Белозёрскийн ван Глеб Василькович
Глеб Василькович нь 1237 онд төрж, 1278 нас барсан, Алтан Ордын үеийн Белозёрскийн ба Ростовын ван. Глеб Василькович Бат ханы ач охин Феодоратай гэр бүл болсоноороо тухайн үеийн орсуудын дунд их нэр хүндтэй байсан гэж орос википедиа дээр тэмдэглэжээ. Глеб нь мөн Невийн Александрын үеэл юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Глеб Василькович нь Ростовын ван Василько Константиновичийн хүү, 1237 онд төрсөн.[1] Нэг настай байхад нь буюу 1238 онд түүний аав Монгол-Татаруудад алагдсан гэж тэмдэглэжээ.
Тэрээр долоон настай байхдаа (1244 он) өөрийн ах Борисыг даган Алтан Ордод ирж Бат ханд бараалхан, өөрийн захирах нутгийг (Белозёрскийн ванлиг) батлуулсан. Энэ үед түүнийг Бат хааны ач охинтой сүй тавиулсан ба Бат хаан ирээдүйн хүргэндээ бэлэг болгож Белозёрскийн ванлигийн (шинэ ванлиг) анхны вангаар томилсон гэж үздэг. 1249 онд 12 настайдаа ганцаараа Алтан Ордод дахин ирсэн. Ганцаараа гэдгийн учир нь түүний ах Борис 1245 онд Алтан Ордод ирээд буцаагүй байсан юм. Энэ удаад тэрээр Бат ханы хүү Сартаг ханд (түүний сүйт гүнжийн аав) бараалхаж ураг төрлийн холбоо барихаа дахин баталгаажуулж илэрхийлсэн бололтой.
1251 онд анх удаа өөрийн захирах нутаг болох Белоозерод очсон ба тэндээ суурьшсан.
1257 онд ах Борисын хамт Алтан Ордод дахин ирж Сартаг ханы охин, гүнж Феодоратай гэрлэн, тэр жилдээ Ростовт очиж их хурим найр хийсэн.
1259 онд ах ба ээжийн хамт үеэл ах Невийн Александрыг Ростовт хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Түүний эхнэр Феодора ч энэ уулзалтад багагүй үүрэгтэй оролцсон байх учиртай. Лев Гумилёвын тэмдэглэсэнээр Невийн Александр ван нь Феодорагийн аав Сартаг хантай цусан тангараг тавьж ах дүү бололцсон ба нөгөө талаас Алтан ургийн гүнж хатад төрийн хэрэгт оролцох өндөр эрх мэдэлтэй байсан.
1268 ба 1271 онуудад дахин дахин Алтан Ордод ирж Мөнхтөмөр ханд бараалхаж байсан.
1273 оны 12-р сарын 20-нд түүний эхнэр Феодора нас барсан ба түүний шарилыг Ростовын Бурханы Ариун эхийн сүмд (Орос: церковь Пресвятой Богородицы) бунхалсан.
1277 - 1278 онуудад Мөнхтөмөр ханы Кавказын ясуудыг (одоогийн Осет) номхотгох аян дайнд оролцож байсан. Энэ дайны үед Дедяков хотыг эзлэж байсан. Энэ аян дайнд Мөнхтөмөр ханы хүргэн, хар Фёдор (Ярославын, Можайскийн ван ба Смоленскийн их ван) мөн оролцож байсан түүхтэй.
1278 оны 6-р сарын 13 нд тэрээр аян дайнаас эргэн ирэхэд түүний ах Борис нас барсан (1277 он) байх ба, Глеб Ростовын ванлиг ба Белозёрскийн ванлиг хоёрыг хамтатган захирахаар болно. Мөн онд өөрийн хүү Михаилыг, өмнөхөн хамт дайнд явж байсан Мөнхтөмөр ханы хүргэн, хар Фёдорын охинтой гэрлүүлээд, Лаханг номхотгохоор Болгар луу хийх аян дайнд оролцуулахаар Алтан Орд уруу явуулна.
Оросын түүхийн сурвалж бичгүүдэд түүнийг ихэд магтаж, «Бага наснаасаа Монголчуудад зүтгэснээрээ олон харц ардыг тэднээс аварсан» гэх зэргээр бичсэн байдаг аж (Троицкийн бичмэл).
Оросууд, Алтан Ордын үеийг Монголо-Татарское Иго буюу Монгол-Татарын дарлал гэж орчин цагийн сурвалж бичгүүддээ нэрлэдэг. Гэтэл Иго гэдэг ойлголт Оросын түүхийн эх сурвалжуудад огт дурьдагдаагүй байдаг ба энэ ойлголт нь XV зууны сүүл XVI эхэн үед Польшийн түүхийн эх сурвалжуудад бий болсон байдаг. Уг ойлголтыг анх 1479 онд Ян Длугош («iugum barbarum», «iugum servitutis») ба 1517 онд Краковсковын Их Сургуулийн профессор Матвей Меховский нар ашигласан байдаг.[2] 1575 онд jugo Tartarico гэдэг томъоёлол Даниель гүнгийн Москва хот уруу хийсэн дипломат айлчлалынхаа тухай бичсэн бичмэлд ашиглагдсан байдаг.[3]
Глеб вангийн тод бичигдэн үлдсэн түүхээс сөхөн харахад, өөрийн хатан, Чингисийн Алтан ургийн Феодора гүнжийн шарилыг Ростовын Бурханы Ариун эхийн сүмд бунхалсан байдгаас гадна, Феодора гүнжээс төрсөн Михаил хүүгээ ер бусын байдлаар сохороос эдгэрсэнд баярлаж бурханд талархлаа илэрхийлж 1251 онд Устьшехонск-Троицкийн хийдийг бариулж байжээ.
1278 оны 12-р сарын 13-нд Глеб ван өвчний улмаас нас барсан.
Эхнэр Феодора гүнж
[засварлах | кодоор засварлах]Чингис хаан ба Бөртэ үжин (Хонгирад) нараас төрсөн том хүү Зүчи (Чингис хааны ууган хүү), Зүчи хан ба Ухаа үжин (Хонгирад) нараас төрсөн хүү Бат хан (Зүчийн 40 орчим хүүгийн нэг)[4], Бат хан ба Борагчин хатан (Татар) нараас төрсөн хүү Сартаг хан,[5] Сартаг ханаас охин Феодора гүнж төрсөн юм.
Чингис хаан | Бөртэ үжин | ||||||||||||||||||||||||||
Ухаа үжин | Зүчи | ||||||||||||||||||||||||||
Борагчин | Бат хан | ||||||||||||||||||||||||||
Сартаг хан | ? | ||||||||||||||||||||||||||
Феодора гүнж | |||||||||||||||||||||||||||
Үр, хойч үе
[засварлах | кодоор засварлах]Хүү Демьян ба Михаил Глебович.
[6][7]Охин Мария Глебовна Белорезская нь өөрийн аавын үеэл болох Невийн Александрын бага хүү, түхайн үеийн Алтан Ордын хааны зарлигаар (Орос: ярлык, жарлык) Москвагийн анхны вангаар томилогдсон Даниил Александровичтай гэрлэсэн. Тэдний хүү I-р Иван (Иван Данилович Калита) нь Москвагийн ван (Орос: князь), Владимирын их ван (Орос: великий князь) бөгөөд түүнийг оросууд түүхэндээ Оросын нутгийг нэгтгэгч (Орос: собиратель русских земель) ба Москвагийн хаадын удмыг анхлагч (Орос: родоначальник династии московских царей) гэж нэрлэдэг.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Экземплярский А. В. Глеб Василькович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Малов Н. М., Малышев А. Б., Ракушин А. И. «Религия в Золотой Орде».
- ↑ Prinz [Printz], Moscoviae ortus, et progressus, p. 203, as reprinted in Scriptores Rerum Livonicarum, vol. 2, p. 721. хуудас 58.
- ↑ Rashid al-Din - Universal History, see: Tale of Jochids
- ↑ Rashid al-Din - Universal History, see: Tale of Jochids
- ↑ Berthold Spuler: Die Goldene Horde; Wiesbaden 1965
- ↑ Henry Hoyle Howorth: History of the Mongols from the 9th to the 19th Century. Part 2. The So-Called Tartars of Russia and Central Asia; London 1880