Вангин Ши-инь
Вангин Ши-инь (хятад: 完顏希尹, пиньинь: Wán yán xī yǐn) (? - 1140 он) болбоос Зүрчидийн Алтан улсын түшмэл төдийгүй зүрчид бичгийг зохиосон хүн юм. Түүний зүрчид нэрийг Гүшэнь (穀神, Gǔ shén)[1], хятад нэрийг Ши-инь (希尹, Xī yǐn)[1] гэдэг. Эцэг Хуандоу нь Агуда хааны үеэл учраас хаан ургийн холын саданд тооцогдоно.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1119 онд Агуда хааны зарлигаар зүрчидийн хэл аялгуунд тохируулж, кидан бичгээс санаа авч, дүрс үсэг бүхий бичиг зохиожээ. 1125 онд Вангин Зонханы удирдсан цэрэгт багтаж Киданы эсрэг байлдаж Киданы баруун нийслэлийг[2] эзлэсэн. Мөн онд Сүн улсыг дайлах баруун гарын цэргийн жанжнаар томилогдож, Шижин хотоос Тайюань руу довтлов. 1127 онд Сүн улс руу довтлохдоо Сүн улсын хоёр хааныг олзлоход оролцов. 1135 онд Хэла хааны зарлигаар эрхин сайдын яамны зүүн гарын чинсан (尚書左丞相) бөгөөд шижун (侍中) түшмэлээр томилогдов. 1139 онд Вангин Зонган, Вангин Зонпан, Вангин Зонжюнь нарын хааны угсааны вангуудын бослогыг дарж, тэднийг алсан тул чэнь ван (陈王) цол хүртэв. 1140 онд нас барав. 1143 онд шин гуо гүн (邢国公) цол нэхэн соёрхов. 1151 онд Дигунай хааны зарлигаар түүнд юй ван (豫王) цолыг нэхэн соёрхов. 1157 онд жинь юань жюнь ван (金源郡王) цолыг нэхэн соёрхов.