Шариатын хууль
Шариат (араб. شَرِيعَة — шууд утгаар. "зөв зам, үйл ажиллагааны хэлбэр") —Исламын шашинтнуудын шашны ухамсар, ёс суртахууны үнэлэмжийг бүрдүүлэхийн зэрэгцээ итгэл үнэмшлийг тодорхойлсон дүрэм журмын багц юм.
Шариатын хууль буюу дүрэм журам нь юуны түрүүнд Коран судар, Мухаммедын Сүнна зэрэгт тусгагдсан бөгөөд мусульманчуудын өдөр тутмын амьдралын бараг бүх салбарыг зохицуулдаг тодорхой хэм хэмжээний эх сурвалж болдог байна.
Шариатын хууль нь дэлхий даяар маргаантай асуудал болоод байгаа юм. Шариатад суурилсан хуулиудыг нэвтрүүлсэн нь Нигерт нийгэм хоорондын хүчирхийллийг өдөөж, Суданы сүйрэлд нөлөөлсөн гэдэг юм. Шариат нь ардчилал, хүний эрх, сэтгэлгээний эрх чөлөө, банк санхүүтэй нийцэж байгаа эсэх талаар ширүүн маргаан өнөө хүртэл үргэлжилсээр байна.
Исламын шашинтнууд шариатын тухай ойлголтыг голчлон Коран судрын шүлгүүдэд ашигласантай холбодог бөгөөд энэ нь Аллахын тодорхойлсон шулуун шударга замыг илэрхийлдэг бөгөөд үүний дагуу сүсэг бишрэлтэй мусульман хүн ёс суртахууны төгс байдал, дэлхийн сайн сайхан байдалд хүрч, хойд насандаа диваажинд очих боломжтой гэж үздэг юм.
Исламын үзэл суртлын хувьд "шариат" гэдэг нэр томьёо нь Ислами, Исламия (Лалын, Исламын) гэсэн тодорхойлолттой хослуулан, шашинд итгэгч хүний дагаж мөрдөх дүрэм журам, түүнчлэн Аллахын тогтоосон шалгуурыг үнэлэхдээ зан байдал, сэтгэлгээ гэсэн ерөнхий хэл шинжлэлийн утгаар хэрэглэгддэг. Ийм учраас олон нийтийн ухамсарт шариатыг ерөнхийдөө исламын амьдралын хэв маяг, шашны, өдөр тутмын амьдралд, ёс суртахууны, хууль эрх зүйн гэх мэт олон төрлийн хэм хэмжээг багтаасан Исламын шашны зан үйлийн цогц дүрэм гэж хүлээн үздэг байна. Өргөн утгаараа шариатыг ихэвчлэн "шашны хууль" гэж нэрлэдэг бөгөөд "хууль" гэсэн нэр томъёог шууд хууль эрх зүйн утгаар биш харин нийгмийн ерөнхийд "бичигдээгүй хууль" гэсэн утгаар ашигладаг байна.
Шариатын нөлөөл ба хүрээ нь
[засварлах | кодоор засварлах]Исламын ертөнц дэх мусульманчуудын амьдралыг үндсэндээ шариат тодорхойлж, зохицуулдаг байна. Гэсэн хэдий ч түүний нөлөө хаа сайгүй байдаггүй. Саудын Араб-д шариат хууль эрх зүйн цорын ганц тогтолцоо хэвээр байна. Сири, Ливан болон Африк тивийн Исламын орнуудад төрийн гэмт хэрэг, иргэд хоорондын хэлцлийг иргэний хууль тогтоомжийн хэм хэмжээгээр зохицуулдаг, харин өв залгамжлал, ёс уламжлал, гэрлэлт, гэр бүл салалт, буяны байгууллагын асуудлыг шариатын хуулийн үүднээс авч үздэг. Турк болон Төв Азийн орнуудад шүүх нь иргэний эрх зүйг баримталдаг байна.