Вояжер 1

Вояжер 1 нь нарны аймаг, түүний хязгаар болон түүнээс цааших ямар ч одны нөлөөлөл үгүй огторгуйн хоосон орон зайг судлах зорилгоор АНУ-ын НАСАВояжер хөтөлбөрийн хүрээнд 1977 оны 9-р сарын 5-нд хөөргөсөн сансрын аппарат юм. Хэдийгээр ихэр сансрын хөлөг Вояжер 2-соо сүүлд хөөрсөн ч 1979 онд Бархасбадь, 1980 онд Санчир гарагуудын хажуугаар эхлэн өнгөрч хамгийн анхлан эдгээр гарагууд болон сарнуудынх нь нарийвчилсан зургийг нь авсан юм. Мөн эдгээр гарагуудын цаг агаар, соронзон орон, болон цагиргуудыг судалж татах хүчийг нь ашиглан хурдаа нэмэн цааш аялсан.

1980 оны 11-р сарын 20-нд үндсэн ажиллагаа дууссан бөгөөд түүнээс цааш нарны аймгийн хязгаар, түүнээс цаашхийг судлан одоогоор 38 жил орчим ажиллаж мэдээллээ илгээсээр байна. 2012 оны 8-р сарын 25-нд нарын аймгаас бүрэн гарч ямар ч одны нөлөөлөл үгүй огторгуйн хоосон орон зайд орсон анхны сансрын хөлөг болсон. 2015 оны байдлаар нарнаас 132 астрономийн нэгж зайд нисч буй энэхүү хөлөг нь дэлхийгээс хамгийн хол буй дэлхийн обект юм. Вояжер 1 нь 2025 он хүртэл ажиллах бололцоотой байгаа ба түүнээс цааш багажнуудыг ашиглах эрчим хүчний хангалттай үүсгэвэргүй болно.

Мөн энэхүү хөлөг дээр бусад гарагийн оюун ухаант амьд биеттэй харилцах оролдлого болсон Вояжерын Алтан Пянзыг байрлуулсан байдаг. Хэдийгээр Вояжер 1 нь ямар нэгэн одыг чиглэн нисээгүй ч одоогоор 17.6 гэрлийн жилийн зайд буй ЖИ445 одыг 40000 жилийн дараа нарнаас 3.45 гэрлийн жил зайд ойртон ирэх үед тус одноос 1.6 гэрлийн жилийн зайтай зөрөх юм. Энэ нь магадгүй одоогоор бидний мэдэж буйгаар хүн төрөлхтний өөр одтой хамгийн ойрхон дөхөх дөхөлт юм.