Jump to content

Муаммар Каддафи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Муаммар Каддафи

Муаммар Каддафи ( бүтнээр:- Муаммар Мухаммад Абу Миньяр аль-Кадда́фи, араб. مُعمّر محمد عبد السلام القذّافي‎; 1942 оны 6-р сарын 7-нд Италийн Ливи улсад төрсөн—2011 оны 10-р сарын 20-нд нас барсан) — Ливийн хувьсгалч, улс төрч бөгөөд улс төрийн онолч. Тэрээр 1969-2011 онд бодит байдал дээр Ливийн удирдагч байсан бөгөөд эхлээд 1969-1977 онд Арабын Бүгд Найрамдах Ливи улсын хувьсгалын даргаар, дараа нь 1977-2011 онд Аугаа Социалист Ардын Ливийн Араб Жамахирийн улсын “ах дүүгийн удирдагч” байсан.

Тэрээр Италийн Ливи үеийн Сирт хотын ойролцоо, ядуу "бедуин" гэр бүлд төрсөн. М.Каддафи Сабха хотод сургуульд байхдаа Арабын үндсэрхэг үзэлтэн болж, улмаар Бенгази дахь Хатан хааны цэргийн академид элсэн орсон. Цэргийн хуаранд тэрээр хувьсгалт бүлэглэл байгуулж, 1969 онд төрийн эргэлт хийж барууны дэмжлэгтэй Сенусит Идрисийн хаант засгийг түлхэн унагасан байна. Каддафи Засгийн эрхэнд гарсны дараа Ливи улсыг "Хувьсгалт удирдлагын Зөвлөл"-өөр удирдаж тус улсыг Бүгд найрамдах улс болгон өөрчилсөн. Тэрээр өөрийн зарлигаар юуны өмнө Ливи улсаас италичуудыг албадан гаргаж, барууны цэргийн баазуудыг хөөн зайлуулжээ. Арабын үндсэрхэг үзэлтэй засгийн газрууд, ялангуяа Гамаль Абдель Нассерын удирдаж байсан Египеттэй харилцаа холбоогоо бэхжүүлж байхдаа тэрээр Арабын улс төрийн нэгдлийг байгуулах гээд дэмжлэг аваагүй байна. Исламын шинэчлэгч тэрээр "шариатын хууль"-ийн тогтолцооны үндэс болгон нэвтрүүлж, "Исламын социализм"-ийг сурталчилсан.

Тэрээр нефтийн аж үйлдвэрийг улсад хураан авч үндэсний болгож, засгийн газрын өсөн нэмэгдсэн орлогыг цэрэг армийг дэмжих, гадаадын хувьсгалчдыг санхүүжүүлэх, орон сууц, эрүүл мэнд, боловсролыг чухалчилдаг нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. 1973 онд тэрээр шууд ардчиллын тогтолцоо гэж танилцуулсан Ардын Үндсэн Их Хурал байгуулснаар "Ардын хувьсгал"-ыг санаачлан гаргасан боловч томоохон шийдвэрүүдэд хувийн хяналтаа хадгалсаар ирсэн.

Муаммар Каддафи 1977 онд Ливи улсыг Жамахири буюу "олон нийтийн улс" хэмээх шинэ социалист улс болгон өөрчилсөн. Тэрээр албан ёсоор засаглалын бэлгэдлийн үүрэг гүйцэтгэсэн боловч тэрслүү үзэлтэй хүмүүсийг цагдан хорих, дарах үүрэгтэй цэргийн болон хувьсгалт хороодын дарга хэвээр байв. 1970, 1980-аад онд Ливи Египет, Чадтай хилийн зөрчилдөөн, гадаадын дайчдыг дэмжиж, Шотландад болсон Локербигийн бөмбөгдөлтөд хариуцлага хүлээсэн нь түүнийг дэлхий дахинд улам бүр ганцаардуулсан. Ялангуяа Израиль, АНУ, Их Британитай дайсагнасан харилцаа бий болсон байна.

Үүнээс үүдэж 1986 онд АНУ Ливийг бөмбөгдөж, НҮБ-аас Ливийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. 1999 оноос хойш Каддафи "Пан-Арабизм"-аас зайлсхийж, "Пан-Африкизм"-ыг дэмжиж, барууны орнуудтай ойртохыг хичээсэн. 2009-2010 онд Африкийн холбооны даргаар ажиллаж байсан юм.

2011 онд “Арабын хавар” ид оргилж байх үед Ливийн зүүн хэсэгт өргөн тархсан авлига, ажилгүйдлийг эсэргүүцсэн жагсаал цуглаан гарах болсон. Нөхцөл байдал даамжирч иргэний дайн болж, Умард Атлантын эвсэл НАТО Каддафийн эсрэг Үндэсний шилжилтийн зөвлөлийн талд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцов. Каддафийгийн Засгийн газрыг түлхэн унагаж, Каддафи өөрөө төрсөн Сирт хот рүү зугтаасан ч Үндэсний шилжилтийн зөвлөлийн дайчдад баригдаад 2011 оны 10-р сарын 20-нд үг дуугүй хороон алсан байна.