Монголын Пионерын Байгууллага
Д. Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерын Байгууллага (Албан ёсны нэр Монголын Пионерийн Байгууллага нь зөв бичгийн дүрмийн алдаатай) нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсад байсан сурагч залуусын холбооны нэр юм. Пионер гэдэг үг нь аливааг анхлан нээгч, шинийг сэдэгч гэсэн утгатай үг юм. Тиймээс эрдэм номд шамдан суралцаж,ирээдүйд ажилчин, малчин, багш, инженер, эрдэмтэн болж эх орондоо социализм, коммунизмыг гардан байгуулах монголын багачуудын холбоог пионерын байгууллага гэж нэрлэжээ.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]1925 оны Тавдугаар сарын 8-нд Бүх Монголын залуучууд эвлэлдэн нэгдэх, хойчийг залгамжлагч Пионер хэмээх багачуудын холбоо байгуулагдсанаар Монгол улсын хүүхдийн байгууллагын шинэ цагийн түүх бичигджээ. Монголын Пионерын байгууллага үүсч хөгжсөн түүх нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлтэй салшгүй холбоотой.
1926 онд "Залгамжлагч" сэтгүүл хэвлэгдэж эхэлсэн нь хот хөдөөгийн пионерын ажлын байдал, ЗХУ болон гадаадын пионерын амьдрал, тэмцэл, тэрчлэн пионерын байгууллагын дүрэм заавартай танилцуулах боломжийг нээжээ. Мөн онд пионерын удирдагч нарыг бэлтгэх түр сургууль байгуулж 7-10 насны сурагчдыг "Баатарчууд " гэж нэрлэж, тэдний дунд ариун цэвэрч, нягт нямбай байдал эзэмшүүлэх, шинэ дуу заах, биеийн тамирын хичээл сургуулилалт хийлгэх зэрэг ажлыг эвлэл, пионерын байгууллага удирдан явуулах болсон байна.
Пионерын байгууллага нь феодал, ноёдыг эсэргүүцсэн "пионер, сурагчдын жагсаал " зохиож, бүрээ бөмбөрөө нижигнүүлэн, туг далбаа барьж хувьсгалт уриа лоозон цуурайтуулан явах, сургуульд элсээгүй ядуу ардын хөвгүүд охидод эрдэм соёлын ач тусыг танин мэдүүлэх зэрэг олон хэлбэрийн ажил зохиож байжээ.
1930-аад оноос улс даяар соёлын довтолгоон эхлэхэд "Бичиг үсэгт сургах пионерын аян" өрнөж "ном унших гэр" бичиг үсэгт сургах бүлгэм, дугуйлан түр сургуульд залуучууд, пионер, сурагчид багшаар ажиллаж эхэлжээ.
1930-1931 оны хичээлийн жилд "Бичиг үсэгт сургах аян"-д эвлэлийн арван мянга шахам, пионерын хоёр мянгаад гишүүн ажиллаж байв. 1930-аад оны үеэс багачуудыг пионерт хүндэтгэлтэй элсүүлэх болж, баяр ёслол, тэмдэглэлт өдрийг ёслон өнгөрүүлэх, тоглоом, дуу бүжиг, хөгжим сургах, экскурс, биеийн тамирын уралдаан тэмцээн зохиохын зэрэгцээ жимс, мөөг, цай, эмийн ургамал, хаягдал ноос түүх, төмөр цуглуулах зэрэг ажилд пионер сурагчид идэвхтэй оролцож байв.
1939 онд Монголын өсвөрийн пионерын шинэ тангараг зохиогдож, түүнд "Пионер би фашистын түрэмгийлэгчдийг үнэн голоосоо занан үзэх бөгөөд эх орноо хамгаалах их хэрэгт өөрийн биеийг цуцалтгүйгээр бэлтгэн байхыг бидний энх жаргалын төлөө амиа өгсөн баатар тэмцэгчдийн нэрээр тангараглана. Тэдний цус пионер миний галстук, манай улаан туг дээр дүрэлзэн байгааг бид мөнхөд санан дурсана" гэж пионерууд гар өргөн андгайлдаг байв.
Уриа
[засварлах | кодоор засварлах]"Монгол Ардын Хувьсгалт намын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байгтун!"
Тангараг
[засварлах | кодоор засварлах]...овогтой...би Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерын Байгууллагын эгнээнд багтан орж, Монгол Ардын Хувьсгалт Намын үйл хэрэгт үнэнч байж, социализмын бүрэн төгс ялалтын төлөө мятрашгүй тэмцэж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын пионерын чин эрмэлзлийг ямагт биелүүлэхээ өөрийн нөхдийн өмнө баясгалантайгаар тангараглаж байна!
Чин эрмэлзэл
[засварлах | кодоор засварлах]Энэ нь пионер сурагч болгоны ажил хөдөлмөр, хичээл сурлага, хүмүүжилдээ ёсчлон дагаж мөрдөх хууль бөгөөд пионерын билэг тэмдэг багтана.
Бэлгэ тэмдэг, онцлог
[засварлах | кодоор засварлах]Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын Пионерын Байгууллагын бэлгэ тэмдэгт "Пионер" гэдэг нэр, уриа, дуудлага, тангараг, чин эрмэлзэл, туг, бүлгийн дарцаг, ёсолгоо, улаан бүч, тэмдэг, пионерын хамт олны нэрэмжит цол зэрэг багтана.
Туг, улаан бүч, дарцаг
[засварлах | кодоор засварлах]Пионерын байгууллагын туг, улаан бүч, тэмдэг, бүлгийн дарцаг зэрэг зарим бэлгэ тэмдэг нь пионерын онцлогийг нэгэн адил төлөөлнө. Пионерын онцлогт бүрээ, бөмбөр, пионерын байгууллагын шагнал, ёслолын дүрэмт хувцас, идэвхтний ялгах тэмдэг, улс, аймаг, хотын чанартай пионерын арга хэмжээний дурсгалын тэмдэг орно. Пионерын бэлгэ тэмдэг, онцлог нь пионерын ажил үйлсийн хувьсгалт бадрангуй шинж чанар, МАХН-ын үйл хэргийн төлөө хэзээд бэлхэн байх үзэл санаа агуулдаг.
Пионерын дуу
[засварлах | кодоор засварлах]Бүхий олон багачуудаа
Бүрхсэн улаан цэцэрлэгтээ
Бүрийн шинээр үүссэн
Бүжиг наадмаар наадацгаая, бэлхэн ээ!
Ариун улаан цусандаа
Ардынхаа хувьсгалыг шингээж
Ариун уураг тархиндаа
Ардын боловсролыг хөгжүүлье, бэлхэн ээ!
Шинэхэн улаан бүчийг
Салхины зүгтээ хийсгэнэ
Шинэхэн өсвөрийн багачуудаа
Сэтгэлийн үзүүрийг хөдөлгөнө, бэлхэн ээ!
Баг алаг бөмбөр нь
Пар пар дугарахын хамтаар
Багачууд хүүхэд бүгдээрээ
Баяр цэнгэлийг хөдөлгөнө, бэлхэн ээ!
Арьсан бөмбөгийг бөмбөрүүлээд
Асар тоглохын хамтаар
Алсын их улирлыг
Авцгаах багачууд мөнөө бид, бэлхэн ээ!
Бэлтгэн нэгдэж жагссан
Багачууд, хүүхэд бүгдээрээ
Биелсэн эрдэмд боловсоч
Баатар хувьсгалыг залгамжилъя бэлхэн ээ!
Олгодог шагналууд
[засварлах | кодоор засварлах]- Хүндэт тэмдэг
- Пионерийн тэргүүний удирдагч
- МПБ Сайн үйлс бүтээсний төлөө
- МПБ Пионер сурагчдын урлагийн үзлэг
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]Монголын пионерын байгууллага нь Д.Сүхбаатарын нэрэмжит одонгоор хоёр удаа шагнагдсан юм.