Вояжерын Алтан Пянз

Вояжер хөтөлбөр Алтан Пянз
Пянзны хавтас
Хөлөг дээр байршуулсан байршил

АНУ-ын НАСА-с нарны аймаг болон нарны аймгаас гаднах орчлон ертөнцийг судлах зорилготойгоор Вояжер хөтөлбөрийн хүрээнд 1977 онд хөөргөсөн Вояжер 1 ба Вояжер 2 сансрын хөлгүүдэд, хэрвээ эдгээр хөлгүүд өөр нэгэн оюун ухаант бодгаль болон ирээдүйн хүмүүстэй тулгарах аваас өнөө үеийн дэлхийн байдлыг таниулах мэндчилгээ, зураг, дуу бүхий 30см диаметртэй алтан пянз суурилуулсан нь Вояжерын Алтан Пянз юм. Эдгээр нь урьд өмнө 1972 болон 1973 онуудад хөөргөсөн Пионер 10, Пионер 11 хөлгүүдэд мөн ижил зорилгоор байрлуулж байсан зурган мэдээлэл төдий энгийн Пионерийн Ялтаснуудтай харьцуулахад илүү их мэдээлэл агуулсан.

Орчлон ертөнцийн хязгааргүй уудамтай харьцуулахад эдгээр хөлгүүд хумхын тоос мэт жижигхэний дээр яваандаа хөлгүүдийн цэнэг нь дуусч харилцах дохио илгээхээ болих тул ямар нэгэн оюун ухаант бодгальтай учрах магадлал хэмжээлшгүй бага ч далайд хөвөн буй лонхтой бичиг мэт энэхүү пянзнуудыг хэрэвзээ ямар нэгэн ухаант бодгаль олж тоглуулах аваас аврал эрсэн цөхрөлийн захидал бус дэлхий дээрх баялаг амьдралын талаарх гэгээлэг мэдээллийг олж мэдэх юм.

Агуулга[засварлах | кодоор засварлах]

Пянзанд дэлхийн гайхамшигт байгаль, хүн төрөлхтний баялаг соёлын өв болон шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан 116 зураг, 55 хэл дээрх мэндчилгээ, олон төрлийн чимээ, дуу авиа, аяз, дуу, тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхаймын хэвлэмэл мэндчилгээ болон АНУ-ын зохиолч продюсер Энн Друяны тархины бичлэгийг багтаасан байдаг.

Мэндчилгээ[засварлах | кодоор засварлах]

Пянзны эхэнд Шумер, Эртний Грек зэрэг 4 мөхсөн хэлнээс эхлээд Португал, Хятад зэрэг одоогийн 51 хэл, цаашлаад Эсперанто зэрэг зохиомол хэлнүүд дээрхи нийт 5 минут орчим урт мэндчилгээ бий.

Дуу чимээ[засварлах | кодоор засварлах]

Мэндчилгээний дараа Дэлхийн дуу чимээ хэмээх хэсэг бий. Үүнд:

  • Галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан, салхи бороо зэрэг байгалийн үзэгдлийн дуу
  • Нохой, муур, халим зэрэг ан амьтны дуу
  • Хүүхдийн уйлах, үнсэлт, зүрхний лугшилт зэрэг хүний дуу
  • Галт тэрэг, машин, пуужин зэрэг хүний ололт амжилтын дууг багтаажээ

Дуу хөгжим[засварлах | кодоор засварлах]

Дуу чимээний дараа Бах, Бетховен зэрэг хөгжмийн зохиолчдийн сор бүтээлээс эхлээд хамтлаг дуу, дуурь, ардын дуу зэрэг 90 минутын түүвэр бичлэг бий.

Зураг[засварлах | кодоор засварлах]

Дууны бичлэгнээс гадна эх дэлхий болон хүний бүтэц, амьдралийг харуулсан нийт 116 зураг энэхүү пянзанд бичигдсэн.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Материал[засварлах | кодоор засварлах]

Пянзыг алтаар бүрсэн зэсээр хийсэн. Хавтас нь хөнгөн цагаан бөгөөд цэвэр уран-238-ын нимгэн үеэр бүрсэн. Уран-238-ын хагас задралын үе нь 4.468 тэрбум жил болохоор пянзыг олсон бодгаль насыг нь тодрхойлох боломжтой юм.