын 16-нд байгуулагдсан.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Артек зуслан анх 80 гаруй хүүхэд хүлээн авч байсан бөгөөд дараа нь хурдацтай хөгжиж эхэлсэн юм.
1969 онд Артек олон улсын хүүхдийн зуслан нь 3.2 км² (790 акр) талбайтай байв. Зуслан нь гурван эмнэлгийн байгууллага, сургууль, Артекфильм кино студи, гурван усан сан, 7000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, бусад төрөл бүрийн тоглоомын талбай зэрэг 150 барилга байгууламжаас бүрдэж байв. Ихэнх залуу пионерийн зуслангаас ялгаатай нь Артек нь бүтэн жилийн зуслан байсан. Монгол улсын Найрамдал хүүхдийн зуслантай адилхан үйл ажиллагаатай.
Артек нь оршин тогтнох хугацаандаа Зөвлөлтийн хүүхдүүд төдийгүй бусад коммунист орнуудын хүүхдүүдийг амраадаг байв. Хөгжил цэцэглэлтийн үеэр Артек зусланд жилд 27,000 хүүхэд амардаг байв.
1925-1969 оны хооронд тус олон улсын хүүхдийн зусланд 300,000 хүүхэд, түүний дотор гадаадын 70 гаруй орны 13,000 гаруй хүүхэд байсан түүхтэй.
1926 онд Сергей Маргот Артек олон улсын хүүхдийн зуслангийн захирал болов. Энэ жил анхны гадаад зочид зүүн Германаас ирж байжээ. Хоёр жилийн дараагаас эргийн дагуу нимгэн ханатай хүүхдийн байшингууд баригдсан байна.
1930-аад онд анхны өвлийн байшин баригдсанаар Артек жилийн дөрвөн улиралд ажиллах болжээ.
1937 онд Испанийн иргэний дайнд өртсөн хүүхдүүдийг амрааж байв.
1966 онд гадаад улсуудаас 810 пионер амарсны 148 нь БНМАУ-ын Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерын байгууллагын гишүүд байжээ. Мөн манай төр засгийн удирдагч Ю.Цэдэнбал 1959 болон 1962 онуудад айлчилж байсныг тэмдэглэн үлдээсэн байна.
Артек олон улсын пионер сурагчдын зуслан байгуулагдсан цагаасаа ЗХУ задрах хүртэл Зөвлөлтийн болон бусад социалист улсууд мөн зарим барууны орнуудын хүүхдүүдийг ч хүлээж авдаг байлаа.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Артек нь арван дэд зуслангаас бүрдэх бөгөөд тус бүрдээ Морской, Лазурный, Кипарисный гэх мэт нэртэй бөгөөд өөрийн гэсэн онцлог төрхтэй байжээ. Эдгээрийн дөрөв нь буюу Речно, Озерный, Лесной, Полевой байрлах Прибрежный цогцолборыг 1960-1964 онуудад барьжээ. Энэхүү цогцолборыг зохион бүтээсэн Анатоли Полянский ахлагчтай баг 1967 онд ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн байдаг.
Орчин үед
[засварлах | кодоор засварлах]2017 онд 4.5 мянган хүний багтаамжтай, 3.9 мянган м.кв талбай бүхий "Артек-Арена" поп, концертын цогцолборыг барьсан.
2021 онд 1000 хүүхдэд зориулсан Солнечный бааз, 2000 хүний багтаамжтай боловсролын төв, 1000 хүнд зориулсан цайны газар зэргийг барьж байгуулжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]“Артек” зуслан Олон улсын туршлагаа хуваалцана
Өнгөрсөн цагт хүүхэд бүрийн мөрөөдөл байсан "Артек" зуслангийн амрагчдын ховор зургууд