Баяр Түрэмгий баатар
Баяр Түрэмгий баатар | |
---|---|
Тогтох гүн ба Борхонуудын Баяр[1] | |
Бүтэн нэр | Борхонуудын Баяр |
Төрсөн газар | Чин улс, Цахар найман хошууны Шулуун хөх хошуу |
Нас барсан газар | Олноо Өргөгдсөн Монгол Улс, Алтанбулаг |
Ажиллагаа/салбар | Морин цэрэг |
Тулалдаанууд/дайнууд | Таван замын байлдаан Улаан хадны байлдаан Хиагтыг эзлэхээр Азийн морин дивизийн тулалдаан болон бусад тулалдаанууд Ардын хувьсгал |
Борхонуудын Баяр Түрэмгий баатар нь Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Баяр 1907 оноос Өвөр монголын Жиримийн чуулганы тайж Тогтохын удирдсан үндэсний эрх чөлөөний төлөө зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцож, 1906-1910 оны хооронд Жирэмийн чуулганы Горлос, Дархан, Түшээт, Засагт, Жалайд болон Шилийн голын чуулганы зүүн Үзэмчин, Баарин хошуудын нутагт Чин улсын их цэрэгтэй явуулсан 100 гаруй удаагийн тулалдааныг Тогтохын хамт удирджээ. Гэвч тэд олон жилийн тэмцэл тулалдааны явцад ихээхэн хохирол үзэж, 1910 оны хавар Халхын Сэцэн хан аймгийн нутгаар дамжин Орост дүрвэн гарав.
Баяр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн мэдээг аваад 1912 оны зун Нийслэл Хүрээнд ирж, Монголын төрд хүчин зүтгэхээ мэдэгдэв.
Тусгаар тогтнолын төлөөх түүний тэмцэл
[засварлах | кодоор засварлах]Богд хааны зарлигаар 1912 оны намар Баярыг харьяат цэргийнх нь хамт баруун хязгаарт илгээж, Баруун хязгаарыг тохинуулах хэргийг хавсран туслах түшмэлийн албанд томилжээ. Тайж Баярын удирдсан цэрэг 1913 оны 7 дугаар сарын 8, 10, 20, 30-ны өдрүүдэд Цагаан Түнгэд байсан хятад цэрэгтэй байлдаж, Монгол улсын нутагт цөмрөн орох хэмээсэн хятад цэрэгт цохилт өгөв. Тайж Баярын гавьяаг үнэлж Богд хааны зарлигаар 1913 онд гүнгийн зэрэг, 1914 онд Түрэмгий баатар цолоор тус тус шагнажээ.
Хиагтын гэрээний дараа Баяр Нийслэл Хүрээнээ үлдэж, Монголын төрд хүчин зүтгэхээр шийдвэрлэжээ. Түрэмгий баатар Баяр 1916 онд Өмнө хязгаарт, 1917 онд Зүүн хязгаарт тус тус томилогдон хил хязгаарыг сэргийлэн тохинуулах үйлсэд хүчин зүтгэж байжээ.
Тэрбээр 1919 оноос эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээх нууц хөдөлгөөнд оролцож, Консулын дэнжийн бүлэгт ажиллаж байв. 1921 оны хавар барон Баяр харьяат цэргээ удирдан Нийслэл Хүрээнд ирж, Унгернтэй холбоо тогтоон монгол, цахар ангийн морин цэргийг захирах жанжнаар томилогджээ. Түүний удирдсан цэрэг 1921 оны 4 дүгээр сард Хүрээнээс баруун зүгт гэмин цэргийг нэхэн байлдаж, мөн оны тавдугаар сард Унгерний тушаалаар умар зүгт хөдөлжээ.
Түрэмгий баатар Баярын удирдсан цэрэг 1921 оны 6 дугаар сарын 6-нд Алтанбулагийг эзлэхээр довтолж ялагдал хүлээн Баяр тулалдааны үед хүнд шархдан нас баржээ.
Түрэмгий баатар Баяр амьдралынхаа сүүлчийн мөчид барон Унгерний тушаалаар Ардын Журамт Цэрэгтэй тулалдсан буруу алхмыг хийсэн учраас түүний тухай түүх судлалд тодорхой бичиж тэмдэглэлгүй явж ирсэн юм.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Урлагын бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- "Сүхбаатар" Уран сайхны кино. 19421 он.
- Түрэмгий баатар Баяр гүн гэгч хэн бэ?
- Баабар. Нүүдэл суудал.