Говь (компани)
| Говь ХК | |
|---|---|
| Эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
| Үүсгэн байгуулагдсан | 1981 оны 9 сарын 5 |
| Төв байр | Улаанбаатар, |
| Удирдлага | Б.Амарсайхан (гүйцэтгэх захирал) Ц.Баатарсайхан (ТУЗ-ийн дарга) |
| Ажилчид | ▲ 1,300 (2025 он) |
| Салбар | Ноос, ноолууран бүтээгдэхүүн |
| Бүтээгдэхүүн | GOBI GOBI Organic GOBI Kids Goyo YAMA |
| Цахим хуудас | www.gobi.mn |

“ГОВЬ” ХК нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан үндэсний ууган үйлдвэрлэгч юм. “ГОВЬ” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард “Эф Си Ай” ХХК олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “ГОВЬ” ХК хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.[1] Монгол ямааны 100% ноолуурыг ашиглан дэлхийн зэрэглэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг дэлхийд цөөнд тооцогддог ноолуурын цогц үйлдвэр юм. Компанийн нэр нь Монголын түүхий ноолуурын дийлэнх хэсгийг нийлүүлдэг, ховор амьтан ургамлын өлгий болсон байгалийн өвөрмөц тогтоцтой Говь цөлийг бэлгэддэг.
“ГОВЬ” ХК нь Улаанбаатар хотод гурван салбар, Дархан хотод нэг салбар дэлгүүртэй. Мөн Герман улсын Берлин, Дюссельдорф хотуудад салбар дэлгүүрүүдтэйгээс гадна олон улсад найман франчайз дэлгүүр ажиллуулж байна.[1] Түүнчлэн Герман, АНУ, Их Британи, Франц болон Польш улсад зориулсан албан ёсны онлайн дэлгүүрүүдээр үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тус компани нь түүхий эдийг зуучлагчгүйгээр малчдаас шууд худалдан авч, дэвшилтэт технологиор боловсруулан өндөр чанарын ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын (ЮНИДО) төслийг хэрэгжүүлэх хүрээнд ноолуур болон тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр байгуулагдсан. Тус төслийн хүрээнд 78 инженер Япон улсад гурван сарын сургалтад хамрагдан ноолуур, тэмээний ноос боловсруулах аргачлал болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллуулах чиглэлээр бэлтгэгджээ.[2]
Ноолуур нь Монголын нүүдэлчин малчдын хувьд олон зуун жилийн туршид амин чухал баялаг байсаар ирсэн. Улсын гол экспортын бүтээгдэхүүний нэг болох ноолуур нь говь, тал, уул, ой зэрэг олон төрлийн бүс нутагт тархан амьдардаг ямааны хялгасан үснээс боловсруулан гаргадаг. Монголын бусад гол экспортын бүтээгдэхүүнд нүүрс, зэс, алт зэрэг ашигт малтмал багтдаг.[3]
2012 онд ашигт малтмалын салбарын огцом өсөлтөөс үүдэн инфляц нэмэгдэж, тухайн жил 12%-т хүрэв. Үүний улмаас бизнес эрхлэгчдэд хүндрэл учирсны дунд “ГОВЬ” ХК-ийн үйлдвэрлэлийн өртөг өсөж, ялангуяа түүхий эдийн үнэ нэмэгдсэн.
COVID-19 цар тахлын үед дэлхийн ноолуурын эрэлт буурч, түүхий эдийн үнэ унахад хүргэсэн. Үнийн бууралтаас үл хамааран олон улсад ноолуурын эрэлт буурснаар Монголын хүн амын 1/4-ийг эзлэх нүүдэлчин амьдралтай малчдын өрхийн орлогын гуравны нэгийг хангадаг[1] ноолуурын үйлдвэрлэл мөн адил буурсан. Энэ уналт нь малчдын амьжиргаа, нүүдэлчин өв соёл, тогтвортой байдалд сөрөг нөлөө учруулсан.
Түүхэн товчоон
[засварлах | кодоор засварлах]- 1976 он - ЮНИДО-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтад оров.
- 1977 он - Япон улсын Засгийн газраас БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иенийн буцалтгүй тусламж олгож, Улаанбаатар хотноо ноос ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулав.[4]
- 1981 он - Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн, технологийн шугамыг ашиглалтад хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны хүрээн дэх анхны байгууламж “ГОВЬ” үйлдвэр үүд хаалгаа нээлээ.[4]
- 1987 он - Компьютерын автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурилуулав.
- 1991 он - Олон улсын ISO-9000 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлж[4], үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 98% экспортлон Олон улсын чанарын цом, гэрчилгээг авсан Монгол улсын анхны үйлдвэр боллоо.[5]
- 1993 он - Монгол Улсын Засгийн газрын Өмч Хувьчлалын Комиссын тогтоолоор “ГОВЬ” УҮГ-ыг “ГОВЬ” ХК болгон зохион байгуулж, МХБ-д бүртгүүлэн, нийт дүрмийн сангийн 25.1% буюу 1,919,061 ширхэг хувьцаа нь хөрөнгийн биржээр арилжаалагдсан.
- 1997 он - Монголд анх удаа ноос ноолууран хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх “Говь-2″ үйлдвэрийг ашиглалтад оруулав.
- 1998 он - Гадаад зах зээлээ өргөжүүлэн Япон улсад “Алтай”, Бельги улсад “Gobi Europe”, АНУ-д “Gobi- USA” зэрэг охин компаниуд байгуулж, дэлхийн 30 гаруй оронтой түншийн харилцаагаа өргөжүүлэн тогтоов.
- 2000 он - Утас будах технологи нэвтрүүлэв. Орчин үеийн компьютерын системд холбогдсон STOLL-330 сүлжих машиныг суурилуулав.
- 2007 он - "ГОВЬ” компанийн төрийн өмчлөлд байсан 73.45%-н хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “ГОВЬ” ХК хувийн эзэмшилд бүрэн шилжлээ.
- 2008 он - Үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитектор Сайко Кейчиро хийж гүйцэтгэн, шинэ дэлгүүр тухайн оны 6 сард нээлтээ хийлээ. [6][7]
- 2009 он - Японы Токио хотод салбар дэлгүүрээ нээлээ. Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа. “ГОВЬ” Үйлдвэрт техник, технологийн шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийсэн.
- 2010 он - Монголын ноолуурын салбарт анх удаагаа Принт технологийг нэвтрүүлэв.
- 2011 он - Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэв. Италийн алдарт хувцас загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтарсан анхны коллекц болох “Gobi by Saverio Palatella” худалдаанд гарлаа. “ГОВЬ” ХК-ийн 30 жилийн тэмдэглэлт ой энэ онд тохиов.
- 2013 он - Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж “Whole Garment” буюу оёдолгүй сүлжмэл бүтээгдэхүүний шинэ технологийг нэвтрүүлэв.
- 2014 он - Монгол ямааны ноолуурын үндсэн 4 өнгө болох цагаан, цайвар шаргал, бор, хөх саарал өнгийн ноолуурыг цайруулж будахгүйгээр байгалийн өнгөөр нь бэлэн бүтээгдэхүүн болгон гаргасан "GOBI Organic" брэндийг худалдаанд гаргалаа.
- 2015 он - Японы алдарт бизнесмен Казүо Инамори-гоос үндэслэсэн АМЁБ менежментийг бие даан нэвтрүүлж эхэллээ.
- 2016 он - ХБНГУ улсад албан ёсны нэрийн дэлгүүрээ нээлээ.
- 2017 он - Оёдлын шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан ба цахим худалдааны хуудас ашиглалтад орсон www.gobicashmere.com.
- 2019 он - “ГОВЬ” ХК нь “Эм Си Эс”-ээс Гоёо Кашмерыг бүрэн худалдаж авсан[8]. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан Эдийн засгийн шилдэг 100 аж ахуйн нэгжийн 19-р байранд шалгарсан.
- 2021 он - WPP Группын нэг хэсэг болох “Ogilvy” агентлагтай маркетингийн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахаар болсон.
- 2022 он - Технологийн илүүдэл түүхий эдийг ашиглан байгаль орчинд ээлтэй “Cashmere Reborn” цуглуулгаа гаргасан.
- 2023 он - Италийн алдарт дизайнер Giorgio Spina "ГОВЬ" ХК-ийн ерөнхий дизайнераар сонгогджээ.[9] Олон улсын OEKO-TEX болон Sustainable Fiber Alliance-ын сертификатуудыг амжилттай авч жил бүр хүчинтэй хугацааг шинэчлэж байна.
- 2024 - Үйлдвэрлэлийн удирдлагын систем (MES) болон SAP S/4 HANA ERP зэрэг шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэв. Мөн брэндийн цогц шинэчлэл хийж, шинэ лого, бэлгэ тэмдэг болон брэндийн өнгийг танилцуулснаар олон улсын хэмжээнд танигдах байдал болон брэндийн байр сууриа бэхжүүлэхийг зорив.[1]
Үйл ажиллагааны товчоон
[засварлах | кодоор засварлах]"ГОВЬ" ХК нь “Дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүр”-ийг эзэмшдэг бөгөөд Улаанбаатар хотын Төрийн ордны хажууд байрлах Galleria Ulaanbaatar Mall-д 2,500 м² (27,000 ft²) талбай бүхий дэлгүүртэй. Салбар дэлгүүрүүдийн интерьер дизайн нь Монголын өв уламжлалаас сэдэвлэсэн бөгөөд байгаль, газар нутгийн онцлогийг тусгасан байдаг.
Тус компани анхан шат, ээрэх, нэхэх, сүлжих болон оёх гэсэн 5 үйлдвэртэй. Эдгээрээс анхан шатны үйлдвэр нь жилд ойролцоогоор 1,200 тонн түүхий ноолуур боловсруулах хүчин чадалтай. Боловсруулсан түүхий эдээс жил бүр ойролцоогоор 1,300 тонн ноолууран утас үйлдвэрлэгдэж, түүнээс 1.7 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, 650,000 ширхэг нэхмэл бүтээгдэхүүн, 160,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.[1] Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монгол Улс дангаараа нийлүүлдэг бол үлдсэн хэсгийг БНХАУ, Иран болон Афганистан улсууд нийлүүлдэг.
2008 онд Ц.Баатарсайхан компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, улсын өмчит үйлдвэрийг Монголын хамгийн том ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгон өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнийг Монгол Улсын Засгийн газраас улсын эдийн засагт оруулж буй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Хөдөлмөрийн Баатар цолоор шагнажээ.[8] 2024 оны 3-р сард түүнийг Б. Амарсайхан залгамжилж, компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн.
"ГОВЬ" ХК нь олон улсын нэр хүндтэй загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд тэдгээрийн дунд Martin Parker, Joseph Abboud, Tadashi Shoji, Narciso Rodriguez, Donna Karan болон Giorgio Spina багтдаг. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол ноолуурыг олон улсын тавцанд сурталчилсан коллекциудыг танилцуулсаар байна.
Брэндийн шинэчлэлт
[засварлах | кодоор засварлах]2024 онд “ГОВЬ” ХК олон улсын зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэх, брэндийн танигдалтыг нэмэгдүүлэх зорилгоор цогц брэндийн шинэчлэл хийсэн. Энэ хүрээнд компанийн үндсэн үнэ цэнэ болох ямаа, малчид, ажилтнууд болон хэрэглэгчдийн нэгдлийг илэрхийлсэн шинэ лого, бэлгэ тэмдэг нэвтрүүлсэн.[1] Түүнчлэн брэндийг илтгэх өнгөнүүдийг шинэчлэн, ноолуурын байгалийн өнгөнөөс сэдэвлэн цагаан, цайвар шаргал, зөвхөн Монголд байдаг дулаан саарал, гүн бор өнгийг сонгосон. Үүнээс гадна хавар, зун, намар, өвлийг бэлгэдсэн улирлын бэлгэ тэмдгийг танилцуулснаар ноолуурын зөвхөн хүйтэн улирлын хэрэглээ бус жилийн аль ч улиралд өмсөх боломжтой тансаг хэрэглээг илэрхийлжээ.
Шинэчлэлийн хүрээнд “Truly Mongolian.” гэх концепцыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь түүхий ноолуурыг бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүх л үйл явц Монгол улсад явагддаг болохыг тодотгов. Энэхүү концепц нь олон зууны уламжлал, ур чадварыг тусган харуулж, бүрэн утгаараа Монгол брэнд гэдгийг илтгэсэн. Мөн 100% Монгол ноолуураар халуун дулаан мэдрэмж, тансаг байдал, баяр баяслыг түгээхийн зэрэгцээ нүүдэлчдийн ахуй амьдрал, байгаль орчинд эерэг хувь нэмэр оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Охин компани
[засварлах | кодоор засварлах]"ГОВЬ” ХК нь нийтдээ 7 охин компанитай бөгөөд тэдгээр нь ГОВЬ Кашмер Европ (Gobi Cashmere Europe GmbH), ГОВЬ Монгол Кашмер АНУ (Gobi Mongolian Cashmere USA Corp), ГОВЬ Кашмер (Өвөр Монгол) ХХК (Gobi Cashmere (Inner Mongolia) Ltd.), Говь Кашмер НВУ ХХК (Gobi Cashmere UK Ltd.), Говь Кашмер Казахстан (Gobi Cashmere Kazakhstan LLP), Говь Австрали (Gobi Australia) болон Говь Кашмер Солонгос ХХК (Gobi Cashmere Korea Ltd). Эдгээр охин компаниуд нь өөрсдийн бүс нутагт ГОВЬ брэндийн ноолууран бүтээгдэхүүний борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг хариуцахын зэрэгцээ, дэлхий даяарх хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх зорилгоор ложистикийн үйл ажиллагаа явуулдаг.
Дэлгэрэнгүй сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 "2024 оны жилийн тайлан ГОВЬ ХК" (PDF). info.gobi.mn. Татаж авсан: 2025-09-15.
- ↑ "UNIDO Publications in 1978". open.unido.org. Эх хувилбараас архивласан: 2023-11-13. Татаж авсан: 2023-11-16.
- ↑ "How One Mongolian Sweater Company Is Making Cashmere More Eco-Friendly". AFAR Media (Англи хэлээр). 2023-08-31. Татаж авсан: 2023-11-16.
- ↑ 4.0 4.1 4.2 "Exploring the Wonders of GOBI Cashmere: A Behind-the-Scenes". www.gobicashmere.com (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2023-11-16.
- ↑ Mongolia, Escape To. "From Goat to Coat: What to Know and Where to Buy the Best Mongolian Cashmere". www.escapetomongolia.com. Татаж авсан: 2023-11-16.
- ↑ "How One Mongolian Sweater Company Is Making Cashmere More Eco-Friendly". AFAR Media (Англи хэлээр). 2023-08-31. Татаж авсан: 2023-11-16.
- ↑ Gobi Cashmere Introduction https://web.archive.org/web/20230604211115/http://ambasadamongolii.pl/wp-content/uploads/2022/11/Gobi-Profile-ENG.pdf. Эх хувилбараас (PDF) архивласан: 2023-06-04. Татаж авсан: 2023-11-16.
{{cite news}}: Missing or empty|title=(help) - ↑ 8.0 8.1 "Annual report GOBI 2021" (PDF).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(help) - ↑ "Giorgio Spina". Jargal Defacto. Эх хувилбараас архивласан: 2023-10-31. Татаж авсан: 2023-11-16.