Jump to content

Варшавын Гүнт Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Варшавын Херцогт Улс
Księstwo Warszawskie
1807–1815 он
Варшавын Херцогт Улсын төрийн далбаа Варшавын Херцогт Улсын төрийн сүлд
Төрийн далбаа Төрийн сүлд

Цаг тооны хэлхээс
Үндсэн хууль Варшавын Херцогт Улсын Үндсэн хууль
Албан хэл Польш
Нийслэл Варшав
Төрийн хэлбэр Херцогт Улс
Засаглалын хэлбэр Үндсэн хуульт хаант засаг
Төрийн тэргүүн Херцог I Фрийдрих Аугуст
Засгийн газрын тэргүүн Яамдын Зөвлөлийн тэргүүн (де-юре)
Францын элчин сайд (де-факто)
Нутаг дэвсгэр 155.000 км²
Хүн ам 4.300.000
Хүн амын нягтрал 27,7 хүн км² тутамд
Мөнгөн тэмдэгт 1 злот = 30 грошей
Байгуулагдсан 1807 оны 7-р сарын 9
Задрал 1815 оны 6-р сарын 9 (Венийн конгресс)
Төрийн дуулал Мазурек Домбровскиего
Цагийн бүс UTC+1 ТЕЦ
Варшавын Херцогт Улсын хил 1809 оны байдлаар

Варшавын Херцогт Улс (пол. Księstwo Warszawskie, Франц: Duché de Varsovie) нь 1807 онд Францын Хаант Улсын хаан Наполеон Бонапартын байгуулсан дагуул улс бөгөөд энэ улс нь 1815 оныг хүртэл оршин тогтносон юм. Улсын нутаг дэвсгэр нь эхэндээ 1793 онд Пруссийн Хант Улс өөртөө нэгтгэсэн хоёрдугаар ба 1795 онд гуравдугаар хуваагдлын дараах газар нутгийг хамарч байгаад 1809 онд Австрийн эзэлсэн байсан Өрнөд Галицийн нутаг дэвсгэрийг нэмэн өргөтгөжээ.

Энэхүү херцогт улсыг зарим үед Варшавын Их Херцогт Улс гэж андуу хэрэглэх нь бас бий.

Өнөө үед түгээмэл хэрэглэгдэх нэршлээс ялгаатай нь Варшавын Херцогт Улс нь хэзээ ч их херцогт улс байгаагүй юм. Тилзитийн энхтайвны гэрээнд (1807 он) бичсэнээр бол яах ч аргагүй Duché de Varsovie (монг. Варшавын Херцогт Улс) хэмээсэн байхаас гадна 1807 оны долоодугаар сарын 22-ны болон Венийн конгрессын баримтын (1815 он) 2-р зүйлд мөн л Herzogtum Warschau (монг. Варшавын Херцогт Улс) гэж германаар бичигдсэн байдаг ажээ. Варшавын хувийн холбоог захирч байсан Заксены хан Фрийдрих Аугустын Польшид хэрэглэж байсан талер дээр FRID.AUG.REX SAX.DUX VARSOW („Заксены хан. Варшавын херцог“) гэх дардастай бүхий бичээстэй байв. 1808 онд Парист нийтлэгдсэн Atlas historique гэх газрын зурагт шинэ байгуулагдсан улсын нэрийг Duché De Varsovie Donné Au Roi De Saxe Par Le Traité De Tilsit („Тилзитийн гэрээ ёсоор Заксены ханд өгсөн Варшавын Херцогт Улс“) гэж бичжээ.[1]

Хэдий тийм боловч өнөөдөр „Варшавын Их Херцогт Улс“ гэсэн нэр томьёо хаа сайгүй тааралдах бөгөөд бүр нэр хүндтэй мэргэжлийн түүхэн атлас дээр ч ингэж бичсэнтэй таардаг. Магад энэ нь 1815 онд байгуулагдсан Позены Их Херцогт Улс (тухайн үед Пруссийн харьяа) Польшийн бүс нутаг болох Их Польшийн нэрнээс үүдсэн алдаа эсвэл Заксен-Польшийн хувийн холбооны үед өмнөх заксены ноёдын хэргэм болох Литвын их херцог буюу их вангаас үүдэлтэй ч байж болох юм.

1806 оны орчим Пруссийг бүрмөсөн дарж авахын тулд Наполеон 1795 оныг хүртэл Польшийн Хант Улсад харьяалагдаж байсан Пруссийн нутагт гарсан бослогыг ашиглав. Польш Улсыг буцаан сэргээнэ гэсэн бүрхэг амлалт л польшийн ард түмэн, магнатууд, цэргүүдийг зөвхөн Наполеонд алба хаах биш бүр өөрсдөө идэвх санаачлагатайгаар тэмцэхэд хүргэсэн байна. Ингээд асар богино хугацаанд Польшийн засгийн газар байгуулагдав. 1807 оны нэгдүгээр сараас хойш урьдын Дөрвөн жилийн Сеймийн маршал асан Станислав Малаховски (1736-1809 он) түр засгийн газрын комиссыг тэргүүлж байв. Хавар гэхэд 30.000 цэрэг байлдааны ажиллагаанд бэлэн болсон байсан ба үүнийг гурван легионд болгон хуваажээ. Эдгээр легионыг польшийн хуучин армийн генералууд болох Юзеф Зайончек (1752–1826 он), Ян Хенрик Домбровски (1755–1818 он) болон хуучны дайны сайд болон польшийн сүүлчийн хан байсан Станислав Август Понятовскийн ач хүү Юзеф Понятовски (1763-1813 он) нар удирдаж байв.

Хаан Наполеон Станислав Малаховскид шинэ үндсэн хуулийг гардуулах ёслолын ажиллагаа

Тилзитийн энхтайвны гэрээ (1807 оны долоодугаар сарын 7-9) ёсоор Прусс Улс Наполеоны шаардлагын дагуу Польшийн хоёр ба гуравдугаар хуваагдлаас авсан газар нутгаасаа татгалзах хэрэгтэй болов. Энэхүү шинэ газар нутгийг Наполеон Варшавын Херцогт Улс гэж нэрлээд дагуу улсаа болгов. Дагуул улсынхаа эзнээр Наполеон өөрийн холбоотон Заксены хан I Фрийдрих Аугустыг херцог хэргэмээр шагнан томилов. 1807 оны долоодугаар сарын 22-нд Наполеон шинэ улсын Үндсэн хуулийг батлуулав.[2] Улсын газар нутгийн хэмжээ 104.000 км² болж өргөжсөн ба нийт 2,6 сая оршин суугчтай байв. Белосток дүүргийг Наполеон Тилзитийн энхтайвны гэрээгээр хуучин өөрийн дайсан байсан Орос Улсад тал засан өгчээ. Данцигийг түүнийг тойрсон нутаг дэвсгэр болон эксклав Хела хойгийн хамтаар Пруссээс салган Данцигийн Бүгд Найрамдах Улсыг байгуулав. 1807 оны арваннэгдүгээр сарын 10-нд болсон Элбингийн конвенцоор Наполеон Польшийн нэгдүгээр хуваагдлаар Прусс Улсын мэдэлдээ авсан байсан газар нутгаас буцааж өгөхийг шаардсаны дагуу Нетц тойргийн зүүн урд хэсэг ба Кулмер мужийг шинэ байгуулагдсан херцогт улсад нэмж өгчээ.

Бүр 1791 онд Польшийн Язгууртны бүгд найрамдах улсыг Заксены ван I Фрийдрих Аугустад (1750–1827) польшийн хоёр ханы оронд очин үе залгамжлан суух ханы эрхийг санал болгосон байв. Наполеон өөрийн холбоотон Фрийдрих Аугустад 1806 онд хан хэргэм олгосон байсан ба 1807 онд Варшавын Херцогт Улсын херцог цолыг өгөхөд энэ удаа татгалзаж чадаагүй байна.

  • Martyna Deszczyńska. "'As Poor as Church Mice': Bishops, Finances, Posts, and Civil Duties in the Duchy of Warsaw, 1807-13," Central Europe (2011) 9#1 pp 18–31.
  • Otto Pivka (2012). Napoleon's Polish Troops. Osprey Publishing. pp. 8–10. ISBN 9781780965499.[permanent dead link]
 Commons: Варшавын Херцогт Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Atlas historique, généalogique, chronologique et géographique, A. Le Sage (Las Cases), Парис, 1808 он, 26-р тал
  2. Варшавын Херцогт Улсын Үндсэн хууль (германаар)