Иммануэл Кант
Иммануэл Кант (Герман: Immanuel Kant; 1724 оны 4 сарын 22 – 1804 оны 2 сарын 12) нь Германы сонгодог идеализмийг үндэслэгч, соён гэгээрлийн философийн гол сэтгэгч юм.
Метафизик, эпистемологи, гоо зүй, ёсзүйн тухай цогц системтэй бүтээлүүд нь түүнийг барууны философид хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэгэнд зүй ёсоор тооцуулж Кантыг "Орчин үеийн ёсзүйн философийн эцэг" "Орчин үеийн гоозүйн философийн эцэг" хэмээдгээс гадна Рационализм болон Эмпирицизм ийг нэгтгэсээр нь Орчин үеийн философийн эцэг хэмээн үздэг.
Кант трансцендентал[permanent dead link] идеализмын тухай үзэлдээ гадаад ертөнц бидний мэдрэмжид зөвхөн материйг л дамжуулдаг, харин бидний оюуны аппарат тэрхүү материйг орон зай, цаг хугацааны дотор эрэмбэлээд тодорхой ойлголт болон төлөвшүүлдэг, тэрхүү ойлголт нь туршлагыг бий болгодог. Цаг хугацаа, орон зай хийсвэр бөгөөд бидний ойлголтын л нэг хэсэг хэмээн үзжээ[1]
Кантын философи
[засварлах | кодоор засварлах]Кант тухайн цаг үеийн хүмүүсийн нэгэн адил Ньютон зэрэг эрдэмтдийн хийсэн шинжлэх ухааны ололтыг биширч байсан ч эдгээр нээлтүүд нь эргээд улс төр болон шашны уламжлалт засаглалд эргэлзээ төрүүлж, шинжлэх ухаанжсан механик үзэл нь хүний ёс суртахууны тухайд асуулт төрүүлсэн (Хэрэв Бүтээгч байхгүй бол хариуцлага хүлээх шаардлагагүй).
Ийн Кантын философийн зорилго нь шинжлэх ухааны ололт амжилтыг хадгалахын зэрэгцээ хүнийг ёс суртахуунлаг, шашинлаг байдалтай хэвээр үлдээхэд чиглэнэ.
"Цэвэр оюун ухааны шүүмж" (1781) (герман. Kritik der reinen Vernunft) алдарт бүтээлдээ Кант:
1. Би юу мэдэж чадах вэ? (метафизик)
2. Би юу хийх ёстой вэ? (ёс суртахуун)
3. Би юунд найдах вэ? (шашин)
4. Хүн гэж юу вэ? гэсэн асуултыг тавьсан.
Цэвэр оюун ухааны шүүмж нь эхний асуултад анхаарлаа хандуулж, хоёр дахь асуултад хариулах үзэл баримтлалын орон зайг нээж өгдөг. Энд хэдийгээр бид эрх чөлөөтэй гэдгээ бүрэн мэдэж чадахгүй ч гэсэн өөрсдийгөө эрх чөлөөтэй гэж бодож практикаар хийж чадна гэж үздэг. Кантын хэлснээр, "Би итгэлд орон зай гаргахын тулд мэдлэгийг үгүйсгэх ёстой байсан." Ёс суртахуун доторх рационал итгэлийн тухай "Ёс суртахууны метафизикийн үндэс" ба "Практик оюун ухааны шүүмж" номуудадаа улам бүр дэлгэрүүлсэн.
Critique of Judgment бүтээлдээ эхний хоёр шүүмжлэлд авч үзсэн асуудлыг зөвхөн практик онолын хувьд боломжтойгоор нь бус, байгалийн жам ёсны мэдрэмжийн туршлага, гоо зүй буюу ерөнхийдөө байгаль ертөнцийн зохицуулалт дээр үндэслэн рационалаар итгэж болно гэж үздэг. Religion within the Bounds of Mere Reason номонд Кант энэхүү гурав дахь асуултын хариултаа дуусгахыг хичээсэн. Эдгээр бүтээлүүд бүгд танин мэдэхүйн болон ёс суртахууны ертөнцийн төвд идэвхтэй, рационал хүнийг субъект болгон тавьдаг. Танин мэдэхүйн субьектэд эмпирик ба трансцендент хоёр өөр түвшин байдаг. Үүнд субьектийн бодгаль онцлог бол түүний эмпирик түвшин, харин тухайн субьектийг хүн болгодог хамаарлыг бүрдүүлэгч түгээмэл ойлголтууд нь түүний трансцендент түвшин юм. [2]Товчхондоо, Кант оюун ухаан өөрөө мэдлэгт зайлшгүй хувь нэмэр оруулдаг, энэ хувь нэмэр нь сэтгэл зүйн гэхээсээ илүү трансцендент[permanent dead link] шинж чанартай мөн бие даасан үйлдэл хийх нь рациональ ёс суртахууны зарчмуудын дагуу үйлдэх явдал юм гэж үздэг.
Ийнхүү Кантынхаар онолын философийн судлах зүйл нь өөртөө байгаа юмс биш, харин хүний танин мэдэхүйн үйл ажиллагаа, хүний оюун ухааны хуулиуд ба тэдгээрийн харьцааг тогтоохуй юм. Тэгээд Кант энэ философио "трансценденталь философи" гэж нэрлэсэн аж.
ТРАНСЦЕНДЕНТАЛЬ - Туршлагын хязгаараас гадуур, априори шинжтэй.
Анхны шүүмжлэл, дараа нь бусад бүтээлүүддээ Кант "ерөнхий" ба "цэвэр оюун ухааны бодит асуудал"-д "Синтетик априори шүүмж хэрхэн боломжтой вэ?" гэсэн асуултын үүднээс авч үздэг. Энэ ойлголтыг задлан шинжлэхийн тулд зарим нэр томъёог тодорхойлох шаардлагатай. Нэгдүгээрт, Кант мэдлэгийн үндсэн 2 төрөл байдаг хэмээн үзсэн.
- Априори мэдлэг: Туршлага, мэдрэхүйгээс үл хамааран байх мэдлэг.
- Апостериори мэдлэг: Мэдрэн хүртэхүйгээр бий болдог мэдлэг. Апостериори мэдлэг заавал үнэн байх албагүй, тохиолдлын шинжтэй, өмнөх туршлагад тулгуурлаж байдаг буюу хувирч өөрчлөгдөх магадлалтай. Харин априори мэдлэг холбогдон орж ирсэн тохиолдолд зайлшгүй болох тохиолдолтой.[2]
Хоёрдугаарт, тэрээр мэдлэгийн хэлбэрийн хувьд дараах зүйлийг ялгадаг.
- Аналитик : предикат нь субьектэд агуулагдах ; жишээ нь, "Бүх биет орон зай эзэлдэг". Эдгээрийг мөн "judgments of clarification" гэж нэрлэдэг.
- Синтетик : предикат нь субьектээ агуулаагүй ; жишээ нь, "Бүх хун цагаан" эсвэл "Бүх биет жинтэй". Эдгээрийг мөн "judgments of amplification" гэж нэрлэж болно.
Аналитик нь априори мэдлэг, эсрэгээрээ синтетик нь эмпирик буюу апостериори мэдлэг болдог.
Дэвид Хьюм зэрэг философичид эдгээр нь хүний оюун ухаан, танин мэдэхүйн цорын ганц боломжит төрлүүд гэдэгт итгэж "relations of ideas" "matters of fact" хэмээн нэрлэж байв. Синтетик априориг мэдлэгийн гурав дахь хэлбэр болгон тогтоох нь Кантад учир шалтгааны холбоо, метафизикийн мэдлэг гэх мэт зүйлсийн талаарх Хьюмийн үзлийг эсэргүүцэх боломж олгоно. Учир нь апостериори мэдлэгээс ялгаатай нь априори мэдлэг "үнэн эсвэл хатуу ... универсал шинж чанартай" бөгөөд "зайлшгүй" гэсэн нэхэмжлэлийг агуулдаг.
Кант өөрөө априори мэдлэгт хамгийн ойлгомжтой нь математик гэж үзсэн. Тэр 7 + 5 = 12 нь долоо, тав, нэмэх үйлдлийн ухагдахуунуудад агуулагдаагүй үр дүн болно. Mатематик, байгалийн шинжлэх ухаан, метафизик априори мэдлэгтэй гэдгийг нотлох нь философийн үүрэг болно. Энэхүү мэдлэгийн боломжийг нотлох, тайлбарлах нь Шүүмжлэлийн зорилго юм.
Бидний мэдлэг мэдрэмжээс эхэлж эргэцүүлэн бодохоор дамжин оюун ухаан дотор төгсдөг. Бодож олсон материалыг боловсруулах үүнээс дээд түвшин бидэнд үгүй.
Кантын янз бүрийн синтетик бодомж бол мэдрэгдэгч материалд биш харин мэдрэхүйн хэлбэрт түшиглэсэн үедээ априори байдаг. Шинжлэх ухааны мэдлэгийн нэг чухал нөхцөл ба нэг хэсэг болдог мэдрэх чадвар нь угтаа бодгаль шинжтэй атал яаж обьектив болдог вэ хэмээх асуултанд Кант хариулахдаа: мэдрэх чадвар шинжлэх ухааны мэдлэгт багтахдаа категориуд ашигладаг сэтгэхүйн оролцоог(оюун бодол) шаарддаг. Чухамдаа оюун бодол сэтгэхүйн хэлбэрүүд болох категориудад мэдрэгдэгч ертөнцийн янз бүрийн ойлголтонд нэгтгэх байдалд нийцүүлэн судлах зүйлээ зохиомжилдог. Мэдрэх чадвар бол ажилган бясалдгадаг чадвар, оюун бодол бол тэрхүү зүйлийг сэтгэдэг чадвар тул энэхүү чадварууд бие биенийхээ үүргийг хийж чадахгүй, харин тэдний нэгдлээс нь мэдлэг үүсдэг.
ЁСЗҮЙН ТУХАЙ (Би юу хийх ёстой вэ?)
[засварлах | кодоор засварлах]Аливаа сайн сайхны эх сурвалж нь хүнээс гадуурх аливаа зүйлд оршдоггүй, харин түүний дотор оршдог гэж үзсэн. Сайн үйл гэдэг нь бие хүн эрх чөлөөт ёс суртахууны дагуу үүргээ биелүүлэхийг хэлнэ. Эрх чөлөө гэдэг нь аливаа дур сонирхолдоо захирагдахгүй, өөрийнхөөрөө бие даан шийдвэр гаргах бололцоотой байхыг хэлнэ. Ёс суртахууны үйлийг аливаа зорилгод хүрэх хэрэгсэл биш харин ёс суртахуун өөрөө бусдын өмнө хүлээх ёстой зарчмын үүрэг юм. Зарчмын үүрэг зөв байна гэдэг нь нэг нөхцлийн тухайд биш бүх нөхцөлд тийм байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл хүн оюун ухаант ахуй байгаагийнхаа хувьд хүлээж буй үүрэг нь ёс суртахуун юм.
ШАШНЫ ТУХАЙ (Би юунд найдах вэ?)
[засварлах | кодоор засварлах]Бурхан, Ертөнц хэмээх санаанууд онолоор нотлогдохгүй ч гэсэн практик ач холбогдолтой. Учир нь хүн хэдий түгээм эл оюун ухааныг тээгч мөн боловч хязгаарлагдмал тул өөрөөс нь дээгүүр ахуй шаардагдсан. Кантынхаар Бурхан байдаг, үгүйг хүн оюун ухаанаараа нотолж бас үгүйсгэж чадахгүй хэрнээ яаж итгэдэг вэ гэвэл ёс суртахуунаараа бүр тодруулж хэлбэл шийдмэг захирамжийн үүргийг ухамсарласны үр дүнд түүнд итгэдэг. Өөрөөр хэлбэл хүн Бурханд итгэдгээрээ ёс суртахуунтай байгаа юм биш, харин ёс суртахууныхаа ачаар Бурханд итгэдэг аж.
ГООЗҮЙН ФИЛОСОФИ
[засварлах | кодоор засварлах]Кант гоо үзэсгэлэн бол урлагийн бүтээл эсвэл байгаль ертөнцийн үзэгдэл биш, харин төсөөлөл ойлголтоороо "чөлөөт тоглоом"-д (free play) оролцдог ухамсарт таашаал юм. Хэдийгээр бид юуг урлаг болохыг шийдэхийн тулд шалтгаан хайж буй мэт санагдаж болох ч шүүмжлэл (Judjement) нь танин мэдэхүйн логик дүгнэлт биш харин гоо зүйн дүгнэлт юм.
Шүүмж субьектийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлтэй холбоотой боловч сайхан урлагт тухайн объектын өөрийн үнэ цэнээс өөр зүйлд тулгуурладаггүй.
Тэрээр урлагийг 2 хэсэгт хуваан авч үзсэн бөгөөд:
- Тааламжит урлаг- Урлагийн доод түвшний хэлбэр, хүний практик зорилготой шууд холбогддог эстетик мэдлэг мөн.
- Сайхан урлаг- Хүний практик сонирхлоос дээгүүр байж түүний танин мэдэг чадварын чөлөөт тоглоом болдог урлаг.
Кант "Analytic of the Sublime" бүлэгт дээд мэдрэмжийг (sublime) гоо зүйн шинж чанар гэж тодорхойлсон бөгөөд энэ нь гоо үзэсгэлэнгийн нэгэн адил субьектив шинж чанартай боловч гоо үзэсгэлэнгээс ялгаатай нь төсөөлөл, шалтгааны хоорондын тодорхой бус харилцааг илэрхийлдэг бөгөөд ёс суртахууны дүгнэлтийн шинж чанарыг мөн агуулдаг. Дээдийн мэдрэмж нь 2 ялгаатай горимд хуваагдана.
- Математик сублиме
- Динамик сублиме
Хязгааргүй, хэлбэр дүрсгүй, эсвэл "туйлын агуу" мэт харагдах байгалийн объектуудыг төсөөлж ойлгох чадваргүй байснаас математик сублиме бий болдог.
Динамик сублиме нь асар их хүчийг ойлгохыг оролдох үед мэдрэхүйт би-гээ устгах мэдрэмж байдаг. Байгалийн энэхүү хүч нь бидэнд заналхийлж байгаа боловч ийм мэдрэмжтэй устгалд учир шалтгааныг эсэргүүцэх замаар тухайн сэдэв нь хүний ёс суртахууны дуудлагын таашаал, мэдрэмжийг мэдэрдэг.
Сублимийн нөлөө ёс суртахууны зан чанарыг хөгжүүлэхэд тусалдаг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Германы гүн ухаанч, сонгодог гүн ухааныг үндэслэгч Иммануил Кант. Тэрбээр нь 1724 оны дөрөвдүгээр сарын 22-нд Кенигсбергийн морины хэрэгсэл хийдэг дархан Ионн Георгийн гэр бүлд мэндэлжээ. Хуучны прусс тооллоор бол гэгээн Иммануэлийн өдөр төрсөн тул хүүг Иммануэл буюу “Бурхан бидэнтэй хамт” гэж нэрлэжээ. Кант өөрийн өвөг дээдсийг шотландууд гэж боддог байсан ч үнэн хэрэгтээ түүний өвөг эцэг Рихард Кант Балтаас гаралтай байж. Харин ээж Анна Регина нь Нюрнбергээс гаралтай эмээлчний охин юм. Кант хүүхэд насаа жижиг гар урлал эрхлэгчид, худалдаачид, хөдөлмөрч ардын дунд өнгөрөөжээ. Анна Регина есөн хүүхэд төрүүлснээс тав нь нас баржээ. Кант айлын дөрөв дэх хүүхэд байлаа. Тэрбээр гурван эгч, нэг эрэгтэй дүүтэй байв.
Лам Франц Шульцын зөвлөснөөр найман настай Кантыг Фридрихийн шашны коллежид оруулав. Тэр энд найман жил сурчээ. Үндсэн хичээл нь латин хэл байж. Аав ээж нь түүнийг лам болгох хүсэлтэй байсан ч хүү уран зохиолд илүү сонирхолтой байв. Сургууль нь хатуу чанга дэглэмтэй байсан учраас хүү лам болох дургүй байлаа. Гэхдээ сэргэлэн, ой тогтоолт сайтай, хичээл зүгтэлтэй байснаар сургуулиа төгсөхдөө хоёрт жагсжээ.
1740 оны намар 16 насандаа их сургуульд оров. Их сургуульд сурч байх үед түүнд профессор Мартин Кнутцен их нөлөө үзүүлжээ. Кнутцен Английн байгалийн шинжлэх ухааны амжилтыг их сонирхдог байв. Кант түүнээс анх удаа Ньютоны нээлтийн талаар сонсжээ. Их сургуулийн IV курсээс эхлээд Кант бие дааж физикийн чиглэлээр бичих болжээ. Ажил нь удаан үргэлжилж байлаа. Туршлага, мэдлэг дутагдахаас гадна гачигдал ихтэй байв. Ээж нь түүнийг 13 настай байхад нас барсан ба аав нь гэр бүлээ арай ядан тэжээж байж. Кантыг ангийнхан нь хооллодог байсан ба бүх хүнд хэцүү үед тэднээсээ хувцас, гутал авдаг байв. Ихэнхдээ түүнд Шульц лам, гуталчин нагац ах нь тусалдаг байжээ. Critique of Pure Reason гэх Кантын анхны номыг хэвлэхэд ихэнх мөнгийг нагац ах нь гаргасан гэх яриа байдаг. Энэ номыг Кант гурван жил бичиж, хэвлэхэд дөрвөн жил зарцуулжээ.
Их сургуульд Кант долоон жил сурсан байна. 1747 онд магистрын диссертациа хамгаалахгүйгээр тэрбээр төрөлх хотоосоо явж, гэрийн багш болохоор шийджээ. Кант амьдралын туршлагаас судлан, хүмүүсийг ажиглан, нийгмийн янз бүрийн давхаргатай танилцав. Кенигсбергт буцаж ирэхдээ одон орон судлалын талаар том гар бичмэлтэй иржээ. Далай тэнгисийн түрлэгийн үрэлтээс үүдэлтэй дэлхийн эргэлт удааширч байна гэж тэр зөв дүгнэлтэд хүрчээ. 1749 оны зун Кант Thoughts on the True Estimation of Living Forces гэсэн нийтлэлээ хэвлүүлжээ. Дэлхий хөгширч байгаа гэдэгт тэр эргэлзэж байгаагүй. Бүх зүйл төгс төгөлдөр болоод сүйрдэг. Дэлхий ч ялгаагүй.
1755 оны намар Кант орон тооны бус багш болов. Түүний цалинг оюутнууд өөрсдөө олгодог байж. Анги танхим хүрэлцэхгүйгээс олон багш гэрээр заадаг байжээ. Кант тэр үед профессор Кипкенд амьдардаг байж. Эхний лекц дээр олон хүн цуглараад, танхимд багтахгүй шатан дээр зогсоцгоож байв. Кант эхэндээ сандран ойлгомж муутай ярьж байсан бол завсарлагааны дараа байдлыг гартаа оруулж чаджээ. Ингэж түүний 41 жил үргэлжилсэн багшийн ажил эхэлж байжээ. Их сургуулийн эхний өвөл тэр логик, метафизик, байгалийн ухаан, тооны хичээлээр лекц уншиж байлаа. Дараа нь үүн дээр физик, газар зүй, ёс зүй, механик нэмэгдсэн байна. Магистрын он жилүүдэд Кант 4-6 хичээл зааж байв. 1750 оноос эхлээд тэр бараг бичихээ болиод бүх цагаа багшлахад зориулж байлаа. Гэхдээ дутагдах зүйлгүй болсон байв. Тэрбээр халагдсан цэрэг Мартин Лампег туслахаараа авав.
Кантын бахархал бол физик, газар зүй. Кант газар зүйг анх бие даасан хичээл болгож заасан хүмүүсийн нэг нь. Өрөөнөөсөө гаралгүйгээр Кант дэлхийг тойрч, далайгаар аялж, цөлийг туулж байлаа. “Би бүх эх үүсвэр, байж болох бүх баримтаас, улс орныг дүрсэлж бичсэн дэлгэрэнгүй баримтыг судалж байв”. Кант дөрвөн тивийн газрын гадаргуу, ургамал, амьтан, ард иргэдийн амьдралын талаар тухайн цаг үедээ дэлгэрэнгүй бичжээ. Кант салхи үүсэх механизмыг нээсэн. Түүний газар зүй судлалын хөдөлмөрийг үнэлэн Петербургийн шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгосон. Үүнтэй зэрэгцэн тэр гүн ухаан сонирхож эхлэв. Түүний анхны гүн ухааны ажил бол өөрийнх нь диссертаци “Метафизикийн танин мэдэхүйн анхны зарчмыг шинээр илрүүлэх” байсан юм.
Удалгүй долоон жилийн дайн эхэлсэн. Хотыг бараг таван жил Оросын арми эзэлж, ард иргэд тэр дундаа Кант, Оросын хаанд үнэнч байна гэж бичгээр тангараглав. Зөвхөн 1762 онд Петр III тэднийг Оросын харьяаллаас чөлөөлсөн гэдэг.
Кант их ажиллахын хажуугаар бас амарч чаддаг байсан. Хичээлийн дараа аяга кофе, хундага улаан дарстай билльярд, хөзөр тоглодог байлаа. Заримдаа шөнө дунд гэртээ харьдаг байв. Гэсэн хэдий ч өглөө эрт босон лекцээ уншдаг байлаа. Хүүхэд байхаасаа сул дорой биетэй байсан тэрбээр нас ахих тусам сонссон бүх өвчин өөрт нь байгаа юм шиг мэдрэмж төрөн анагаахын номыг эрчимтэй судалдаг болсон байна. Олон нийтийн дунд орохоороо сэтгэл санаа нь дээрдэн хоолондоо дуртай болдог байна. Тиймээс тэр хэзээ ч ганцаараа хооллодоггүй байж. Түүнийг оройн зоогт урихад хэзээ ч татгалздаггүй байв. Ямар ч хүмүүсийн дунд орсон тэр эн тэнцүү яриа өрнүүлэн, хүмүүсийг өөртөө татаж чаддаг байлаа. Тэр найз нөхөрлөлийг хайраас илүү гэж үздэг байв. Түүний сайн найз нь Английн худалдаачин Иосиф Грин байсан.
Кант хэзээ ч эхнэр авч байгаагүй. Үүнийгээ тайлбарлахдаа “Надад эхнэр хэрэгтэй үед би тэжээж чадахгүй байлаа. Харин тэжээж чадах болсон үед надад эхнэр хэрэггүй болсон байв” гэж хэлсэн байдаг. Кант намхан 157 см байсан ба үсчин, хувцасны ачаар үүнийгээ халхалдаг байв. Тэрбээр загварт хүндэтгэлтэйгээр ханддаг, “Моодноос гарсан тэнэг байснаас, загварлаг тэнэг байсан нь дээр” гэж хэлдэг байжээ. Тиймээс түүнийг “жижиг магистр”, “боловсон магистр” гэж орчин үеийнхэн нэрлэдэг.
1764 онд Кант 40 нас хүрэхэд бүгд түүнийг хүндэлдэг, алдартай нэгэн болсон байв. Лекц нь алдартай, анги нь дүүрэн хүнтэй, зарим хичээлээ шавь нартаа даатгаж өгсөн байлаа. Гэсэн хэдий ч тэр орон тооны бус багш хэвээр, их сургуулиас нэг ч цалин мөнгө авдаггүй байв. 1766 онд багшлахын хажуугаар Хааны ордны номын сангийн туслахын ажилд оров. Номын санд ажил багатай, лхагва бямба гарагт 13:00-16:00 цагийн хооронд ажилладаг байв. Гэхдээ номын санчийн цалин бага жилд 62 таллер. Кант урдын адил нэмэлт орлого олох шаардлага хэвээр байв. 1770 онд хааны тушаалаар логик, метафизикийн туршлагатай профессор боллоо. Энэ үед тэр дөрөв дэх диссертацаа хамгаалж байв.
1774 онд Кенигсбергийн их сургуульд багшлах арга зүйг зааж эхлэв. Шинэ хичээлийг гүн ухааны тэнхимийн долоон багш ээлжлэн зааж байлаа. Кантын ээлж 1776 оны өвөл ирэв. Кант үндсэн сурах бичгээр Базедовын номыг өөрийн болгон засаж ашиглажээ. Үүний үр дүнд түүнийг нас барахын өмнөхөн шавь Ринк нь “Багшлах талаар” ном гаргасан байна. Кант хэлэхдээ “Хүн төрөлхтний бүтээсэн зүйлээс хамгийн хэцүү хоёр нь удирдах арга, хүмүүжүүлэх арга. Хүн хүмүүжлийн ачаар хүн болдог” гэсэн байдаг. 1780 оны хавар, зун “Цэвэр оюун санааны шүүмжлэл”-ээ бичсэн. Ихэнхийг нь бичсэн байсан тул тавдугаар сарын дотор дуусгаж чаджээ. Энэ ном шуугиан тарьж чадаагүй, хүмүүсийн сонирхлыг татсангүй.
1795 онд Франц, Пруссын дайн дуусаж, Баззелийн найрамдлын гэрээ байгуулжээ. Гэсэн хэдий ч тэд хоорондоо дайсагналцсан хэвээрээ байв. Энэ үйл явдлаас санаачлан Кант алдарт “Мөнхийн найрамдал” трактатаа бичжээ. Урд өмнө түүний ямар ч бүтээл ингэж их алдаршиж байсангүй. Энэ түүний сүүлчийн зохиол байсан юм. Кант 75 нас хүрээд маш амархан доройтож эхлэв. 1797 оноос лекцээ уншихаа больжээ. 1803 онд тэрбээр “Хүний амьдрал 70 жил үргэлжилдэг, ихдээ л 80” гэж бичжээ. Тэрбээр 79 настай байв. Кант 1804 оны хоёрдугаар сарын 12-нд нас баржээ. Түүний хэлсэн сүүлчийн үг "Es ist gut" байжээ.[3]
Эшлэлүүд
[засварлах | кодоор засварлах]- Бидний үг үнэн байх ёстой. Гэвч бид үнэн юм болгоныг нийтэд зарлаад байх албатай гэсэн үг биш.
- Ёсзүй бол итгүүлж үнэмшүүлэх гүн ухаан.
- Амьдралын сайхныг таашаан амтлах хамгийн шилдэг арга бол ажил юм.
- Мунхаг байна гэдэг дутагдал түүнийг анагаах эм үгүй.
- Суу билиг гэдэг нь юуг зааж сургаж юунд суралуаж болохгүй вэ гэдгийг дүрслэн үзүүлэх явдал.
- Тохилог тансаг байдалд дурлана гэдэг амьдралд тохиолдох хүний хамгийн муугийн шинж болно.
- Няцаагдахаас бус бусдад ойлгогдохгүй байхаас болгоомжилох хэрэгтэй.
„SAPERE AUDE !“
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Articles with dead external links from Арван нэгдүгээр сар 2024
- Иммануэл Кант
- Вальхалла
- Германы гүн ухаантан
- Германы зохиолч
- Герман хэлээрх утга зохиол
- Гоо зүйч
- Ёс суртахууны гүн ухаантан
- Зохиогч
- Номын санч
- Соён гэгээрүүлэгч
- Танин мэдэхүйн онолч
- Улс төрийн гүн ухаантан
- 18-р зууны гүн ухаантан
- Оросын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн
- Пруссийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Пруссийн Хант Улс
- Дорнод Пруссийн хүн
- Пруссийн хүн
- Германчууд
- 1724 онд төрсөн
- 1804 онд өнгөрсөн