Jump to content

Бамияны бурхан багш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бамиян хөндийн археологийн олдвор ба соёлын дурсгал*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Бамияны хос бурхан багшийн нэг
Улс  Афганистан
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv, v
Дугаар 208
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 2003  (27-р чуулган)
Мөхөх аюултай 2003-
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Бамияны Бурхан багшууд (Англи: Buddhas of Bamyan; Перс хэл:بت های باميان - but hay-e bamiyaan) нь Афганистаны нийслэл Кабулаас баруун хойш 230 км (143 миль) зайд, далайн түвшнээс дээш 2500 метрт оршдог бөгөөд Афганистаны төв муж Хазаражат дахь Бамиян хөндийд орших хадан цохиог ухаж, суумал дүртэй хоёр Буддаг дүрсэлсэн соёлын үнэт өв юм. Үндсэн их биеийг нь элсэрхэг чулуулгаас тогтсон хадыг засварлах замаар хийж, нарийн засваруудыг нь сүрэл хольж зуурсан шавраар, хувцас хэрэглэлийг нь шохойгоор бүтээжээ. Шохойгоор хийсэн хувцас хэрэглэл, бурхны нүүр, гарыг тодруулсан будалтууд, хувцасны нугалрааны хэсгүүдийн будалтууд он цагийн эрхэнд элэгдэн үгүй болсон байна. Хоёр Буддагийн томыг нь бүхэлд нь хүрэн улаан өнгөөр, жижгийг нь олон өнгө хоршуулан будсан байдаг байв. Хөшөөнүүдийн багахан хэсгүүдэд шавар сүрлээс гадна модон араг яс зангидсан байдаг. Бурхан багшуудын нүүрний дээд хэсэгт аварга том модон эсвэл шохойн баг байсан гэж үздэг.

Алдарт торгоны замаар аялах Хятадын худалдаачдын тэмээн жингийн цуваа Бамиян хөндийгөөр дайран өнгөрч баруун Азид хүрдэг байв. МЭ XI зууны үед Бамияны хөндий Гандхарын хаант улсын нэгэн хэсэг болов. Үүнээс хойш энэ нутагт Буддистуудын сүм хийд, шашны төвүүд сүндэрлэн босч, Энэтхэгийн шашин, философи, урлагийн нөлөө хүчтэй болсон байна. Бамияны хөндийд өмнө нь бүр II зууны үед анх Буддын шашин дэлгэрсэн ч IX зууны үед Исламын байлдан дагуулагчдын өмнө сөхөрсөн байв. Бурхны шашны лам нар аглаг ууланд даяан хийж, Бамияны хадан цохионы жижиг агуйнуудад бясалгах нь элбэг болжээ. Олон олон даяанч лам нар өөрсдийн сууж байсан агуйнуудыг шашны эд зүйлсээр, баримал бурхдаар чимэглэн агуйн ханыг тод өнгийн зургуудаар гоёдог байв.


Эдгээрийн дотроос хамгийн алдартай нь аварга том бурхан багшийн баримлууд буюу Вайрочана, Шагжамуни нар юм. Вайрочана нь 55 метр өндөртэй бол Шагжамуни нь 37 метр өндөртэй. Эдгээр баримлууд нь ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгдсэн ч магадгүй үүнээс гадна маш олон гайхалтай соёлын дурсгал оршин байсан нь гарцаагүй юм. Энэтхэгийн соёл иргэншлийн бахдам уран тансаг архитектурууд хамгаалалтанд авагдахаасаа өмнө Исламийн бурангуй вандализмд өртөн үгүй болжээ.


Өнөөдрийн байдлаар үлдээд байгаа хос баримлын арай жижгийг нь МЭ 507 онд, томыг нь МЭ 554 онд бүтээжээ. Эдгээр бурхан багшуудыг Кушанууд байгуулсан гэж үздэг бөгөөд уг цаг хугацааг Кушаны эзэнт улсын оргил үе гэж үздэг билээ. 630 оны орчимд Бамиянд хүрэлцэн ирсэн хятадын мөргөлч, бадарчин Чуанзаны тэмдэглэлд цэцэглэн хөгжиж байгаа буддын шашны төвийн тухай тэмдэглэсэн байдаг. Түүний тэмдэглэлд уг Бурхан багшийн орчимд 10 гаруй сүм хийд, 1000 гаруй лам хуврагууд амьдардаг байсан тухай гардаг. Түүний тэмдэглэлд мөн хэвтэж буй аварга Буддагийн баримал байсан тухай гардаг. Мөн бүх буддагийн нүүрий алт, үнэт эрдэнэсээр чимэглэсэн байдаг байжээ.

сйүтгэгдсэн Буддагийн хөшөөний үлдэц. 2005 оны наймдугаар сард.

XI зууны Газнигийн Махмуд Афганистан болон баруун Энэтхэг рүү довтлох үедээ Буддын сүмүүдийг тонон дээрэмдэж, бурхдын хөшөөний чимэглэлүүдийг эвдлэн сүйтгэж байсан бол Надер шах хөшөөнүүд рүү их буугаар галлах тушаал өгч байв. Харин үүнээс хойш хэн нэгэн нь бурхан багшийн баримлуудад гар хүрээгүй байна.


1999 оны долдугаар сард засгийн эрхийг авсан Мулла Мохаммед Омар Бамияны Буддын хөшөөг хамгаалалтанд авах тухай зарлиг гаргасан боловч Афганы радикал Лалын шашинтнууд “Ислам бус” ямар ч эд зүйлийг Афганы нийгэмд байлгахын эсрэг байв. Талибанчууд Исламын хуулинд харш зураг, дуу хөгжим, спорт тэр ч бүү хэл телевизийг хааж байв.


Олон улсын байгууллагууд болон Лалын шашинт улсуудын холбооны удаа дараагийн хүчин чармайлт талаар болж, 2001 оны гуравдугаар сард агаарын их буу, танк эсэргүүцэгч болон төрөл бүрийн тэсрэх бодис ашиглан бурхдын хөргийг эвдлэн сүйтгэжээ. Буддагийн нүүрний хэсэг рүү онцгойлон халдаж, танкаар буудан эвдэн сүйтгэжээ.


2001 оны гуравдугаар сарын 6-нд Мулла Мохаммед Омар “Муслимууд энэхүү бэлэгдлүүд сүйрэн унаж байгаад баяртай байгаа билээ. Бид түүнийг устгаснаар бурхны хайр хишгийг хүртэх болно ...” хэмээсэн байдаг. Ийнхүү 1500 жилийн настай соёлын хосгүй үнэт дурсгалд бүр мөсөн алга болох аюул тулгарсан байна.

Талибаны дэглэм нуран унасны дараа Японы засгийн газар болон олон улсын байгууллагуудын тусламжтай сэргээн засварлах ажил хийгдэж эхэлжээ.

 Commons: Buddhas of Bamyan – Викимедиа дуу дүрсний сан