Карл Поппер
Сэр Карл Раймунд Поппер (герман. Karl Raimund Popper; 1902 оны 7-р сарын 28-нд Австрийн Вена хотод төрсөн- 1994 оны 9-р сарын 17-нд Их Британий Лондон хотод нас барсан) Австри гаралтай Их Британийн философич, социологич. 20-р зууны шинжлэх ухааны хамгийн нөлөө бүхий философичдын нэг гэж үздэг.
Карл Поппер нь шинжлэх ухааны гүн ухаан /философи/, нийгэм, улс төрийн гүн ухааны чиглэлээр бичсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд шинжлэх ухааны аргын сонгодог үзэл баримтлалыг шүүмжилж байсан бөгөөд нээлттэй нийгэм цэцэглэн хөгжих боломжийг бүрдүүлэх ардчилал, нийгмийн шүүмжлэлийн зарчмуудыг тууштай хамгаалж дагаж мөрдөхийг санал болгосон юм.
Карл Поппер бол шүүмжлэлийн рационализмын философийн үзэл баримтлалыг үндэслэгч юм. Тэрээр өөрийн байр сууриа дараах байдлаар тайлбарлаж байв: -“Би буруу байж магадгүй, Таны зөв байж ч магадгүй; хоёр талаасаа бага ч болов хүчин чармайлт гаргая, тэгвэл бид үнэнд ойртож магадгүй".
1918 онд тэрээр Венийн их сургуульд элсэн орж, математик, онолын физикийн чиглэлээр суралцаж, бие даан гүн ухааны сонирхлоо хадгалсаар байв. Эх нь залуу Попперт хөгжимд дуртай болгосон байна. 1920-1922 онд Поппер хөгжимчин болох талаар ихэд бодож А.Шонбергийн “Хувийн концертын нийгэмлэг”-т элсэж, Венийн консерваторид нэг жил суралцсан боловч өөрийхөө хөгжмийн чадварт эргэлзэж, хөгжим судлахаа больсон ч хөгжмийн сонирхлоо бүрэн орхиогүй ажээ.
Зигмунд Фройд, Альберт Эйнштейний бүтээлүүдийг судалсны дараа Поппер К.Маркс, З.Фрейд, А.Адлер нарын сургаал нь жишээлбэл А.Эйнштейний харьцангуйн онол зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны онолуудаас юугаараа ялгаатай болохыг сонирхож эхэлсэн байна.
1925 онд Поппер Их сургуулиа төгсөөд Жозефина Анна Хеннингертэй гэрлэж, гимнази, ахлах сургуульд математик, байгалийн ухааны хичээл зааж байжээ. 1928 онд Поппер танин мэдэхүйн сэтгэл судлалын арга зүйд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Шинэ Зеланд
[засварлах | кодоор засварлах]Австри улсад нацизм дэлгэрэхийн хэрээр антисемитизм ч өссөн. Поппер еврей гарал үүсэлтэй тул улс орноо орхихоор шийджээ. Тэрээр Шинэ Зеландын нэгэн их сургуулийн багшийн сул орон тоо байгааг олж мэдээд 1937 оны эхээр цагаачилжээ. 1937-1945 онд Поппер Шинэ Зеландын Кентербери-гийн их сургуульд философийн багшаар ажилласан юм.
Их Британи
[засварлах | кодоор засварлах]Поппер 1945 онд Их Британийн иргэншил авч, 1946 оны 1-р сард Лондон руу нүүсэн байна. Тэрээр 1946 оноос 1970-аад оны дунд үе хүртэл Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн (англи. The London School of Economics and Political Science, LSE) Философи, логик, шинжлэх ухааны аргын факультетийн декан, логикийн профессороор ажиллаж байжээ.
1964 онд тэрээр "Загалмайтан баатар" цол хүртсэн. 1976 онд Поппер Лондонгийн Хааны нийгэмлэгийн гишүүн болж, 1982 онд Хүндэт хамтрагч (англи. Order of the Companions of Honour) одонгоор шагнагджээ. Тэрээр мөн Алексис Токвиллийн шагнал (1984), Киотогийн шагнал (1992) хүртжээ.
Карл Поппер 1994 оны 9-р сарын 17-нд Лондонгийн Кройдон бороуд таалал төгссөн байна.