Дугуй ширээний хэлэлцээ (Польш)
Дугуй ширээний хэлэлцээ (польш. Okrągły Stół) - Бүгд Найрамдах Польш Ард Улсын эрх баригчид болон сөрөг хүчний "Эв санааны нэгдэл" Үйлдвэрчний эвлэлийн хооронд 1989 оны 2-р сарын 6-наас 4-р сарын 5-ны хооронд Варшав хотод болсон яриа хэлэлцээ юм. Тэд "Эв санааны нэгдэл" хөдөлгөөнийг эргүүлэн хууль ёсны болгож улс төрийн шинэчлэл хийх тухай хэлэлцсэн байна. Дугуй ширээний хэлэлцээ эцсийн дүндээ тус улсад улс төр, эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтүүдийг авчирч, БНПАУ-ын дэглэмийг татан буулгаж, Польш улс ардчилал, зах зээлийн эдийн засагтай улс болсон юм.
Нөхцөл байдал
[засварлах | кодоор засварлах]1988 оны хавар, зун Польшийг хүчтэй бослого ажил хаялтын давалгаанд автсан юм. Тус улсын байдал 1980 оны зуны хүнд байдалдаа эргэн орсон боловч нөхцөл байдал өөрчлөгдөж эрх баригч Польшийн Ажилчны Нэгдсэн Нам (ПАНН) ЗХУ-ын дэмжлэгт найдаж чадахгүй болсон үе байсан юм. Иргэний дайн үүсэн нөхцөл байдал үүссэн тул Польшийн удирдлага, Засгийн газар тухайн үед албан ёсоор хориглоод байсан “Эв санааны нэгдэл”-тэй зөвшилцөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.
Буулт хийх ёстой гэсэн санааг гол дэмжигч нь Дотоод хэргийн яамны сайд, сөрөг хүчний эсрэг хэлмэгдүүлэлт зохион байгуулагч генерал Чеслав Кишчак (польш. Czesław Jan Kiszczak; 1925—2015) байв. Тэрээр тухайн нөхцөлд Эв санааны нэгдлийг хүчээр дарах боломжгүй гэдгийг сайн ойлгосон байв. Энэ саналыг ПАНН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Войцех Ярузельски, Сайд нарын Зөвлөлийг тэргүүлсэн ПАНН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Миечислав Раковски (польш. Mieczysław Franciszek Rakowski; 1926 — 2008) нар дэмжиж байв. Католик сүмийн төлөөлөгчид, ялангуяа Викар бишоп Алойзий Оршулик Засгийн газар болон Эв нэгдлийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм.
Өмнөх уулзалт
[засварлах | кодоор засварлах]1988 оны 8-р сарын сүүлээр Чеслав Кишчак, Лех Валенса хоёрын хооронд нүүр тулсан уулзалтууд болсон байна. Засгийн газар ямар ч үнээр хамаагүй бүх нийтийн ажил хаялт, бослогоос зайлсхийхийг хичээж байхад "Эв санааны нэгдэл" үйл ажиллагаагаа ил болгож хуульчлахыг шаардсан байна. Хоёр тал үндсэн тохиролцоонд хүрсэн байна. 1988 оны 9-р сард нийслэл Варшав хотоос 15 км зайнд орших Магдаленка (польш. Magdalenka) тосгонд болсон нууц уулзалтын яриа хэлэлцээгээр ирээдүйн "Дугуй ширээний хэлэлцээний" урьдчилсан сэдэв, хөтөлбөрийг тохиролцож авчээ.
Дугуй ширээний хэлэлцээний явц
[засварлах | кодоор засварлах]Дугуй ширээний хэлэлцээ албан ёсоор 1989 оны 2-р сарын 6-аас 4-р сарын 5-ны хооронд Варшавт болсон. Уулзалтад нийт 58 хүн оролцсон (Нууц уулзалтад 44 хүн). Засгийн газар (ПАНН болон хамаарал бүхий намууд), сөрөг хүчин (Эв санааны нэгдэл) болон ажиглагчид (Католик сүм ба Лютеран нийгэмлэгийн төлөөлөгчид) оролцсон байна.
Засгийн газраас:
[засварлах | кодоор засварлах]- Чехлав Кишчак- ПАНН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Дотоод хэргийн сайд (1989 оны 8-р сард - Польшийн Ерөнхий сайд);
- Станислав Чосек- ПАНН-ын Улс төрийн товчооны гишүүн, ПАНН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга;
- Казимерз Кипрыняк-БХХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хяналт, аудитын төв комиссын дарга;
- Владислав Бака- Эдийн засгийн асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын орлогч;
- Мариан Оржеховский, ПАНН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, намаас боловсролын салбар хариуцсан;
- Лешек Миллер, ПАНН-ын Төв Хорооны залуучуудын бодлого, нийгмийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга (2001-2004 онд - Польшийн Ерөнхий сайд);
- Альфред Медович -Польшийн Үйлдвэрчний Эвлэлийн дарга;
- Александр Квасньевски- Засгийн газрын Залуучууд, спортын хорооны дарга (1995-2005 онд Польшийн Ерөнхийлөгч);
- Юзеф Олекси, Үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагааны сайд (1995-1996 онд Польшийн Ерөнхий сайд);
- Гжегорз Колодко, эдийн засагч;
- Влодимьеж Чимошевич, агробизнесмэн (1996-1997 онд Польшийн Ерөнхий сайд);
- Герард Габриш, уурхайчин, ПАНН-ын Улс төрийн товчооны гишүүн асан.
Эв санааны нэгдлээс:
[засварлах | кодоор засварлах]- Лех Валенса- Үйлдвэрчний эвлэлийн дарга (1990-1995 онд - Польшийн Ерөнхийлөгч);
- Тадеуш Мазовецки, Католик шашны сэхээтнүүдийн удирдагч (1989-1991 онд Польшийн Ерөнхий сайд);
- Збигнев Бужак, Үйлдвэрчний эвлэлийн далд нууц бүтцийн дарга;
- Богдан Лис- Гданскийн ажил хаялтын төвийн идэвхтэн;
- Владислав Фрасинюк- Вроцлавын үйлдвэрчний эвлэлийн төвийн дарга;
- Яцек Куронь- тэрс үзэлтэн, үйлдвэрчний эвлэлийн шинжээч;
- Адам Мичник- тэрс үзэлтэн, үйлдвэрчний эвлэлийн шинжээч;
- Бронислав Геремек, түүхч, үйлдвэрчний эвлэлийн шинжээч;
- Ян Олшевски -сэтгүүлч, тэрс үзэлтнүүдийн хуульч (1991-1992 онд Польшийн Ерөнхий сайд);
- Лех Качински - хуульч, ажил хаях хорооны зөвлөх (2005-2010 онд - Польшийн Ерөнхийлөгч);
- Ярослав Качински, хуульч, ажил хаях хорооны зөвлөх (2006-2007 онд - Польшийн Ерөнхий сайд);
- Анжей Милчановски - хуульч, Щециний ажил хаях төвийн идэвхтэн (1992-1995 онд Польшийн Дотоод хэргийн сайд);
- Стефан Братковски -Польшийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга;
- Анжей Стельмаховски - хуульч, үйлдвэрчний эвлэлийн шинжээч;
- Ришард Бжузы -үйлдвэрчний эвлэлийн ажилтан, Белчатовын үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн;
Ажиглагч зуучлагч шашны төлөөлөл:
[засварлах | кодоор засварлах]- Алоизи Оршулик- Сиедлиц хотын католик шашны хамба лам;
- Бронислав Дембовски- Гэгээн Ариун Мартины сүмийн лам;
- Януш Нарзиньски, Польш дахь Евангелийн (Лютеран) сүмийн лам.