Ивасаки Ятаро
Ивасаки Ятаро (япон. 岩崎 弥太郎, англи. Iwasaki Yataro, 1835 оны 1-р сарын 9-нд Японы Тоса мужид төрсөн —1885 оны 2-р сарын 7-нд Токиод нас барсан) — японы ажил хэрэгч хүн, худалдаа аж үйлдвэрийн Мицубиши корпорацыг үүсгэн байгуулагч. Самурай Япон улсыг аж үйлдвэрийн шинэ эринд шилжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсан бизнес эрхлэгчдийн нэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ивасаки Ятаро Японы Тоса мужийн жижиг тосгонд энгийн тариачны гэр бүлд төрсөн боловч ядуу самурай гэр бүлээс гаралтай - өвөө нь өр төлбөрөө төлөхийн тулд самурай цолоо зарахаас өөр аргагүй болсон гэдэг. 1854 онд 19 настайдаа Ятаро Эдо (одоогийн Токио) хотод боловсрол эзэмшихээр явсан боловч жилийн дараа эцгийнхээ хүнд шархадсаны улмаас гэртээ харихаас өөр аргагүй болжээ. Гэртээ, нутгийн нөлөө бүхий гэр бүлүүдтэй томоохон зөрчилдөөн гарсны дараа Ивасаки 7 сар шоронд суужээ. Шоронд байхдаа тэрээр нэг өрөөнд хоригдож байсан хүнээс худалдааны анхан шатны мэдлэг эзэмшиж, суллагдсаныхаа дараа бизнес эрхэлж эхэлсэн байна.
1867 онд Японд шогуны ноёрхлыг устгаж, тус улс олон улсын худалдаанд нээлттэй болсны дараа Нагасаки боомт бол гадаадынхантай худалдаа хийхийг зөвшөөрдөг цорын ганц боомт байв. Ивасаки худалдаа, далайн менежментийн ур чадвар эзэмшсэний зэрэгцээ Tosa -гийн бүтээгдэхүүнийг зарж, гадаадаас зэвсэг худалдаж авдаг байв. 1870 онд Мэйжийн эрин эхэлсэний дараа түүнд Тоса-гийн далайн тээвэр эрхэлдэг Цүкүмо Шокай компанийг удирдах үүрэг хүлээсэн байна. Тэрээр Кочи-Кобэ чиглэлд гурван хөлөг онгоцон дээр ачаа тээвэрлэж эхлэв. 1871 онд бүх аймгуудыг татан буулгаж, мужуудаар сольсны үр дүнд компани хувийн гарт шилжсэнээр ирээдүйн худалдаа, аж үйлдвэрийн эзэнт гүрний үндэс суурийг тавьсан юм.
1873 онд Цүкүмо Шокай компанийг "Мицубиши Шокай" гэж нэрлэж, Ивасаки түүний эзэн болжээ.
1874 онд Ивасаки компанийн төв байрыг Токио руу нүүлгэжээ. Энэ хугацаанд Япон улс “соёл иргэншлийн хөгжлийн” чиглэлийг тогтоож, том усан онгоц ашиглан ачаа тээвэрлэх нь шинэ эриний түүхий эдийн урсгалыг өргөжүүлэхэд дэмжлэг болсон. Энэ үед далайн дотоод замыг өргөтгөхөөс гадна Япон улсыг Солонгосын хойг, Хятадтай холбосон чиглэлийн замууд нээгдэв.
1884 онд Ивасаки Нагасаки хотод усан онгоцны үйлдвэр, усан онгоцны засварын хэд хэдэн үйлдвэр байгуулжээ.
Компанийн зардлыг бууруулахын төлөөх тэмцэлд Ивасаки Японд анх удаа ажилчдад урамшуулал олгох системийг нэвтрүүлсэн. 1876 онд Ивасаки "Мицубиши-кисен" компанийн дүрмийг баталж, орчин үеийн аж ахуйн нэгжүүдийн дүрмийг нэвтрүүлж, ажилчдын эрх, тэдний ажлын хариуцлагыг тодорхойлсон тогтолцооны эхлэлийг тавьсан юм. Энэхүү өөрчлөн байгуулалтаар компанийн удирдлагын эрх мэдлийг тодорхой болгож, компанийн ашиг, алдагдлыг зөвхөн захирал нь хариуцах болсон юм. Ингэснээр Ивасаки Японы худалдааны байгууллагуудын уламжлалт хамтын ажиллагааны зарчмыг эвдсэн гэж үздэг.
Ивасаки аж үйлдвэрчний саруул ухаан, санхүүч хүний зөн совинтой байсан нь түүнд анхны жижиг үйлдвэрээ Японы хамгийн баян трестүүдийн нэг болгох боломжийг олгосон юм. Түүний сонирхдог гол салбар бол уул уурхай, усан онгоцны үйлдвэрлэл, санхүү байв.
Ятаро Ивасаки 1885 оны 2-р сарын 7-нд 50 насандаа ходоодны хорт хавдраар нас баржээ.
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- Iwasaki Yataro // Encyclopædia Britannica (англи.)