Jump to content

Никколо Макиавелли

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Никколо Макиавелли (Итали: Niccolò di Bernardo dei Machiavelli, 1469 оны 5-р сарын 3-нд Флорецид төрсөн-1527 оны 6-р сарын 21-нд төрсөн газраа нас барсан) - Италийн түүхч, философич, Сэргэн мандалтын үеийн Флоренцын дипломатч, зохиолч, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны эцэг, жүжгийн зохиолч, Флоренцын дипломат харилцаа эрхэлсэн төрийн албан хаагч байсан. 1498-1512 оны хооронд Флоренцын Бүгд Найрамдах Улсын Дээд Шүүхийн нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан.

Никколо Макиавелли 1469 оны 5-р сарын 3-нд Флоренцын ойролцоох Сан Кашано тосгонд өмгөөлөгч-хуульч эцэг Бернардо ди Макиавелли (1426-1500), эх Бартоломей ди Стефано Нели (1441-1496) нарын гэр бүлд төржээ. Тэрээр 1465 онд төрсөн Примавера, 1468 онд төрсөн Маргарита гэх хоёр эгч, 1475 онд төрсөн Тотто хэмээх эрэгтэй дүүтэй байжээ. Хэдийгээр түүний гэр бүл дундаж давхаргынх байсан боловч Никколо хүүгийн бага нас нь ядуу, хүнд хэцүү нөхцөлд өнгөрсөн гэж эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байна. Никколо сайн боловсрол эзэмшиж, латин болон ромын сонгодог зохиолыг уншдаг байжээ. Үүний дотор эртний Ромын зохиолч, хөгжмийн онолч А.Макробий, эртний ромын түүхч Тит Ливи, ромын гүн ухаантан, улс төрч Марк Цицерон, эртний еврейн цэргийн жанжин Иосефус Флавиус зэргийн бүтээлүүдийг их үзэж, сурч мэддэг байжээ.

Николо Макиавелли, 1469-1527. Цээж баримал, Флоренц

Н.Макиавеллийг дундаж нуруутай, туранхай, хар үстэй, цагаан арьстай, жижиг толгойтой, туранхай царайтай, өндөр магнайтай, нарийхан уруултай байсан гэж түүхч-намтар судлаач Роберто Ридольфи сүүлд түүний гаднах төрхийг тодорхойлсон байна.

Түүний улс төрийн амьдралыг судлаачид хоёр хувааж үздэг. 1512 он хүртэл төрийн албанд зүтгэсэн бөгөөд төрийн албанаас хүчээр зайлуулагдсанаас хойш өөрийг нь алдаршуулсан ном зохиолоо бичих болсон үе гэдэг байна.

1498 оны 7-р сарын 14-нд Макиавелли Флоренцын цэргийн хэргийг хариуцдаг Арван комиссын нарийн бичгийн даргаар сонгогдов. Комиссын сонгогдсон гишүүд зургаан сар тутамд солигддог байсан тул үндсэн ажлыг тамгын газар гүйцэтгэдэг байв. Энэ албанд Макиавелли 14 жил зүтгэж Францын XII Людовик хаан, Неаполь дахь II Фердинанд хаан, Ром дахь Пап ламын газар дипломат үүрэг гүйцэтгэж төрийн бичиг хэрэг хөтөлдөг байжээ. Энэ үед Итали хэдэн арван мужид хуваагдсанаас гадна Неаполийн хаант улсын төлөө Франц, Ариун Ромын эзэнт гүрний дайн эхэлжээ. Дараа нь дайныг хөлсний цэргүүд байлдаж, Флоренц хүчтэй өрсөлдөгчдийн хооронд маневр хийх шаардлагатай болж, Макиавелли тэдэнтэй дипломат харилцаагаа барьж байв. Бослого гаргасан Пизаг бүслэхэд Флоренцийн засгийн газар, түүний армид суугаа бүрэн эрхт төлөөлөгч Никколо Макиавелли маш их цаг хугацаа, хүчин чармайлт гаргаж байжээ.

Н.Макиавеллигийн "Эзэн хаан" номны орос орчуулга.

Макиавеллиг улс төрийн амьдралаас холдуулж, амьжиргааны эх үүсвэргүй болгож, 1513 онд Медичийн эсрэг хуйвалдааны хэргээр баривчилжээ. Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүнийг тамлан зовоож мэдүүлэг авч байжээ. Тэрбээр ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдсэн боловч түүнд цаазаар авах ял оноожээ. Өршөөлийн ачаар тэр цаазын ялаас суллагдсан байна. Найз нөхөд, хамаатан садан нь түүнд зориулж барьцааны 1000 флорин төлж байжээ. Улмаар Макиавелли Флоренцийг орхиж өөрийн эдлэн газар руу явж тэндээ Төрийн тогтолцооны тухай зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн байна.

"Эзэн хаан" /Хунтайж/ ном

[засварлах | кодоор засварлах]

Н.Макиавеллигийн 1513 онд бичиж дуусгасан "Эзэн хаан" (Хунтайж гэж монгол орчуулга мөн гарсан) (англи. The Prince) ном анх латин хэлээр De Principatibus (Вант улсууд) гэсэн нэртэй байсан. Энэхүү зохиол буюу туурвилыг Макиавеллийг нас барснаас таван жилийн дараа буюу 1532 онд хамаатнууд, найз нөхөдийн хамт түүний дурсгалд зориулж хэвлүүлсэн байна. Энэ ном нь тухайн цаг үедээ төр, түүний удирдлагын талаар системчилсэн ажил байсан. Уг алдарт бүтээл нь "Улс төр судлал"-ын суурийг тавьсан бөгөөд орчин үеийн "улс төрийн философи"-ийн анхны бүтээлд тооцогддог. Төрийн удирдлага хэлбэрээрээ улс (Stati) нь Бүгд найрамдах улс (Repubbliche) болон хаант улс (Principati) гэж хоёр хуваагддаг гэж заажээ. Макиавелли төрийн эрхийг авах гурван хэлбэрийг уг номд бичсэн байна: 1. зэвсэгт буюу хүч хэрэглэж (armi, forza или violenza), 2. аз завшааны тохиолдлоор (fortuna, фортуна) болон 3. тэтгэж дэмжих (virtù). Аз завшаан бол хүний эрх мэдэлд байдаггүй тул Макиавелли зэвсэгт хүч, тэтгэж дэмжих гэсэн нэг нэгийгээ нөхсөн хоёр хэлбэрт /монголоор бол "ташуур-бурам" гэсэн үг/ анхаарлаа хандуулсан байна. Иймд түүнийг улс төрийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж үздэг ажээ.

Николо Макиавелли, "Эзэн хаан" ном, 1532

Тэрээр улс орны бүрэн бүтэн байдлыг- хэл (латин. lingua), ёс зүй, үнэт зүйл (costumi) болон уламжлал (ordini) бүрдүүлдэг гэж үзсэн байна. Гэвч Макиавелли ард түмний үндсэн шинж чанар өөрчлөгддөг тогтворгүй онцлогтой "la natura de’ popoli è varia" гэдэгт мөн анхаарч байв (VI зүйл). Макиавелли нийгмийн дотоод тогтолцоог тодорхойлохдоо ард түмэн (popolo) болон гранд- удирдлага (grandi) гэж хоёр хуваасан байна. Ухаалаг Эзэн хаан (Principe prudente) энэ хоёрын хоорондох тэнцвэрийг олж засагладаг гэж заасан байдаг юм. Макиавелли Францын парламентыг өндөрөөр үнэлэж байжээ (Parlamento), учир нь энэ улс доторх өрсөлдөөнийг ажиглаж хяналтад байлгах боломжтой гэж үзэж байв.

Н.Макиавелли уг мэдлэгээ туршлагаас (esperienza) олж авч, «ерөнхий дүрэм» (regola generale) гаргасан байна. Эзэн хаан "Улс орноо удирдах туршлага"-ыг өнгөрсөн түүхээс сургамж болгож олж авч байх ёстой гэжээ.

Тэрээр хүн төрөлхтний түүхэнд дүн шинжилгээ хийж төрийн эрх мэдлийн зарчмуудыг томъёолсон бөгөөд энэ нь эрх мэдлээ хадгалж үлдэх, шинэ байлдан дагуулалт хийх боломжийг олгодог гэжээ. Түүгээр ч үл барам эдгээр бодлогын зарчмууд нь ёс суртахуунгүй зарчмуудыг ил гаргасан байна. Гэхдээ энэ бол улс төрийн дэглэмийн бүх нарийн ширийнийг ил тод гаргаж харуулсан Никколо Макиавеллигийн гавьяа байсан юм.

1998 онд Английн Манчестер хотод "Макиавеллигийн 500 жилийн засаглал" нэртэй эрдэм шинжилгээний семинар зохион байгуулсан байна. Тэнд Их Британийн тэргүүлэх их дээд сургуулийн профессорууд, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон юм. Семинарын үр дүнд "Макиавелли, Маркетинг ба Менежмент" номыг бүтээсэн нь Макиавеллигийн дэвшүүлж байсан санааг орчин үеийн ертөнцөд тусгаж, семинарт оролцогчдын үзэж байгаагаар зорилгодоо хүрэхийн тулд хэлэлцээрийн үр дүнтэй стратеги явуулах, хүмүүсийг удирдах, үр дүнтэй багийг бүрдүүлэх боломжийг олгосон гэж үзжээ.