Jump to content

Монгол-Беларусийн харилцаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол, Беларусийн харилцаа - Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хэлнэ.

1991 оны 12 дугаар сард ЗХУ задарч Беларусь тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг байжээ. Улмаар хоёр улс 1992 оны 1 дүгээр сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм.

Уламжлал ёсоор Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд нар Беларусь улсад нэгэн зэрэг хавсран сууж байв: 1992–1994 онд Н.Мишигдорж, 1994-1996 онд Н.Бавуу, 1996–2000 онд Ц.Цолмон, 2001-2005 онд С.Баяр, 2005-2009 онд Л.Хангай, 2009–2014 онд Д.Идэвхтэн, 2014–2016 онд С.Алтангэрэл, 2016-2019 онд Б.Дэлгэрмаа, 2019-2021 онд Д.Даваа.

2021 оны 9 дүгээр сарын 30-нд Монгол Улсаас Беларусь улсад суурин суух анхны Элчин сайд Б.Баярсайхан тус улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ барьж албан үүрэгтээ оржээ.

Эхэн үед Беларусь Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нар Монгол Улсад хавсран сууж байв (В.Н. Кузнецов 1998 — 2000, В.П. Буря 2011 — 2013 оны 7 сар). Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээгдсэн юм. 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Владимирович Чепурной Итгэмжлэх жуух бичгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан байна.

Дээд өндөр хэмжээний уулзалт, айлчлалууд

[засварлах | кодоор засварлах]

Монгол, Беларусь улс олон улсын тулгамдсан гол гол асуудлаар ижил байр суурьтай байдаг бөгөөд нэгдмэл бус ертөнц байгуулахын эсрэг бага, буурай улс орнуудын ашиг сонирхлыг хангаж харилцан ашигтай байх зарчмыг баримталдаг байна.

2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Беларусь Улсад Монгол Улсын ЭСЯ-ыг нээх тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдаж гарч 2020 оны 5 дугаар сарын 21-нээс Элчин сайдын яам үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко 2015 оны 7-р сард ОХУ-ын Уфа хотод болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага болон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2018 оны 6-р сард Хятадын Чиндаод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нартай уулзсан.

2017 оны 5-р сард Бээжин хотод болсон “Нэг бүс, нэг зам” чуулга уулзалтын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзсан юм.

Беларусь Улсын Ерөнхий сайд В.Ф. Кебич 1992 онд, 2013 онд М.В. Мясникович нар Монгол Улсад тус тус айлчилсан. 2016 онд Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсад ажлын айлчлал хийсэн юм.

2017 онд Оросын Сочи хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын Тэргүүдийн хуралдааны үеэр Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Беларусь Улсын Ерөнхий сайд А.Кобяков нар албан ёсоор уулзсан.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд 2001 онд Л.Эрдэнэчулуун, 2018 онд Д.Цогтбаатар Беларусь улсад айлчилсан байна.

Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.Л. Сенко 1996 онд Монгол улсад айлчилсан байна.

2013 онд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Беларусь Улсад айлчилсан.

Монгол Улсын Зам, тээврийн сайд 2014 онд А.Гансүх, 2020 оны 1-р сард Б.Энх-Амгалан нар тус тус Беларусь Улсад айлчилсан байна.

2016 онд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд З. Баянсэлэнгэ, 2017 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тэргүүтэй төлөөлөгчид Беларусь Улсад мөн айлчилсан.

Беларусь Улсын Аж үйлдвэрийн салбарын сайд В.М. Вовк 2018 онд, 2019 оны 6-р сард П.В. Утюпин нар Монголд мөн айчилсан байна.

1992 онд анх дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Беларусь Улсын Гадаад харилцааны яам хоорондын 4 удаагийн зөвлөлдөх уулзалт болсон (2012 оны 9-р сард Улаанбаатарт, 2013 оны 5-р сард Минск хотод, 2015 оны 4-р сард Улаанбаатарт, 2019 оны 9-р сард Минск хотод).

Парламент хоорондын харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын Их хурал, Беларусь Улсын Үндэсний Хуралд парламенттай хамтран ажиллах ажлын хэсэг харилцан байгуулагдсан. Монгол Улсын Их Хурлын дэргэд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол-Беларусийн парламентын бүлэг байгуулагдсан. Хоёр орны парламент хоорондын харилцаа холбоо, ЕАБХАБ-ын Парламентын Ассемблейн Торгоны замыг дэмжих бүлгийн хүрээнд хийгдэж байгаа талаар ярилцсан байна.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол, Беларусийн худалдаа, эдийн засгийн харилцааг 1992 оны 1-р сарын 24-ний өдөр байгуулсан, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (1992 оны 1-р сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон), 2001 оны 5-р сарын 28-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх, хамгаалах тухай хэлэлцээр (2002 оны 1-р сарын 27-ны өдөр хүчин төгөлдөр болсон), 2001 оны 5-р сарын 28-ны өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд давхар татвараас зайлсхийх, орлого, эд хөрөнгийн албан татвараас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (2007 оны 3-р сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон) зэрэг эрх зүйн бичиг баримтуудаар зохицуулдаг юм.

2020 онд хоёр улсын бараа эргэлт 49,6 сая доллар (2019 онтой харьцуулахад 147,1 хувь) болж, Монгол руу нийт 49,5 сая доллар (146,6 хувь)-ын беларусийн бараа нийлүүлсэн бол, Монголоос Беларусь руу 153,6 мянган долларын бараа нийлүүлсэн байна.

Монгол Улсад Беларуст үйлдвэрлэсэн гал унтраах, аврах, зам барих тоног төхөөрөмж, трактор нийлүүлэх, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд цахилгаан шат засварлах болон сүү боловсруулах үйлдвэр, ферм барих тухай экспортын зээл олгох Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгулахаар ярилцаж байна.


Монгол Улсад суугаа Беларусь Улсын ЭСЯ-ны албан ёсны цахим хуудасны хаяг: https://mongolia.mfa.gov.by