Курт Вальдхайм
Курт Иозеф Вальдхайм, (герман. Kurt Josef Waldheim; 1918 оны 12-р сарын 21-нд Австри улсын Санкт-Андре-Вёрдерн хотод төрсөн— 2007 оны 6-р сарын 14-нд Вена хотод нас барсан) — австрийн дипломат, улс төрч, НҮБ-ын 4 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга (1972—1981), Австри улсын Ерөнхийлөгч (1986—1992).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Курт Вальдхайм Доод Австрийн Андре-Вёрдерн тосгонд төрсөн. Түүний эцэг чех гаралтай, Вацлавик овогтой байсан (чех. Václavík) боловч Австри-Унгарын эзэнт гүрэн задран унасны дараа овогоо Герман нэрээр сольжээ.
Сургуулиа төгсөөд 1936-1937 онд Австрийн армид алба хаасан. 1938 онд Австрийн Аншлюсын дараа тэрээр Германы Үндэсний социалист оюутны холбооны эгнээнд элсэв.
1985 онд хэвлэгдсэн намтартаа тэрээр 1941 онд шархадсаныхаа дараа фронтод алба хааж, дайны үлдсэн хугацааг Венийн их сургуульд суралцахад зориулсан гэдэг байна. Гэвч түүний цэргийн алба 1945 он хүртэл үргэлжилж, Вальдхайм 1943 оны 3-р сараас 1945 оны 3-р сар хүртэл генерал Александер Лёр (герман. Alexander Löhr; 1885 —1947) -ын туслахын алба хашиж байсныг нотлох баримт, нотлох баримт хожим олдсон юм.
1944 онд тэрээр гэрлэжээ. 1945 онд Венийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Курт Вальдхайм дипломат албанд орсон байна. 1955-1956 онд Австри улсаас НҮБ дахь ажиглагч, 1956-1960 онд Австри улсаас Канадад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1964-1968 онд Австри Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч байсан.
1968 онд тэрээр Иосеф Клаусын консерватив Засгийн газрын танхимд Гадаад хэргийн сайдаар ажилласан. 1970 онд болсон бүх нийтийн сонгуульд намаа ялагдсаны дараа тэрээр НҮБ-д суугаа Австрийн байнгын төлөөлөгчийн албан тушаалд эргэн очсон байна.
1971 онд Австрийн Ардын намаас Австрийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ч сонгуульд ялагдал хүлээсэн юм. Тэр жилдээ Курт Вальдхайм НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, 1976 онд хоёр дахь удаагаа улиран сонгогдсон байна.
1986 онд Курт Вальдхайм Австрийн Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлжээ. Сонгууль болохоос хоёр сарын өмнө Америкийн “нацистуудын анчин” Эли Розенбаумын мөрдөн байцаалтын ачаар Курт Вальдхаймын нацистуудтай хамтран ажилласан үеийг гэрчлэх баримт бичиг олдсон юм. Тэрээр дайны үед Грек, Югослав улсад алба хааж байсан бөгөөд Югославын дайны гэмт хэрэгтэй тэмцэх комисс Козарегийн хядлагад түүнийг оролцсон хэмээн буруутган шилжүүлэн өгөхийг шаарджээ.
Гэсэн хэдий ч 1986 оны 6-р сарын 8-нд Курт Вальдхайм Австрийн ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан. Түүний эрх мэдлийн жилүүдэд хэд хэдэн улстай харилцаа муудсан юм. Израил тухайн үед Австриас Элчин сайдаа эргүүлэн татаж байв. Мөн Вальдхаймыг АНУ, Европын болон барууны ихэнх орнууд айлчлуулахаас татгалзаж байжээ.
Тэрээр төрөлх герман хэлнээс гадна англи, франц, итали хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ.
Тэрээр 2007 оны 6-р сарын 14-нд зүрхний дутагдлын улмаас Вена хотод нас барсан.