Jump to content

Владимир Ильич Ленин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(В.И.Ленин-с чиглүүлэгдэв)
Владимир Ильич Ленин
В.И.Ленин
ТөрсөнВладимир Ильич Ульянов
1870 оны 4 дүгээр сарын 10
Хаант Орос улс. Симбирск хот
Нас барсан1924 оны 1 дүгээр сарын 21
ЗХУ. Москва хот. Гори зуслан
Оршуулагдсан газарОХУ. Москва хот. Мавзолей
Хөшөө дурсгалОлон тооны хөшөө дурсгал дэлхий улс орнуудад байдаг
Яс үндэсОрос
ҮндэстэнОрос
Аль хотын суугуулСибирийн Симбирск хот
БоловсролДээд
Төгссөн сургуульКазаны Их сургууль, Петербургийн Их сургууль
АжилӨмгөөлөгч, Мэргэжлийн хувьсгалч
Он жил1887-1923 он
ТөлөөлөгчОросын коммунист үзэл суртал
Юугаараа алдаршсанОросын Октябрийн хувьсгалын удирдагч, ЗХУКН болон ЗХУ-ыг үүсгэн байгуулагч-удирдагч, Дэлхийн коммунистуудын нэгдсэн байгууллага Коминтерныг санаачлан байгуулагч
Олон танигдсан бүтээлУлс төрийн онол болон практикийн тухай бүтээлүүд
Түүнд нөлөөлсөнТөрсөн ах Алекса́ндр Ильи́ч Улья́новын хувьсгалч үзэл, түүний цаазлуулсан явдал
Түүний нөлөөлсөнОрос орон
Төрөлх хотСимбирск
Улс төрийн намЗХУКН
Улс төрийн хөдөлгөөнкоммунист
ӨрсөлдөгчПлеханов болон бусад дэлхийн Социалистууд, Кадет, Монархист, Эсэр болон бусад коммунизмын эсрэг нам, хөдөлгөөн
Шүтлэгшашингүй
Ял зэмцөллөг
Ялын гүйцэтгэлСибирийн Шушенск тосгонд цөлөх
Ялын нөхцөлцөллөг
Эхнэр (нөхөр)Надежда Крупская
ХамтрагчТройцкий, Свердлов, Сталин, Зержинский, Бонч-Бурейвич,
Хүүхэдбайхгүй
Эцэг эхЭцэг-Илья Николаевич Ульянов, Эх- Мария Александровна Ульянова

Владимир Ильич Ленин (Орос: Влади́мир Ильи́ч Ле́нин; 1870 оны 4-р сарын 10 - 1924 оны 1-р сарын 21), уг нэр нь Владимир Ильич Ульянов бөгөөд хуурмаг нэр нь В.И. Ленин, Н. Ленин , Оросын хувьсгалч, коммунист улс төрч, Октябрийн хувьсгалын гол удирдагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын анхны тэргүүн. 1998 онд түүнийг Тайм сэтгүүл XX зууны хамгийн их нөлөө үзүүлсэн 100 хүний нэгээр тодруулжээ.[1] Түүний Марксист онолд оруулсан хувь нэмрийг ленинизм гэдэг.

Оросын хувьсгальч Владимир Ильич Ульянов (Ленин) Симбирск хотод 1870 оны 4 сарын 10 нд мэндэлсэн байна. Түүний эцэг Илья Николаевич Самара мужийн ардын боловсролын газрын ажилтан байв. Эх Мария нь гэртээ боловсрол эзэмшсэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байв. Эцэг Илья Николаевичийн эх нь Христийн шашинд орсон халимаг гаралтай хүн байжээ. Энэ тухай зохиолч М.Э.Шагинян бичсэн байдаг. Владимираас гадна тэдний гэр бүлд өөр таван хүүхэд байжээ. 1887 онд Владимирийн том ах Александр эзэн хааны амь насанд халдахаар зэхэж байсан нь илэрч ялын дээд хэмжээ авсан байна. Том ах нь цаазаар авахуулсан нь Владимирыг гүн цочролд оруулж, хаант засаглалыг үзэн ядах болжээ. 1887 онд Владимир Казань их сургуулийн хуулийн ангид элсэн оржээ. Гэвч хууль бус оюутны хөдөлгөөнд оролцсон тул их сургуулиасаа хөөгджээ. Нэгэн үе Владимир цагдаагийн хараа хяналт доор амьдарч байлаа. 1888 оны намар Ульяновыг Казань хотод эргэж ирэхийг нь эрх баригчид зөвшөөрчээ. Казаньд ирээд Ульянов марксист дугуйланд элсэн орсон байна. Н.Е. Федосеевийн удирдан зохион байгуулсан энэ дугуйланд К.Маркс, Ф.Энгельс, Г.В.Плеханов нарын бүтээлийг судалдаг байлаа. Самарад байхдаа Владимир газар тариалан эрхлэх гэж оролдож байжээ. 1891 онд Петербургийн их сургуульд элсэн оров. 1892-1893 онд марксист үзэл, онолыг сурталчилах зорилготой дугуйлан байгуулжээ. 1895 онд хилийн чанад руу явж оросын цагаач Георгий Плехановтай танилцжээ. Тухайн үед “Хөдөлмөрийн эрх чөлөө” гэдэг бүлэглэлийг удирдаж байсан юм. Владимир 1895 онд Москвад ирээд “Ажилчин ангийн эрхийг хамгаалах холбоо” байгуулжээ. Хууль бус байгууллага нээсэн тул түүнийг эрх баригчид баривчилж хэсэг хугацаанд шоронд хорьж байгаад дараа нь Сибирь руу цөлжээ. 1895 онд Владимир “Орос дахь капитализмийн хөгжил” ном бичжээ. Тэрээр энэ бүтээлдээ хөрөнгөтнүүд бол мөнгө хүүлэгчид, хаант засаглал бол дарангуйлагч дэглэм гэж нотлохыг оролдсон байдаг. Тэр жилдээ Владимир баривчлагдан, нутаг заагдан амьдарсан байна. 1898 онд Владимир Шушен-Енисейн губернд цөллөгт байхдаа тэрээр Надежда Крупская гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна. 1898 онд Минск хотод байх үеэр Оросын социал демократ намыг байгуулжээ. Гэвч энэ намын үйл ажиллагааг эрх баригчид хориглож хууль бус гэж үзсэн байна. 1900 онд Владимир Ульянов эх орноо орхин Герман руу явжээ. Гадаадад цагаачлан амьдарч байхдаа Владимир “Искра” сонинг эрхлэн гаргаж сонингоороо дамжуулан марксист үзэл сурталыг дэлгэрүүлэхийг чармайж байв. Сонин эрхлэн гаргах болсон нь хууль бус бүлэглэл Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үүсгэн байгуулахад нь тус болж байлаа. Энэ үеэс тэр Ленин гэдэг нууц нэрийг ашиглах болжээ. 1902 онд тэрээр “Юуг хийх вэ?” номоо бичлээ. Энэ номонд нь ажилчин ангийнхан хувьсгал хийж, хөрөнгөтнүүдийн эсрэг тэмцэл хийх хэрэгтэй гэдэг үзэл санааг тусгажээ. 1903 онд Лондон хотод Оросын социал демократ намын 2-р их хурал болж Ленин өөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Ленин орос оронд эхлээд хаант засгийг унагааж, үндсэн хуульт Бүгд найрамдах улс байгуулах, дараа нь хамжлагат ёсыг халж, өдөрт 8 цаг ажилладаг хөдөлмөрийн хуваарьт шилжих, эцэст нь социалист хувьсгал хийж пролетарийн дарангуйлал тогтоох хэрэгтэй гэж хөтөлбөртөө тусгажээ. Намын зарим нөхөд Лениний боловсруулсан хөтөлбөрийг дэмжсэнгүй. Эндээс большевик буюу олонхи, меньшевик буюу цөөнх гэсэн ойлголт гарсан байна. 1905 оны Орос дахь хувьсгалийн үеэр Ленин орост аж төрж байв. Харин ерөнхий сайдаар Столыпин томилогдсоны дараа Ленин дахин цагаачилжээ. 1912 онд “Правда” сониныг эрхлэн гаргаж байлаа. Дэлхийн 1-р дайны үер эхлээд Австри, хожим Швейцарь улсад очсон байна. 1915 онд Циммервальде, 1916 онд Кинтальд болсон хурлын үеэр империалист дайныг иргэний дайн болгон хувиргах хэрэгтэй гэж тайлбарлаж, Орост социалист хувьсгал ялах боломжтой гэж нотлож байлаа. 1917 оны 2-р сарын хувьсгалийн дараа Ленин орост ирж “Түр засгийн газрыг дэмжихгүй” гэсэн уриа дэвшүүлжээ. 2-р сард болсон хөрөнгөтний ардчилсан хувьсгалаас социалист чиг баримжаатай болох хэрэгтэй гэж Ленин өөрийн илтгэлдээ онцлон тэмдэглэж байлаа.1917 оны 10-р сард Ленин өөрийн дэмжигчдэд хандан зэвсэг барин бослого гаргах хэрэгтэй гэж ятгаж дөнгөв. Ингээд Петроград хотод болсон бослогыг Ленин гардан зохион байгуулжээ. Зөвлөлүүдийн 2-р их хурлаар Ленинг Ардын комиссарын дарга, Зөвлөлтийн ажилчин тариачны намын даргаар сонгожээ. Брестийн энхийн гэрээ байгуулахад Ленин чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр “цэргийн коммунизм”, “улаан террор”-ын бодлого явуулж байв. Мөн сөрөг хүчний намын үйл ажиллагааг таслан зогсоож, сэхээтнүүдийг баривчилж цөллөгт явуулж байлаа. 1918 оны 8 сарын 30-нд Фанни Каплан гэдэг эмэгтэй Лениний амь насыг хороох зорилгоор халдлага хийж байлаа. Бууны сум түүний амин тус газраас нь хол байсан тул Ленин амьд үлджээ. Социалист улс болсон Оросын шинэ эрх баригчид Европын бусал орнуудыг ч ийм зам сонгох хэрэгтэй гэж суртал ухуулга хийж эхэлжээ. Улмаар дэлхийн социалист системийг үүсгэхийг мөрөөдөж байлаа.

Лениний хэлсэн үг
Зургийг Улаан-Үддийн төв талбай Лениний хөшөөтэй харуулав.

1920-оод оны эхэн үеийн “цэргийн коммунизм” нь алдаатай бодлого гэдгийг Ленин Орост иргэний дайн болсоны дараа ойлгожээ. Ингээд шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Орост иргэний дайн дууссаны дараа Лениний явуулсан гадаад бодлого нь амжилт муутай байв. Дэлхийн их гүрнүүдээс зөвхөн Герман улс ЗХУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Орос улс 1920 онд Финланд, Эстони, 1921 онд Польш, Турк, Иран, Монгол улстай дипломат харилцаа тогтоожээ.1920 оны 10 сард Москвад Монголын төлөөлөгчид ирж тусгаар тогтнолоо Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тавьжээ. Ленин Монголын төлөөлөгчдийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч заавал социалист тогтолцоог сонгох хэрэгтэй гэдэг болзол тулгасан байна. Ленин 1920 оноос хойш Орос орныг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө баталсан байна. 1918 онд буудуулж шархадсан нь Лениний эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. 1922 оноос Лениний эрүүл мэнд муудаж эхэлсэн байна. 1922 оны 12 –р сард эмнэлэгт хэвтэж, улс төрөөс холджээ. 1923 оны 3 сард тархинд нь цус харважээ.Түүнийг эмчлэхээр Германаас мэдрэлийн эмч дууджээ. Лениний эмчлэгч эмчээр 1922 оноос 1924 онд нас барах хүртэл нь Отфрид Фёрстер ажилласан байна. 1923 оноос Ленин Москвагийн дагуул хот Горкид амьдрах болов. Москвад хамгийн сүүлийн удаа 1923 оны 10 сарын 19-нд байжээ. 1924 оны 1 сард Лениний бие эрс муудаж, хэвтэрт орлоо. 1924 оны 1 сарын 21-нд 18 цаг 50 минутад Ленин амьсгал хураажээ. Лениний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний тархиний судас нарийсаж, тархиний цусан хангамж алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүний цогцосыг занданшуулж Москва хотын төв талбайд барьсан бунханд байрлуулжээ.Лениний үйл ажиллагааг товчхон дүгнэж хэлэхэд тэр бээр өөрийн ахыг нь цаазалсан хаант Орост ихэд өш хонзон санаж хаант Оросын төрийн түшээд, баян чинээлэг ардууд, газрын эздийг хөнөөх хэрэгтэй, хаант засгийн устгах хэрэгтэй. пролетарийн диктатур тогтоож, дарлагч ангийг бүхэлд нь устгах хэрэгтэй" хэмээн үздэг байв. Тийм ч учраас Ленин алан хядах ажиллагааг зохион байгуулдаг байв. Оросын нэрт марксист Плеханов Лениний хүчирхийлэл, диктатурыг баримталсан бодлогыг шүүмжилдэг байсан. Плеханов түүний" Дөрөвдүгээр сарын сэдэвүүд" бүтээлийг нь шүүмжилж "Энэ бол солиорол, Ленин бол балмад түрэмгий этгээд" хэмээн шүүмжилж байв. Ленин засгийн эрхэнд гарсны дараа ВЧК / Онцгой Байдлын Комисс/-г байгуулж түүний даргаар нь бага ангийн боловсролтой харгис большевик Феликс Дзержинскийг томилж оросын бүх сэхээтэн, чинээлэг ард иргэд, зөвлөлт засгийн харгислалыг шүүмжилсэн бүх хүмүүсийг баривчлан хэдэн зуун мянгаар нь ямар ч шүүх,нотлох баримтгүй буудан хөнөөж байлаа. 1923 онд Ленин оросын бүх сэхээтэн, их дээд сургуулиудын доктор профессоруудыг гадаад руу хөөн явуулж байлаа.Ленин нас барсны дараа Сталин , Дзержинскийн харгис бүлэглэл засгийн эрхийг гартаа авч хамт хувьсгал хийсэн Троцкий зэрэг олон журмын нөхөдөө болон бусад сэхээтнүүдийг толгой дараалан баривчлан гадаадад хөөх, шоронд хорих, хөнөөх ажиллагааг явуулж байв. Ард иргэдээ зөвлөлт засгийн эсрэг хуйвалдсан гэсэн гүтгэлгээр хэдэн саяар нь буудан хөнөөж байлаа.Улаантны энэхүү харгислалаас зугтааж тэр жилүүдэд 7 сая орос хүн гадаадад дүрвэн зугатааж гарч байв. Улс оронд нь өлсгөлөн болж чинээлэг тариачдын газрыг булаан авч нударгантай тэмцэж байна хэмээн олон мянган чинлээлэг тариачдыг буудан хөнөөв.Ленин 1917 онд хувьсгал хийхдээ ард түмэнд : "Үйлдвэрийг ажилчдад, газрыг тариачдад, засгийн эрхийг Зөвлөлүүдэд" хэмээн уриалж байсан юм. Гэвч Ленин засгийн эрхийг булаан аваад "газрыг тариачдад, үйлдвэрийг ажилчдад" гэсэн амлалтаа огт биелүүлээгүй юм. Лениний үүсгэн байгуулсан харгис хатуу большевик засаглал нь түүнийг нас барсны дараа улам харгис хатуу болж түүний залгамжлагч Сталин улаан хядлагыг улс орон даяар зохион байгуулж 1924-1945 онуудад нийтдээ зөвлөлтийн 24 сая хүн хэлмэгдэж амь насаа алдсан байдаг.

Ленин ба Монгол Улс

[засварлах | кодоор засварлах]
Сүхбаатар Ленинтэй уулзаж,Оросын коммунист намын зурагт

Оросын Ажилчны Социал Демократ намын нийт Оросын VI (“Прагийн” гэгддэг) бага хурлаас гаргах “орчин үеийн байдал, намын зорилтын тухай” тогтоолын төсөлд В.И.Ленин: “…Европт улам бүр хойш түрэгдэж байгаа хаант засаг (Оросыг хэлж байна,) эрх чөлөөний төлөө хувьсгалт тэмцэл хийж байгаа ... Монголын эсрэг чиглэсэн колонийн ёсны түрэмгийлэл хийх замаар шунахай эрх ашгаа хангахыг оролдож байна” гэсэн шүүмжлэлээр манай улсын талаархи санаа бодлоо анхлан илэрхийлж эхэлжээ. Тэрбээр эл тогтоолын төслийг 1912 оны нэгдүгээр сарын эхээр бичжээ. Энэ цагаас хойш В.И.Ленин Монголын талаар цаг үе бүхэнд анхаарал тавьж байсныг цаашид дурдах, баримтууд харуулж байна. В.И.Ленин 1912 оны 11 дүгээр сард “Ажилчны депутатуудын хэлэх зарим үгийн тухай асуудалд” гэсэн сэдэвт өгүүлэл бичиж Оросын IV Думын социал-демократ фракцид өгчээ. Энэ нь тус фракцийн тунхаглалын үндэс болжээ. Уг сэдэвт Оросын Засгийн газрын гадаад бодлогод “…Монголыг булаан эзлэх” гэсэн шунал байгааг нь эсэргүүцжээ. Тэгээд В.И.Ленин 1912 оны арваннэгдүгээр сард “Думын ажилчны депутатууд ба тэдний тунхаглалын тухай асуудалд” сэдэв бичиж, түүндээ Оросын засгийн газар “…сайн харилцааг зөрчиж Монголыг эзлэн авах” гэж байгаа хэмээн буруушаажээ. Гэхдээ тэрбээр сайн харилцаа гэдэгтээ Хятад улстай харилцах харилцааг хэлсэн бололтой.

1913 оноос эхлэн Хятадыг бодолцсон үгнээсээ буцаж Монголын асуудлаар эхэндээ баримталж байсан санаанууд руугаа эргэж орсон байна. В.И.Ленин 1913 оны арваннэгдүгээр сард нийтлүүлсэн “Хөрөнгөтний гадаад бодлого” гэдэг үгүүлэлдээ “…Монголд ардчилсан байгууллагууд бий болох уу, чухам яаж бий болох вэ гэдэг талаар” Оросын их гүрний үзэлт сонинууд “бичих ч үгүй, ярих ч үгүй байна” гэж хэлээд тухайн цагийн Оросынхоо сонин хэвлэлийг шүүмжилжээ. Энд Монголын тусгаар тогтнолын тухай асуудал далдуур яригдаж байна.

Тэрбээр бас 1913 оны зургадугаар сард бичсэн “Ардыг гэгээрүүлэх яамны бодлогын тухай” гэдэг өгүүлэлдээ Орос улс ардын боловсролд хөрөнгө гаргахгүй мөртлөө Монголд “дээрэм хийх балмад бодлогод зарцуулах зардлаараа … маш “баян” байгаа юм” гэжээ. В.И.Ленин Дэлхийн I дайны мөн чанарыг тодорхойлж 1915 онд хэлсэн нэг үгэндээ, уг дайны мөн чанар нь Англи, Франц, Герман улс колонийг хуваах гэж хоорондоо тэмцэлдэж байгаа бол “Оросын хаант засаг, эрх баригч ангиуд” “Перс, Монгол, Азийн Турк, Константионоль, Галиц зэргийг эзлэн авах гэж эрмэлзэж байгаад оршино” хэмээн тодорхойлжээ.

Тэрбээр 1915 онд бичсэн “Социализм ба дайн” гэдэг товхимолдоо “Оросын шинэхэн маягийн капиталист империализм” ч гэсэн “…Монголын талаар явуулсан” хаант засгийн бодлогыг үргэлжлүүлж байна гээд Оросын хийж байгаа дайн “…эрх чөлөөний эсрэг шинж чанараараа онцгой юм”6 гэж дүгнэжээ. В.И.Ленин 1915 онд дайны талаар гаргасан уриалгадаа Оросын хаант засаг “…Перс, Монгол зэргийг боолчлохыг эрмэлзэн дээрмийн дайн хийж байна” хэмээн дахин шүүмжилжээ.

1916 оны 8-10 дугаар сард бичсэн “Марксизмыг дууриах гээд хөглөсөн нь” хэмээх зохиолдоо монголын талаар оруулсан түүний санааг чухалчлан анхаарах нь зүйтэй болов уу гэж санагдана. Тэрхүү томоохон зохиолд:“…их Оросын ажилчин бид засгийнхаа газрыг Монгол, Туркестан, Персээс зайл гэж шаардах ёстой…” гээд эл шаардлага бол, жишээ нь, Монголыг Оросын пролетари нараас холд гэсэн үг биш гэдгээ нотлоод, “энэ бол дарлагдсан бүх орны, түүний дотор колониудын дарлагдсан бүх ангийг биднээс битгий тусгаарла, харин бидэнтэй аль болохоор ойртон нийл”8 хэмээсэн үг гэж тайлбарлажээ. Цааш нь тэрбээр үүнээ лавшруулж: “колониуд тусгаарлах бүрэн эрх чөлөө, үнэхээр өөрөө засан тохинох эрх олгохыг засгийнхаа газарт шаардаж байгаагаа” илэрхийлжээ. Тэгээд “Бид бол (Оросын ажилчин анги) монгол, перс, египетүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайна…” хэмээн хэлжээ. Энэ “ойртон нийлнэ” гэдгээ тэрбээр: “Биднээс илүү дарлагдан хоцрогдсон эдгээр улс түмэнд…машин хэрэглэх, хөдөлмөрөө хялбарчлах, ардчилал, социализмд тэднийг шилжихэд нь туслахыг бид хичээнэ” хэмээн тайлбарлажээ.

В.И.Лениний энэ бүх санаа дэлхийн том гүрнүүдийн колоничлох бодлогын их дайны үед хэлэгдсэн бөгөөд тэрбээр 1916 оны эхний хагаст бичсэн “Империализмын тухай дэвтрүүддээ “…1910 оны долдугаар сард Орос, Япон хоёр Солонгосыг монголоор “арилжих” гэрээ байгуулав. ...1914 оны есдүгээр сарын 17-нд Орос улс “тусгаар тогтносон” Монгол Улстай “гэрээ” байгуулав. (Монголыг дээрэмдэх гэрээ” хэмээн тэмдэглэжээ).

Монголын талаархи В.И.Лениний бодол ийм байдлаар явсаар байгаад тэрбээр 1917 оны зургадугаар сард бичсэн үгүүлэлдээ “Оросын ажилчин, тариачин бид Их Оросын биш (Туркестан, Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй” гэсэн шийдвэрт хүрчээ. Октябрийн хувьсгалын дараагаар В.И.Ленин тэргүүтэй Зөвлөлт Оросын Засгийн газар 1919 оны 8 дугаар сарын 3-нд Монголын ард түмэн, Засгийн газарт давтан ирүүлсэн бичигтээ: Хаант Оросоос Монголд эдэлж байсан онцгой эрхийг хүчингүй болгосноо дахин мэдэгджээ. Уг бичигт: “Монгол Улс бол эрх чөлөөт орон мөн ... Тус орны засгийн бүх эрх ба шүүн халах эрх монголын ард түмэнд байх ёстой. Гадаадын ганц ч хүн монголын дотоод хэрэгт оролцох эрхгүй... Зөвлөлт Засгийн газар энэ тухай монголын ард түмэнд өндөр дуугаар өргөмжлөн мэдэгдэж, Оросын ард түмэнтэй дипломат харилцааг түдгэлзэлгүй тогтоон, Монголын чөлөөт ард түмний төлөөлөгчдийг улаан армийн өмнөөс угтан явуулахыг хүснэ” гэжээ.

Монгол судлаачдын цуглуулсан баримтаас үзэхэд В.И.Ленин 1921 онд Монголын Засгийн газартай байгуулах хэлэлцээрийг “өнөөдөр****багтааж хянан үзэхийг хүссэн ” гэж нэгэн зурвас бичжээ. Энэ нь академич Б.Ширэндэв гуайн хэлснээр: “Орос, Монголын гэрээнд гарын үсэг зурах явдлыг түргэлэх тухай заалт” байлаа. “Монголын анхны албан ёсны төлөөлөгчид 1921 оны арваннэгдүгээр сард Москвад очиж, Зөвлөлийн засагт Орос улсын засгийн газартай хэлэлцээр хийж, хоёр орны хооронд найрамдалт харилцаа тогтоосон тухай орос монгол хоёрын хоорондын найрамдлын анхны гэрээнд гарын үсэг зурахад В.И.Ленин биеэр оролцсон билээ” гэж Б.Ширэндэв гуай бичжээ.

Хоёр тал гэрээнд 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан байна. Уг гэрээ бичгийн оршилд: “Урьдын Оросын хаант Засгийн газраас түүний эзэрхэг түрэмгий, зальт шунахай бодлогын хүчээр дарлаж, автономит Монголын Засгийн газартай байгуулсан гэрээ бичгүүд хоёр улсад шинэ байдал тогтсон учир хүчингүй болсон”-ыг онцлон тэмдэглэжээ. Мөн гэрээ бичгийн нэгдүгээр зүйлд: “Зөвлөлийн засагт Орос улсын засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Монголын Ардын засгийн газрыг зөвшөөрөн хүлээнэ” гэж заажээ. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө В.И.Ленин монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан нь манайхантай түүний уулзсан хоёрдахь уулзалт байв.Ленин Сүхбаатартай огт уулзаагүй бөгөөд зөвхөн Данзан уулзсан гэдэг. Зарим судлаачид Ленин монголчуудтай огт уулзаагүй, харин тэр үеийн зөвлөлт засгийн Гадаад хэргийн сайд Чичерин монголын төлөөлөгчидтэй уулзсан гэдэг баримт буй.

Мавзолей дах Лениний шарил руу хийсэн халдагууд

[засварлах | кодоор засварлах]

1934 оны халдлага

[засварлах | кодоор засварлах]

Лениний шарилд 1934 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хамгийн анх удаа халдсан хэрэг гарчээ. Хэргийг Москвагийн мужийн “Прогресс” хамтралын хамтралчин Митрофан Никитин үйлдсэн байна. Тэрээр бунханд үзэгчээр нэвтрэн ороод шарилыг “Наган”гар маркийн буугаар буудахыг оролдсон байна. Хамгаалалтын ажилтангууд баривчлах гэсэн боловч Никитин өөрийгөө буудаж амиа хорложээ. Түүний биеэс дараах захидал олдсон байна. Үүнд: “1934 оны энэ хавар халдварт өвчин, өлсгөлөнгөөр дахиад л өчнөөн олон хүн нас барах нь ээ. Ард түмэн ийм амьдрал хүсээгүй, тэгээд ч үүнийг даван туулах тэнхэлгүй болсныг Кремлийнхэн харахыг ч хүсэхгүй байна. Би ард түмнийхээ төлөө баяртайгаар үхэж байна. Би 13 наснаасаа эхлээд ажилласан, олонтойгоо хүн болохоор тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Энэ бүхнийг би удаан бодсон, яаж амьдарснаа ч бодсон. Та нар юу хийж байгаагаа мэдэж байна уу, энэ улс орон ард түмнийг хааш нь жолоодож явна вэ. Бүх зүйл уруугаа явж ард түмэн үгээгүй ядуурч байгааг харж байна уу” гэж бичсэн байсан байна.

1960 оны халдлага

[засварлах | кодоор засварлах]

Фрунзе хотын иргэн Татарин Минибаев үзэгчийн журмаар бунханд нэвтэрсэний дараа хашлага даван үсэрч шарлын хэсэг рүү нэвтрэн шарил хадгалсан шилэн хоргыг хутгаар эвдлэхийг оролджээ. Үүний үр дүнд хамгаалалтын шил цуурч хэлтэрхий нь Лениний занданшуулсан шарилын арьсыг гэмтээсэн байна. Бунханы хамгаалагч нар Минибаевийг баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад Минибаев Лениний шарилд халдахаар 1949 оноос эхлэн бэлтгэж, уг хэргээ гүйцэлдүүлэх гэж Москвад нисч ирсэн гэдгээ хүлээсэн байна. Лениний шарлыг сэргээн засах шаардлагатай болсон бөгөөд үүний улмаас Мавзолейг хэдэн сараар хаасан байна.

1962 оны халдлага

[засварлах | кодоор засварлах]

Москва орчмын Павловск хотод нягтлан бодогчоор ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Лютиков шарилын шилэн хорго руу чулуу шидсэн байна. Чулуунаас шилан хаалт хагарч гэмтээгүй байна. Мөрдөн байцалтын явцад Лютиков нь зөвлөлтийн эсрэг үзэлтэн болохоо хүлээн зөвшөөрч, зөвлөлт засгийн эсрэг захидал бичиж хэвлэлүүдэд болон гадаад орнуудын ЭСЯ-нд илгээж байсан бөгөөд лениний цогцост халдахаар хоёр жил бэлтгэсэн гэж мэдүүлсэн байна.

1967 оны халдлага

[засварлах | кодоор засварлах]

2010 оны халдлага

[засварлах | кодоор засварлах]

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  • “Ленин” гэсэн нууц нэр нь анх 1901 онд бий болжээ. Тухайн үед өөрийн хэд хэдэн бүтээлээ В.И.Ульянов “Н.Ленин” гэсэн нэрээр бичиж эхэлсэн байна.
  • 1917 онд Норвеги улс Ленинд Нобелийн Энхтайвны шагнал олгох санал тавьсан хэдий ч хугацаа нь хоцорсноос хүчингүй болсон аж. Гэвч Нобелийн шагнал хариуцдаг зөвлөлийн зүгээс хэрэв Орос оронд энхтайван тогтох юм бол шагналыг олгохоос татгалзах зүйлгүй хэмээн мэдэгдэж байсан боловч Иргэний дайн Ленинд Нобелийн шагнал хүртэх боломж олгосонгүй.
  • 1887 онд залуу Владимир Ульянов Симбирскийн гимназийг төгсчээ. Сонирхолтой нь, тухайн үед гимназийн захирал нь 1917 онд Түр Засгийн газрыг толгойлж байсан А.Ф.Керенскийн аав Ф.М.Керенский байсан аж.
  1. Time 100: V.I. Lenin (Memento 26. Дөрөвдүгээр сар 2009 цахим архивт) by David Remnick, 13 April 1998.
 Commons: Vladimir Lenin – Викимедиа зураг, бичлэг, дууны сан