Лувсанцэрэнгийн Шагдар

Лувсанцэрэнгийн Шагдар
Төрсөн1925
Сэлэнгэ аймгийн Хяраан
Нас барсан2016
Яс үндэсБуриад
ҮндэстэнМонгол
БоловсролМатематикийн Ухааны Доктор
Төгссөн сургуульМонгол Улсын Их Сургууль, Москвагийн Улсын Их Сургууль
АжилМатематикийн багш
Шагнал1981 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат багш цол

Лувсанцэрэнгийн Шагдар (1925 онд Сэлэнгэ аймгийн Орхон шаамар сумын нутаг, Хяраан хэмээх газар төрсөн-2016 онд нас барсан)- Монгол Улсын Ардын багш, математикч эрдэмтэн, профессор.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1933-1941 онд Алтанбулаг хотын 7 жилийн сургууль, 1941-1943 онд Нийслэлийн 1-р арван жилийн сургууль, МУИС-ийн бэлтгэл ангийг тус тус төгсөж, 1943-1947 онд МУИС-ийн Тоо физикийн ангид суралцан төгсөж, тоо физикийн багшийн мэргэжил эзэмшсэн.

Л. Шагдар нь 1948-1954 онд ЗХУ-ын М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн аспирантурт суралцаж, физик математикийн ухааны докторын зэрэг хамгаалсан, Монголын ууган математикч эрдэмтэн бөгөөд алдарт математикч Е.Б.Дынкины анхны шавь нарын нэг байсан юм. Түүний судалгааны ажлын гол бүтээлүүд нь магадлалын онол, математик статистикийн салбарт хамаарах бөгөөд нийт 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсний 90 орчим хувийг хараагүйн бэрхшээлтэй хүнд нөхцөлд туурвижээ.

Л. Шагдар нь 1947-1990 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1967-1995 онд ШУА-д секторын эрхлэгч, эрдэм шинжилгээний зөвлөхөөр ажиллаж байсан.

Тэрээр 1957 онд доцент, 1966 онд профессор цол хүртэж, 1971 онд Алтан гадас одон, 1981 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат багш, 1991 онд Монгол Улсын Ардын багш цолоор тус тус шагнагджээ. Л. Шагдар 1961 онд хараагүй болсноос хойш математикийн хичээлийг самбар шохой хэрэглэхгүйгээр цээжээр ойлгомжтой зааж олон тооны эрдэмтэн шавь нарыг төрүүлсэн юм.

Л. Шагдар Монгол улсад математикийн олимпиадыг анхлан санаачилж зохион байгуулсны гадна Шинжлэх Ухааны Академийн Математикийн хүрээлэнгийн тулгын чулууг тавьсан гавьяатан билээ.