Квантуны Арми

(Квантуны арми-с чиглүүлэгдэв)
Квантуны Арми


Шинжинь дахь Квантуны армийн жанжин штаб (1935).
Идэвхтэй 1906 оны дөрөвдүгээр сар-1945 оны наймдугаар сар хүртэл 
Улс ЯпонЯпон Японы эзэнт гүрэн
Зэвсэгт хүчин ЯпонЯпон (Дайны далбаа) Японы эзэн хааны хуурай замын цэрэг
Цэргийн төрөл Явган цэрэг
Төрөл Хуурай замын цэргийн бүлэг
Хүч 1906: 10.000
1941: 700.000
1945: 600.000
Байрласан газар Шинжинь, Манжуур
Тулалдаан Хятад-Японы хоёрдугаар дайн
Халхын голын дайн
Дэлхийн хоёрдугаар дайн

Квантуны арми (Япон: 関東軍, かんとうぐん, Кантоо-гүн) нь Дорныг хамаарах арми гэсэн утгатай бөгөөд хуучин Японы эзэнт гүрний хуурай замын цэргийн Зүүн Ази дахь томоохон цэргийн бүлэглэлүүдийн нэг юм. Анх 1919 онд бүрэлдэн байгуулагдсан байна. Тоожоо Хидэкигийн удирдлага дор Квантуны армии 1938 онд 200 мянган цэрэгтэй байсан бол 1940 он гэхэд 300 мянга болж өссөн байна.

Дэлхийн II дайны үед Японы нийт Зэвсэгт хүчин 7 сая албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байснаас хуурай замын цэрэгт 5 сая нь ногдож байсан байна. Үүнээс Өвөр Монгол, Манжуур, Зүүн хойд Хятад, Солонгост 1,5 сая цэргийн албан хаагч байрлаж байсан нь энэхүү нэгтгэл орж байсан юм. Манжуурын өмнөд төмөр зам болон Шандонгийн хойгт харуул хамгаалалт хийх нэрийдлээр цэргийн нэгтгэлүүдийг байгуулсан нь:

1-т ирээдүйд Төвөд, дорнод Туркестан, Монгол, ЗХУ-ын Сибирь, Өвөр байгаль, Алс дорнодод халдах,

2-т Төв болон зүүн, зүүн өмнөд Хятадад явуулж буй байлдааны ажиллагааны түшиц газар, хуурай замын цэргийн ар талын бэлтгэл-нөөцийн бүрэлдэхүүн болж байсан,

3-т тус бүс нутаг нь нүүрс, нефть, байгалийн хий, төмрийн хүдэр зэрэг Японд нэн хэрэгцээтэй байгалийн баялаг, түүхий эдээр элбэг бөгөөд тэрхүү баялгийг эзэмшихэд тус бүс нутгийг бүрэн хяналтдаа оруулан байр сууриа баталгаажуулах,

4-т ирээдүйд Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө болон дайны үед АНУ, Их Британи болон тэдний холбоотнуудтай өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явуулахад Японоос Эзэн хааны гэр бүлийнхэн болон Армийн Дээд Командлалын хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнийг нийслэл Токиогоос нүүлгэн шилжүүлж ирүүлэх стратегийн зорилготой байсан ажээ.

Жанжин штабын байр нь Лушуньд байрлаж байсан бөгөөд 1931 оны Мүгдэний интервенцээс хойш Манжуурын нийслэл Шинжинь (одоогийн Чанчунь)-д байрлах болсон. Стратегийн зорилгоо хэрэгжүүлэх далимаар нь Монголын Халх голын дайнд ялагдсан хонзонгоо авахаар ЗХУ-д Нацист Герман халдан довтолсон цагаас дахин Зөвлөлт, Монголын хил дээр цэргийн хүч хуримтлуулж илүү няхуур Кантокүэн хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж төлөвлөн, зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна. Үүнд Япон улсын өөрийн ба ЗХУ-ын НКВД-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив, Монгол Улсын ТЕГ-ын Архивын материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болж эхэлжээ. Тухайлбал Өрнөд Манжуурын 1 дүгээр фронт, Дорнод Манжуурын 3 дугаар фронт, Солонгосын 17 дугаар фронт гэсэн 3 цэргийн тойрогт хуваагдаж зөвхөн Токиогоос ирэх Эзэн хааны Жанжин Штабын тушаалыг хүлээж байсан байв (энэ нь Зөвлөлт-Германы Москвагийн хамгаалалт, Ленинградын бүслэлт, Сталинградын тулалдааны хувь заяа хаашаа эргэх эсэх зэрэг фронтын нөхцөл байдлыг харгалзаж байлаа). Квантун хэмээх нэрийн гарал нь хариуцан хамгаалж байсан газрынхаа нэрнээс үүсэлтэй. Токиогоос огт хамааралгүй мэт байсан мэтээр одоогийн улс төрч, сэтгүүлчид эндүүрэх явдал нь 1939 оны Ерөнхий командалд захирагддаггүй шууд Эзэн хааны жанжин штабт захирагддаг байсныг нь мэддэггүйтэй холбоотой юм. Энэ нь сайнаар хэлбэл цэрэг дайны үйл ажиллагаан дахь хүнд суртал олон шат дамжлагыг арилган үр дүн тухайн шатанд харагдаж л байвал хэрэгжүүл гэсэн үзэл баримтлалын нэг илрэл юм (Япон улсын зүгээс энэ нь тухайн үеийн цэргийнхний үйлдэж байсан харгислалыг зөвтгөх, хариуцлагаас мултрахын тулд үүнийг бамбай болгон ашигладгийг анхаарвал зохино). Юутай ч энэхүү армийн хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа Японы эзэнт гүрнийг Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдахад их түлхэц болсон. Тэдний Солонгосын хойг, БНХАУ-д явуулсан харгислал нь одоо үед ч гэсэн БНХАУ, БНСУ-аас Япон улсыг дарамтлах хамгийн том шалтаг шалтгаан болж байна. Мөн Квантуны армийн командлалд байсан анги нэгтгэлүүдийг Ази номхон далайн фронтын Бирм, Филлипин, Индонез болон баруун, төв ба зүүн Хятадад байлдаж байсан бусад хуурай замын цэргийн командлалуудын мэдэлд болон дээрх фронтын хэсгүүдээс анги нэгтгэлүүдийг Квантуны командлалын мэдэлд сэлгэн шилжүүлж байсан нь Токиогоос огт хамааралгүй, зөвхөн армийн командал нь дур зоргоор шилжүүлж аливаа үйл ажиллагаа явуулж байсан гэх мэтгэх явдлыг няцаасан факт болж байгаа билээ.

Цэргийн гэмт хэрэг ба түүхийг гуйвуулсан нь[засварлах | кодоор засварлах]

Умард бүлэглэлийн цэрэг дайны кампанийн чиглэл, (北進論 Hokushin-ron)
Квантуны арми 1941 оны өвөл
Японы эзэн хааны армийн цэргүүд цэргийн олзлогдогсдоор буудлагын бай хийж байгаа нь

1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд Японы цэргийн гол гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед хэрэгтнүүдийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн шугам тод биш байсан газарт болсон хилийн яльгүй будилаан болгон харуулах талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг түрэмгийлэл гэж үзэж болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий. 1936 оны 11-р сард Япон Улс Герман Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «Коминтерний эсрэг» гэрээ байгуулж, Зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай замын хүчний командлал «Зөвлөлтийн аюул нэмэгдэж буй»-гаар халхавчлан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будилааныг зориуд өдөөжээ. Харилцан үл довтлолцох гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, Зөвлөлт-Японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшнээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосны сацуу Зөвлөлт-Манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв. Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо өндөрлөг дэх Зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт Зөвлөлтийн хүчийг тандах» санаа Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн будилааныг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938 оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхүү 23 дивиз Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9 дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа байв. Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг Хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж туршихаар шийджээ. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд «Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс давуулахгүй байх. Нисэх хүчин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ. Японы армийн түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө. 8-р сарын 1-нд ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь бут цохин гаргахыг Алс дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаасан байна. Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемёт, 237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ. Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы Засгийн газар ноцтой түгшиж эхэлсэн. Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн саналыг 8-р сарын 4-нд Элчин сайд Шигэмицү Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссар Максим Литвиновт (1930—1939) өгчээ. Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв. Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор Японы цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж, Зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Приморьд явуулсан байлдаан Зөвлөлтийн Алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болов. Хасан нуурын хавьд болсон тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анх удаа хүчтэй том улсын жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв. Токиогийн онц шүүхийн ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий түрэмгий шинжтэй гэж онц шүүх үзэж байна». Энэ дүгнэлтийг «няцаах», Токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн милитарист үеийг буруушааж, Японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн булш орших "Ясүкүни сүм"-д албан ёсоор шүтэхийг эсэргүүцэж байгаа юм. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70 жилийн өмнө Хасаны будилаанд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ. Одоо үед Японд энэхүү болон бусад цэргийн бүлэглэлүүдийн түүхийг бичихдээ хэт мөлийлгөж өөрсдийн үүсгэсэн дайны хариуцлагыг хүлээхгvй, эзэн хааны төлөө үйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж үзэхгvй байгаа билээ. Мөн энд жишээ болгоход үндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад үндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг үзэл нэвт шингэсэн Ямато арьстан байна. "Ямато" гэдэг нь япон үндэстний анхны нэр. Энэхүү арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгүүр, бусдаас цэвэр гэж үздэг хэмээн Жонн Даудер бичжээ. Өнөө үед ч үндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хүлээж авдаггүй. Германы нацист дайнаас бүр өмнө япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкиныг 1937 онд бөмбөгдөж буудсаны дараа Японы Эзэн хааны арми Хятадын эрэгтэй, эмэгтэйчүүдийг үй олноор нь цаазалж устгасан билээ. Алагдсан хятадуудын тоог янз бүрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хүн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бөмбөгт алагдсан хүний тоотой ойр очиж байгаа юм. Хожим нь 1941-1942 онуудад Мао Зэдуны отрядууд байрласан мужуудад “коммунизмыг номхотгох “Гурван бүгд” буюу Бүгдийг ал, Бүгдийг шатаа, бүгдийг устга” гэсэн бодлогын дүнд нийт 19 сая хүн амиа алджээ. Тэр дайнд оролцсон япон цэрэг Үно Шинтаро “Япон дайн: Аман түүх” гэсэн номд өгсөн ярилцлагадаа “Би хувьдаа 40 хүний толгойг авсан. Өнөө үед хүн гайхаж магадгүй, гэвч хүний толгойг авахгүй 2 долоо хоног өнгөрөхөд л эвгvй оргиод байдаг байв. Булчин шөрмөсөө чангалмаар санагдаад болдоггүй. Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим үед алдаад мөр лүү нь цавччихдаг. Нэг удаа уушги нь бөмбөг мэт бүлт үсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Өнөөдөр би өөр болсон. Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс үндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хүн дайны хөлд үрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэй (ихэнх нь солонгос) япон цэргийн зугаа болж ашиглагджээ. Дэлхийн II дайны үед цэргүүдийг тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх хүүхнүүд маш чухал байжээ. Энэ тухай Японы алдартай улс төрч, Осака хотын дарга Хашимото Дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд биеийг нь үнэлүүлдэг байсан хэмээн ярьж байна. Энэ нь хүнд хэцүү байдалд орсон цэргүүдэд цаашид амьдрах урам зориг, боломж олгодог байжээ. Гэвч эмэгтэйчүүд үүнийг албан хүчээр хийдэг байсан байна. Хашимото үүнийг “Comfort women system” буюу " зугаацуулагч эмэгтэйчүүд" хэмээн нэрлээд байгаа юм. Зөвхөн Японоос гэхэд 200 000 гаруй эмэгтэй Дэлхийн II дайны үед цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлийн боол болж байжээ. Мөн түүнчлэн Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Индонез, Тайваниас эмэгтэйчүүдийг авч байсан аж.[1]

Японы 731 дүгээр отряд[засварлах | кодоор засварлах]

Энэхүү отрядын явуулсан үйл ажиллагааг дурдвал, 1930-1940 онд Японы эзлэгдсэн орны энгийн иргэд, цэргийн олзлогдогсод дээр биологийн болон анагаах ухааны туршилтууд явуулсан байна. Туршилтад орсон хэчнээн хүн хорвоог орхисон тухай тодорхой тоо баримт байхгүй, барагцаагаар 200 мянга гаруй хүн амьсгал хураасан гэдэг. Хятадын хотуудаар тахал, хижиг өвчний нян тээгч бөөс тарааж, ундны усыг булчин задрах тахлын нянгаар “арвижуулж” байв. Хөлдөлтийг эмчлэх аргыг турших гэж хоригдлуудыг өвлийн хүйтэнд явган алхуулж, өвчин намдаах тариа хийлгүйгээр хөл гарыг нь тайрч, нүдийг нь бүлтэртэл барокамерт байлгаж, хорт хийгээр утдаг байжээ. Дайны дараа Америкийн Засгийн газар “хүйтэн дайн”-ы жилүүдэд дэмжлэг авахын тулд дээрх туршилтуудыг нуухад Японд тусалсан гэдэг.

Японы зэвсэгт хүчин дэлхийн 2 дугаар дайнд[засварлах | кодоор засварлах]

  • Удирдлагын шатлал: Эзэн хааны жанжин штаб | Цэргийн дээд зөвлөл | Цэргийн яам | Ерөнхий Штаб | Цэргийн бэлтгэлийн хэрэг эрхлэх газар
  • Цэргийн тойрог: "Өрнөд" | "Дорнод" | "Төв" | "Умард" | Солонгосын | Тайванийн
  • 1945 оны Удирдлагын бүтэц : Ерөнхий | Дэд
  • Томоохон цэргийн ажиллагаанууд: Филиппиний операци I | Гуадалканалын тулалдаан | Ивожимагийн төлөө тулалдаан | Филиппиний II операц | Баруун-Шинэ Гвинейн давшилт | Рюүкюү-Бониний операци | Манжуурын операци

Эшлэл[засварлах | кодоор засварлах]