Газын зурвас
Газын зурвас- (Араб хэлээр:- قطاع غزّة [qɪˈtˤɑːʕ ˈɣazza], еврей хэлээр- רצוצת עזה, англи. Sector Gaza)- Газар дундын тэнгисийн зүүн эрэг дэх, хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн Арабын Палестин улсын нутгийн тусдаа хоёр хэсэг нутгийн нэг юм (Иордан голын баруун эргийн нутаг дэвсгэрийн хамт). Газын зурвас нь ойролцоогоор 40 км урт, өргөн нь 6-12 км. Нийт талбай нь 360 км² орчим бөгөөд хамгийн том хот нь Газа юм.
Зүүн ба хойд талаараа энэ нутаг нь Израил улстай хиллэдэг бөгөөд хяналтын цэгүүдтэй тусгаарлах хашаагаар тусгаарлагддаг. Харин баруун өмнөд хэсгээрээ Египеттэй хиллэдэг бөгөөд тэндээсээ бетонон ханагаар тусгаарлагддаг ажээ.
НҮБ-ын 1947 оны Палестины газар нутгийг араб болон еврей гэсэн хоёр улсад хуваах Төлөвлөгөөний дагуу "Газын зурвас" нь Арабын улс байгуулахад зориулсан нутаг юм. Энэхүү НҮБ-ын шийдвэрийг арабчууд эсэргүүцэж Араб-Израилын 1948-1949 оны дайн болсон юм.
Энэ нутаг 1948-1967 онуудад Египетийн хяналт дор байсан.
1967 онд болсон "Зургаан хоногийн дайн"-ы үр дүнд Газын зурвас нутаг 2005 он хүртэл Израилын хяналтад байсан.
2005 онд Израил тус нутгаас цэрэг, оршин суугч иргэдээ гаргаж, 2007 оноос эхлэн ХАМАС исламын хөдөлгөөнийхөн тус нутгийг хяналтдаа авчээ.
Өнөөгийн байдлаар АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээлж буйгаар 1,9 сая орчим хүн Газын зурваст оршин сууж байгаа ажээ.
Газын зурваст усан боомт байдаггүй тул зөвхөн Египет, Израил хоёроос хуурай замаар тээвэр хийдэг байна.
Ямар ч улс албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй боловч Палестины эрх баригчид Палестины нутаг дэвсгэр хэмээн 2006 онд зарлаад байгаа.
Газын зурвас нь 2007 онд болсон мөргөлдөөний үеэр Палестины үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн (ФАТХ) хагас цэрэгжсэн байгууллагын талынхныг түлхэн унагасан исламист ХАМАС бүлэглэлийн хяналтад ороод байгаа юм.
ХАМАС бүлэглэлийг АНУ, Их Британи, Европын Холбоо болон Иордан, Египет зэрэг хэд хэдэн улс террорист бүлэглэлд тооцдог. ХАМАС бүлэглэлийн дайчид Израильтай хэд хэдэн удаа дайтаж байв.
Газын зурвасын хүн амын 80 гаруй хувь нь ядуу амьдардаг гэсэн судалгаа байдаг. 2022 онд ажилгүйдлийн түвшин 45 хувь болж, дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ. НҮБ-аас болон бусад хүмүүнлэгийн байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэн.
Залуучуудын ажилгүйдэл маш өндөр байгаа бөгөөд 19-29 насны ахлах болон коллежийн дипломтой хүмүүсийн бараг 74 хувь нь ажил олж чадахгүй байна.
2023 оны 10-р сарын 7-нд ХАМАС-ын зэвсэгт хүчин Израиль руу довтолж 5000 гаруй цэнэгт хошуу пуужин харвасан байна. ХАМАС-ын хуурай замын цэрэг Газын зурвасын хилийг давж, хэд хэдэн сууринг эзэлж, 150 гаруй хүнийг олзлон авчээ. Израиль Газын зурвас руу хариу цохилт өгсний дараа Тель-Авив руу 150 гаруй цэнэгт хошуу харважээ. Энэ үеэр нийт нас барсан хүний тоо 600 гаруй байна. 10-р сарын 8-ны өглөө хойд чиглэлд Газын төлөөх тулаан эхэлсэн. Үүний дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зрвасын оршин суугчдыг нүүхийг уриалжээ. Тэрээр:- “Бид Хамас бүлэглэлийн нуугдаж буй хотын бүх газрыг балгас болгоно. Израилийн арми бүх хүчээ дайчилж байна. Газын оршин суугчид, яаралтай гарцгаа" гэжээ.