Вояжер хөтөлбөр

Вояжер хөтөлбөр нь нарны аймаг, түүний хязгаар болон түүнээс цааших ямар ч одны нөлөөлөл үгүй огторгуйн хоосон орон зайг судлах зорилгоор АНУ-ын НАСА-с хэрэгжүүлсэн сансар судлалын хөтөлбөр юм. Вояжер хөтөлбөрийн хүрээнд 1977 оны 8-р сарын 20-нд Вояжер 2-г мөн оны 9-р сарын 5-нд Вояжер 1 сансрын хөлгийг хөөргөсөн. Эдгээр хөлгүүд нь одоогоор 38 жил орчим ажиллаж мэдээллээ илгээсээр байна.

Вояжер 1[засварлах | кодоор засварлах]

Вояжер 1 нь 1979 онд Бархасбадь, 1980 онд Санчир гарагуудын хажуугаар өнгөрч хамгийн анхлан эдгээр гарагууд болон сарнуудынх нь нарийвчилсан зургийг нь авсан юм. Мөн эдгээр гарагуудын цаг агаар, соронзон орон, болон цагиргуудыг судалсан. 1980 оны 11-р сарын 20-нд үндсэн ажиллагаа дууссан бөгөөд дээрх гарагуудын татах хүчийг нь ашиглан хурдаа нэмэн цааш аялсан. Түүнээс цааш нарны аймгийн хязгаар, түүнээс цаашхийг судлан 2012 оны 8-р сарын 25-нд нарын аймгаас бүрэн гарч ямар ч одны нөлөөлөл үгүй огторгуйн хоосон орон зайд орсон анхны сансрын хөлөг болсон. 2015 оны байдлаар нарнаас 132 астрономийн нэгж зайд нисч буй энэхүү хөлөг нь дэлхийгээс хамгийн хол буй дэлхийн обект юм.

Вояжер 2[засварлах | кодоор засварлах]

Вояжер 2 нь 1979 оны 7-р сард Бархасбадь, 1981 оны 8-р сард Санчир, 1986 оны 1-р сард Тэнгэрийн ван, 1989 оны 8-р сард Далайн ван гарагуудын хажуугаар өнгөрч зургийг нь авсан. 1989 оны 12-р сарын 31-нд энэхүү хөлгийг ашиглан нарны аймгийг судлах үндсэн ажиллагаа дууссан бөгөөд түүнээс цааш нарны аймгийн хязгаар, түүнээс цаашхийг судлан 2015 оны 4-р сарын байдлаар Вояжер 2 хөлөг нарнаас 108 астрономийн нэгж зайд нартай харьцангуйгаар 15.4км/с хуртайгаар нисч байна.

Вояжерын Алтан Пянз[засварлах | кодоор засварлах]

Пянзыг хөлөг дээр байршуулсан байршил

Эдгээр хөлгүүд дээр бусад гарагийн оюун ухаант амьд биеттэй харилцах оролдлого болсон Вояжерын Алтан Пянзыг байрлуулсан байдаг. Хэдийгээр хөлгүүд ямар нэгэн одыг чиглэн нисээгүй ч Вояжер 1 нь одоогоор 17.6 гэрлийн жилийн зайд буй ЖИ445 одыг 40000 жилийн дараа нарнаас 3.45 гэрлийн жил зайд ойртон ирэх үед тус одноос 1.6 гэрлийн жилийн зайтай зөрөх юм. Энэ нь магадгүй одоогоор бидний мэдэж буйгаар хүн төрөлхтний өөр одтой хамгийн ойрхон дөхөх дөхөлт юм.