Баянбаатарын Очирбат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Баянбаатарын Очирбат (1919-2015) нь Монголын дипломатч, төрийн зүтгэлтэн.

Намтар[засварлах | edit source]

Тэрээр 1919 оны 2 дугаар сарын 7-нд өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт малчин эцэг Дамдин, эх Дашдулам нарын гурав дахь хүү болж төрсөн (Том ах Д.Нацаг, ах Д.Ням). Эх Дашдулам төрүүлээд нас барсан тул амьдралын эрхээр 1924 онд 5 настайдаа нутгийн ард Баянбаатарынд үрчлэгджээ.

Улмаар 1928 онд Баянбаатарынх Улаанбаатар хотод нүүж ирэхэд Б.Очирбат үлгэр жишээ бага, дунд сургуулиудад суралцаж байгаад 15 насандаа буюу 1935 онд хэвлэх үйлдвэрт үсэг өрөгч, үсэг хянагч, засагчийн ажил хийсэн.

1938-1950 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв хорооны илгээлт, Намын Төв хорооны шийдвэрээр Дотоод яаманд сурах ажилтан, жинхэнэ туслах төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга, орлогч сайд хүртэл ажилсан. Энэ үед Монгол Улсын Гадаад тагнуулын албыг үүсгэн байгуулахад гар бие оролцсон хүний нэг ажээ.

1950 оны 10 дугаар сард МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн даргаар томилогдон ажилласан.

1953 оны 6 дугаар сард Их Хурлын тэргүүлэгчдийн зарилгаар БНМАУ-аас БНХАУ-д суух хоёр дахь Элчин сайдаар томилогдон БНХАУ-ын дарга Мао Зэдунд итгэмжлэх жуух бичгээ барьж ажиллаж байжээ. Энэ хугацаандаа Бүгд найрамдах Вьетнам Улсын Ерөнхийлөгч Хо Ши Минд мөн Итгэмжлэх жуух бичиг гардуулж БНМАУ-аас БНВУ-д суух анхны Элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан.

Мөн энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улстай дипломат харилцаа тогтооход гар бие оролцож мөн улсад суух анхны Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон хавсран ажиллаж байсан. Монгол Энэтхэгийн харилцааны суурийг тавьж, улмаар Монгол Улсыг НҮБ-д элсэхэд Энэтхэгийн дэмжлэгийг авахад гар бие оролцож ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

1957 онд эх орондоо ирээд Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж байгаад 1958-1960 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад, 1960-1962 онд Гвиней Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажилласан.

1962-1974 онд Хэвлэлийн хэрэг эрхлэх хороонд хангамжийн баазын дарга, Аж үйлдвэрийн материал техник хангамжийн Ерөнхий газрын орлогч дарга, 1974 оноос Материал техникийн улсын хорооны газрын харуул хамгаалалтын албаны даргын үүрэг гүйцэтгэж байгаад 1986 онд өндөр насны тэтгэвэртээ суусан.

Эх орны чөлөөлөх дайнд өөрийн биеэр оролцож Өвөр Монголын нутгаар дамжин Жанчхүүгийн даваа хүрч байсан ахмад дайчин байсан юм.

2015 онд нас барсан.

Шагнал, цол, сонгуульт ажил[засварлах | edit source]

БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 12, 13 дугаар Их хурлаас Төв хорооны гишүүнээр сонгогдож байсан бөгөөд “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” дипломатын дээд цолтой.

Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж тусгаар тогтнолыг бүрдүүлж гадаад харилцааг хөгжүүлэхэд 52 жил тасралтгүй идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг Монгол Улсын Төр, засгаас өндрөөр үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтан гадас одон, байлдааны гавьяаны медалиар хоёр удаа шагнасан. Б.Очирбат мөн ЗХУ-ын Улаан таван хошуу одон /Красная звезда/, ойн медалиудаар шагнагдаж байжээ.