Jump to content

Василий Бакунин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Василий Бакунин
Василий Михайлович Бакунин
Төрсөн1700
Нас барсан1766
Иргэншил Оросын эзэнт гүрэн

Василий Бакунин (Орос: Васи́лий Миха́йлович Баку́нин, 1700 онд Оросын Царицын буюу өнөөгийн Волгоград хотод төрсөн – 1766 онд Москвад нас барсан) – Оросын угсаатан зүйч, дипломат, орчуулагч, халимаг судлалыг үндэслэгч, “Халимаг, тэр дундаа Торгууд үндэстний тухай, тэдний хан, эздийн үйл ажиллагааны тухай” түүхэн өгүүлэл бичсэн хүн.

Василий Бакунин Оросын Красный Яр, Царицын дахь хүнсний хангамж хариуцсан ажилтан, комендант Михаил Иванович Бакунины хүү болж 1700 онд төрсөн.

Түүнийг 1720 онд буюу 20 настайд нь Астраханийн амбан захирагч А.П.Волынский халимаг хэлний орчуулагчаар авч ажиллуулжээ. 1722 онд түүнийг Дербентийн аян дайнд халимаг цэргүүдийг ажиглах багийн бүрэлдэхүүнд оруулан илгээжээ. Улмаар 1726 оны 2-р сарын 26-нд Василий Бакунин өөрийгөө Оросын засгийн газар Халимагийн хэрэг хариуцсан нарийн бичгийн даргаар томилж өгхийг хүссэн өргөдлөө өгсөн байна. Бакунин халимаг хэл сурсан тул Оросын эзэнт гүрний халимагуудтай харьцах албан ёсны харилцаанд орчуулга хийж чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Тэрээр Халимаг улс руу удаа дараа элч төлөөлөгчийн газарт илгээгдэж, Халимагийн ёс заншил, нийгмийн байдал, бүтцийг судлах боломжтой байсан юм. Энэ хугацаанд тэрээр ажиглалт хийж хуримтлуулсан туршлага дээр үндэслэн “Халимаг, тэр дундаа Торгууд үндэстний тухай, тэдний хан, эздийн үйл ажиллагааны тухай” номыг 1761 онд бичиж хэвлүүлжээ.

Василий Бакунин 1820-иод онд Халимагийн дотоод зөрчил мөргөлдөөнд шууд оролцож явсан бөгөөд 1725 оны 1-р сарын 28-нд Цэрэндондог ханы дэргэд илгээгдэж байжээ. Халимагийн язгууртны дунд В.Бакунин өөрийн мэдээлэгчийн сүлжээг бий болгож, тэдний үзэл бодлын талаарх мэдээллийг байнга авдаг байжээ.

1726 онд Бакунин Оросын Гадаад хэргийн коллегийн дэргэд Халимагийн хэрэг эрхлэх нарийн бичгийн даргаар томилогдож Санкт-Петербург руу нүүжээ.

1731 онд тэрээр Чин гүрний элч нарыг Халимагт очиход дагалдаж байсан гэдэг.

1761 оны 6-р сарын 11-нд Дондогдаш хан нас барсны дараа Василий Бакунин Халимагийн ард түмний цаашдын удирдлагын талаар Оросын Гадаад харилцааны коллегид илтгэл тавьж байсан байна.

1762 онд Халимагийн ард түмнийг хэрхэн засаглан удирдах тухай шинэ илтгэл бэлтгэж, түүнийг үндэслэн II Екатерина 1762 оны 8-р сарын 12-ны өдөр захидал бичиж, хааны захирагчид илгээжээ.

Василий Михайлович Бакунин 1766 онд Оросын улсын жинхэнэ зөвлөх цолтой нас баржээ.