Эсперанто
Эсперанто Lingvo Internacia Esperanto | ||
---|---|---|
Эсперанто хэлний далбаа: | ![]() | |
Created by: | Л. Л. Заменхоф | 1887 |
Орчин ба хэрэглээ: | Олон улсын туслах хэл | |
Нийт яригчид: | Унаган хэлтэн: 1000 ба түүнээс их (2011 оны тооцоо); (Хоёрдогч хэлтэн 300000-1800000 (2017 оны тооцоо)) | |
Category (purpose): | зохиомол хэл Олон улсын туслах хэл Эсперанто | |
Бичгийн систем: | Латин үсэгт суурилсан Эсперанто цагаан толгой | |
Ангилал (эх үүсвэрүүд): | Үгийн сан Латин хэл, Грек хэл; авиа зүйг Слав бүлгийн хэлнээс, дүрэмзүй нь Герман бүлгийн хэлнээс | |
Зохицуулдаг газар: | Академио де Эсперанто | |
Томьёолбор | ||
ISO 639-1: | eo | |
ISO 639-2: | epo | |
ISO 639-3: | epo | |
Тэмдэглэл: Энэ хуудсанд юникодоор олон улсын авиа зүйн цагаан толгойн үсэг, тэмдгүүд байж магадгүй. |
Эсперанто хэл нь түгээмэл тархсан зохиомол хэл бөгөөд Польшийн эрдэмтэн, эмч Лазарус Заменхоф 1887 онд зохиосон. Заменхоф нь Доктор Эсперанто хэмээх нууц нэр ашиглан "Доктор Эсперантогийн олон улсын хэл" хэмээх номоо анх танилцуулснаар уг хэлний түүх эхэлсэн байдаг.
Эсперанто хэлний үийн сангийн ихэнх нь Индо-Европын хэлний язгуурын Роман хэлний бүлгийн хэлүүдийн үг дээр суурилсан байх бөгөөд өгүүлбэр зүй, дүрэмзүй нь Герман хэлний бүлгийн хэлний бүтэц дээр суурилсан байна. Мөн Слав хэлүүдийн дүрэм, авиа дуудах ёсыг шүтсэн байдаг. Уг хэл нь дэлхий даяар нэн түгээмэл тархаж, хамгийн олон ярилцагчтай болж чадсан цорын ганц зохиомол хэл бөгөөд хэдэн мянгаар тоологдохуйц төрөлх хэлний ярилцагчтай цор ганц зохиомол хэл юм.
Уг хэлний тархац нь Европ, Зүүн Ази, Умард Америкт төвлөрч байна. Эсперанто хэлийг албан ёсны хэлээр зарласан улс өдгөө хараахан байхгүй боловч Эсперанто хэлээр хамгийн их ярилцаж буй газар, бүс нутаг бүрийг эсперанто хэлээр "Esperantujo (монгол хэлээр "Эсперантогийн нутаг")" хэмээн нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд уг хэлний тархац улам хурдтай нэмэгдэхэд интернэт нэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба өдгөө Google Translate, Duolingo, Wikipedia зэрэг томоохон платформууд уг хэлийг хэдийн дэмждэг болсон байна.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Үүсэл[засварлах | кодоор засварлах]
Эсперанто хэлийг өнөөгийн Польш улсын нутаг, тухайн үеийн Оросын Эзэнт Гүрний Белосток хэмээх сууринд аж төрдөг еврей гаралтай польш нүдний эмч Лазар Заменхоф 1870 оны сүүл, 1880 оны эхээр зохиосон байна. Түүний зорилго бол нэгт, хүмүүс өөр хоорондоо амар хялбар, маш түргэнээр ойлголцож болох хоёрдогч хэлийг бүтээх, хоёрт, хэлээр дамжуулан энхтайванч үзлийг дэлгэрүүлэх, ярилцагчийн хүй олныг бий болгох байсан байна.
Зохиомол хэлэндээ зориулж өгсөн энгийн нэр нь "La Lingvo Internacia" буюу Олон улсын хэл байсан боловч эхэн үеийн ярилцагчид Эсперанто хэмээх нэрийг ихэд сайшаан биширч хэрэглэж эхэлсэн бөгөөд хэл зохиогдсноос хойш 2 жилийн дараа энэхүү нэр нь албан ёсны нэр болсон байна.
Үгийн утгыг үндсээр нь задалбал, Эспер- нь эгээрэх, найдах, итгэх, мөрөөдөх гэсэн утгатай үгийн үндэс, -ант- бол тухайн үйлийг эрхлэгч гэсэн утгыг заадаг дагавар, -о- нь жинхэнэ нэрийн төгсгөл бөгөөд Найдан итгэгч гэсэн утгатай юм.
Орчин үе[засварлах | кодоор засварлах]
1954 онд ЮНЕСКО ээлжит чуулганаараа хэлэлцэж, Эсперанто хэл нь олон улсын соёлыг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хэрэглэх нь нэн чухал гэсэн тогтоолыг гаргасан байдаг. Хэдий тийм боловч эсперанто хэл нь НҮБ-ын албан ёсны хэлний тоонд ороогүй хэвээр байна.
XXI зуун гарсан ч эл хэлний хөгжил, сайжруулалт тасралтгүй үргэлжилсээр байгаа. Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдсний үр дүнд хэлэнд чухал нөлөө үзүүлж эхэлсэн. Тухайлбал Duolingo ухаалаг утасны хэрэглүүрийг ашиглан эсперанто хэлийг суралцагчид ихэссээр байгаа ба Amikumu платформ дээр уг хэлээр ярилцагчид санал бодлоо тасралтгүй солилцож байна.
Албан хэрэглээ[засварлах | кодоор засварлах]
Эсперанто хэл нь хараахан ямар нэг улсын албан болон бүс нутгийн зөвшөөрөгдсөн хэл болоогүй ч хэд хэдэн улсын боловсролын хөтөлбөрт орсон байдаг ба Унгар, БНХАУ-д уг хэлээр сургалт явуулдаг идэвхтэй олон байгууллага, шат шатны боловсролын байгууллагууд бий. Мөн манай улсад "Монголын Эсперанто хэлний байгууллага" байдаг.
Өдгөө албан ёсны хэлээр бүртгэгдээгүй боловч XX зууны эхээр байгуулагдаж байсан Мореснет улс нь албан ёсны хэлээрээ 1908 онд Эсперанто хэлийг бүртгэж байв.
БНХАУ-ын төрийн мэдлийн өдөр тумын мэдээ бэлтгэдэг china.org.cn нь 2001 оноос эхлэн эсперанто хэл дээр мэдээ нийтэлдэг болсон ба Хятадын олон улсын радио нь уг хэлээр мөн нэвтрүүлгээ цацдаг. Мөн El Popola Cxinio буюу Хятадын Ардууд хэмээх цахим сэтгүүл мөн бий.
Мөн Ватикан Радио (The Vatican Radio) нь өөрсдийн цахим хуудсаа Эсперанто хэлний хувилбартай болгосон.
Интернэт дэх хэрэглээ[засварлах | кодоор засварлах]
2012 оны 2-р сарын 22-ны өдөр Google Translate дээр нэмэгдсэн 64 дэх хэлээр эсперанто хэл нэмэгдсэн. 2016 онд Yandex Translate сайт мөн эсперанто хэлийг орчуулгын машиндаа нэмсэн.
2015 оны 5-р сарын 28-ны өдөр Duolingo платформ нь англи хэлтнүүдэд зориулсан Эсперанто хэлний үнэгүй хичээлийг оруулж эхэлсэн. Өдгөө Duolingo платформ дээр эсперанто хэлийг сонирхон судалдаг 800,000 идэвхтэй суралцагчтай болсон байна. Суралцагч нь англи хэлнээс гадна португали, испани, хятад, франц зэрэг хэлүүдээс сонгон эсперанто хэлийг үзэх боломжтой. Одоогоор монгол хэлнээс судлах курс хараахан байхгүй байна.
320,000 өгүүлэлтэй Эсперанто хэлний Википедиа нь нийт Википедиа дундаа 35 дахь хамгийн том цахим нэвтэрхий толь болсон бөгөөд зохиомол хэл дээрх хамгийн том Википедиа болсон юм. Идэвхтэй 150,000 хэрэглэгч Vikipedio дээр өгүүлэл нэмдэг бөгөөд 2019 оны 10-р сарын байдлаар 117,366 давтагдашгүй хэрэглэгчид уг сайтаар зочилсон байна.
Хэлзүйн онцлог[засварлах | кодоор засварлах]
Ангилал[засварлах | кодоор засварлах]
Эсперанто хэлний дүрэм, үгийн сан, авиалах ёс нь Индо-Европын хэлний язгуурын хамгийн нийтлэг гол шинжүүдийг агуулсан байдаг. Үгийн сангийн дийлэнх хувийг Роман гарлын үгс эзэлдэг бол дүрмийн нийтлэг шинжийг Герман хэлний бүлэг болон Слав бүлгийн хэлний ёсноос авсан байдаг. Мөн үлэмжхэн хэмжээний Грек хэлний нөлөө мөн туссан. Өгүүлбэрзүйн хувьд европ хэлүүдийн адил SVO бүтэцтэй. Шинэ үг үүсэхдээ угтвар, дагавар болон нийлмэл үгээс шинэ үг бүтэх арга болон үг зээлэх аргыг ашигладаг. Үгийн санд нь европ хэлэнд түгээмэл тохиолдох хүйсийн ай буюу хүйс зохицох ёс гэж байхгүй. Харин хүйс заасан нэр үгс гэж бий.
Авиазүй[засварлах | кодоор засварлах]
Эсперанто хэл нь 22-24 гийгүүлэгч, 5 эгшиг, 2 саармаг эгшигтэй ба 6 хос эгшигтэй.
Бичгийн хэл[засварлах | кодоор засварлах]
Үсэгзүй[засварлах | кодоор засварлах]
Эсперанто цагаан толгой нь латин үсэг суурилсан 28 үсэгтэй бөгөөд зарим үсэгт ◌̂, ◌̆ гэсэн хоёр ялгац тэмдэгтэй 7 үсэг бий. Тэдгээр нь ĉ, ĝ, ĥ, ĵ, ŝ ба ŭ болно. Цахим орчинд эдгээр үсгийг шивэхдээ хэрвээ зориулалтын гарын байрлал байхгүй бол cx, gx, hx, jx, sx, ux гэж бичих боломжтой.
Д/д | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Том үсгүүд | A | B | C | Ĉ | D | E | F | G | Ĝ | H | Ĥ | I | J | Ĵ | K | L | M | N | O | P | R | S | Ŝ | T | U | Ŭ | V | Z |
Жижиг үсгүүд | a | b | c | ĉ | d | e | f | g | ĝ | h | ĥ | i | j | ĵ | k | l | m | n | o | p | r | s | ŝ | t | u | ŭ | v | z |
Дүрэм[засварлах | кодоор засварлах]
Эсперанто хэлний үгс нь ойлгомжтой үгийн язгуур, цагаар төгсгөх амар дагавар, шинэ үг үүсгэх хялбар угтвартай бөгөөд энэхүү аргачлал нь тухайн хэлээр ярьж буй хүн маш хурдан ойлгох, үүссэн шинэ үгийг түргэн танихад маш их тусладаг. Мөн нийлмэл үгс нь тодотгож буй үгээ эхэнд тавьдаг байдлаараа англи хэлний нийлмэл үг үүсэх зүй тогтолтой ижил.
Үгийн сангийн хувьд нийтлэг нэр үгс цөм -o төгсгөлтэй байх ба -a төгсгөлтэй бол тэмдэг нэр, -e төгсгөлтэй бол үйл хавсрал (adverb) болдог. Бүх үг нь хүйсийн айн дүрэмгүй бөгөөд үйл үг хувираагүй хэлбэрээрээ цөм -i төгсгөлтэй байна. Одоо цагаар -as дагавартай байх ба захиран тушаах цаг дээр -u дагавар авна. Нэр үг нь ганц тоон дээр -о төгсгөлтэй хэвээр байх бол олон тоон дээр -oj дагавар авдаг. Заахын тийн ялгал авахаар бол -n дагавар авна. Ганц тоо бол -on, олон тоо бол -ojn гэх мэтээр хувирна.
Үйлийн гурван цагтай ба өнгөрсөнд -is, одоо -as, ирээдүй цаг нь -os төгсгөлтэй байна. Жишээ нь, KANT(I)-дуулах, kantis (дуулсан), kantas (дуулна, дуулдаг), kantos (дуулна). Захирах төлөв нь -u, жишээ нь, kantu (дуул), болзолт төлөв нь -us, жишээ нь kantus (дуулваас, дуулвал) болно. Үйл нь ганц тоо, олон тоон дээр хувирахгүй. Жишээ нь Vi kantas (Чи дуулдаг), Ili kantos (тэд дуулцгаах болно), Mi kantos (Би дуулах болно) гэх мэт байна.
Үгийн сан[засварлах | кодоор засварлах]
Эсперанто хэлний цөм болсон үгийн сангийн гол эх сурвалж бол Заменхофын 1887 онд хэвлүүлсэн "Lingvo Internacia" хэмээх ном юм. Энэхүү номд 900 үгийн язгуур орсон ба хэлний угтвар, дагавар, нийлмэл үг үүсгэх аргуудыг ашиглан 10,000 шинэ үг үүсгэх боломжтой ажээ. 1894 онд зохиогч маант анхны эсперанто хэлний толь бичиг болох Universala Vortaro номыг хэвлүүлсэн нь маш их үгийн язгуурыг багтаасан байна. Мөн олон улсад түгээмэл ашигладаг үгсийг зээлж авах арга бий.
Жишээ үгс[засварлах | кодоор засварлах]
Patro - Аав, Patr(ino) - Ээж. -ino дагавар нь хүн амьтан заасан нэр үгийн ардаас заавал эм хүйсийг заасан үг болгодог. Kato - Муур, Kat(ino) - Эм муур буюу мийсгий. Varma - Халуун, (Mal)varma - Хүйтэн. Mal- угтвар нь тэмдэг нэрийн урд орох бөгөөд тухайн тэмдэг нэрийн эсрэг утгыг үүсгэдэг. Жишээ нь, Rapida - Хурдан, (Mal)rapida - Удаан гэх мэт.
Доор хүснэгтэд зарим энгийн харилцан яриаг монгол утгатай хавсаргав.
Монгол утга | Эсперанто | Дуудлага |
---|---|---|
Сайн байна уу, сайн уу | Saluton | Са-лу-тон |
Тийм | Jes | Йэс |
Үгүй | Ne | Нэ |
Өглөө/Өдөр/Оройн мэнд | Bonan matenon/tagon/nokton | Бо-нан ма-тэ-нон, та-гон, нок-тон |
Таны нэрийг хэн гэдэг вэ? | Kio estas via nomo? | Ки-о эс-тас ви-а но-мо? |
Миний нэрийг Бат гэдэг. | Mia nomo estas Bat. | Ми-а но-мо эс-тас Бат. |
Би чамд хайртай. | Mi amas vin. | Ми а-мас вин. |
Баярлалаа | Dankon | Дан-кон |
Би монголоос ирсэн. | Mi venas el Mongolio. | Ми вэ-нас эл Мон-го-ли-о. |
Би эх орондоо хайртай. | Mi amas mian landon. | Ми а-мас ми-ан лан-дон. |
Эсперанто хэл Монголд[засварлах | кодоор засварлах]
Монголын анхны эсперанточ Н.Хаянхярваа гэж хүн байжээ. Тэрээр лам хувраг, Богд хаант Монгол улсын тагнуулч, Ардын хувьсгалын дараа Дотоодыг Хамгаалах Газрын дарга, Эрүүлийг Хамгаалах Газрын дарга, Намын сургуулийн захирал, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, Улсын Их Хурлын гишүүн зэрэг ажил эрхэлж байсан бөгөөд 1920-иод онд Туркт ажиллаж байхдаа эл хэлийг сурсан байна. 1923 онд эх орондоо эргэн ирж хэлээ зааж сургах, гадаадын зохиолчдын зохиол бүтээлийг монголчлох зэргээр Эсперанто хэлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Монголын эсперанточдын гол гол бүтээл туурвил[засварлах | кодоор засварлах]
• Н.Хаянхярваагийн орчуулга “Нүцгэн хаан” Ханс Андэрсэн, ”Бөгтрөгтэй морьхон” Ершов. 1920-иод он.
• Б.Дагва “Монгол-Эсперанто, Эсперанто-Монгол толь”
• Б.Ринчин “Эсперанто хэл өөрөө сурах бичиг”
• Ч.Догсүрэнгийн орчуулга “Фараон” Прус Болеслав. Гурван дэвтэр роман, 1960, 1970, 2000; ”Тамын зовлон эдэлсэн минь” японы баримтат тууж, 1995; ”Дорнодахины охин тэнгэрийн алтан мутрын иллэг” Масаюүки Саионжи. япон бариа заслын ном, 1994; ”Ах дүү хоёр арслан зүрхт” хүүхдийн тууж, 1998; “Эсперанто хэл хорин нэгдүгээр зуунд” Ли Чон Ён, 2002
• Б.Дорж “Арнэ ноёнтон” Сэлма Лагэрлоф. Тууж. 1970
• Ш.Янсанжав “Эсперанто-Монгол толь” 1995, ”Монгол-англи-орос-Эсперанто компьютерийн толь” 2003, ”Монгол-англи-орос-Эсперанто нийгэм, улс төрийн толь” 2005
- "Эсперанто хэл 21-р зуунд" орчуулагч Ч.Догсүрэн, “Esperanto en la 21-a jarcento” LEE Chong-young, 2002, Ulanbatoro .
- Үмэсао Тадао, "Япон орныг тольдохуй" Эсперанто хэлнээс орчуулсан Ч.Энхээ, 2010, Улаанбаатар
Монголын эсперанточдын өнөөгийн үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]
Монголын Эсперанто хэлний байгууллагын үйл ажиллагаа 1993 оноос идэвхжиж, 2002 онд монголын эсперанточдын анхдугаар Их хурал, 2008 онд хоёрдугаар их хурал болсон. Мөн 2010 онд Азийн эсперанточдын 6-р Их хурал Улаанбаатар хотод Ерөнхий сайдын ивээл доор хуралдаж, 30 орчим орны 200 гаруй эсперанточ оролцжээ. Мөн 2019 онд Олон улсын эсперанточ бизнесменүүдийн холбооны 3-р Чуулганыг Улаанбаатарт амжилттай зохион байгуулав.
Монголын Эсперанто-Нийгэмлэг 2009 онд Дэлхийн Эсперанто-Холбоонд гишүүнээр элссэн. Монголын Эсперанто-Нийгэмлэгийн төлөөлөгч 2013-2019 Азийн Эсперанто-Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2019 оноос өнөөг хүртэл тус байгууллагын тэргүүлэгч гишүүнээр, түүнчлэн 2019 оноос Олон улсын эсперанточ бизнесменүүдийн холбооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Монголын эсперанточид улс орныхоо талаарх мэдээллийг олон улсын Эсперанто сонин, сэтгүүл, вэбсайт, телевиз, радиод тогтмол илгээж, википедиа зэрэг лавлах сайтуудад соёл, түүх, нийгэм, эдийн засгийн мэдээллийг тогтмол шинэчлэн баяжуулсаар ирлээ. Мөн жил бүр Эсперанто хэлтэй жуулчин, аялагчдыг хүлээн авч үйлчилж байна.
Сургалт[засварлах | кодоор засварлах]
• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1982-1984
• Монгол улсын Их сургуулийн дэргэдэх Эсперанто хэлний 2 жилийн курс, 1987-1989
• Монгол мэдлэгийн Их сургуулийн дэргэдэх жилийн курс, 1993-1994
• Их Монгол Дээд сургуулийн дэргэдэх жилийн курс, 1996-1997
• Монголын оюутны Үйлдвэрчний эвлэлийн дэргэдэх 45 хоногийн курс, 1994
• Нийгмийн ухааны Дээд сургуулийн албан сургалт, 2007 оноос жил бүр аялал жуулчлалын хоёрдугаар курсын оюутнууд
• Монгол, японы эсперанточдын зуны уулзалт, 1995-2000, 2003-2007
• Цахим сургалт тогтмол болж байна.
Монголын Эсперанто-байгууллагууд[засварлах | кодоор засварлах]
• Монголын Эсперанто-Нэгдэл, 1970-1991
• Монголын Эсперанто-Холбоо, 1991-2002
• Монголын Эсперанто-Нийгэмлэг, 2003
Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary: Эсперанто – Энэ үгийг тайлбар толиос харна уу |