Jump to content

Норовын Баатар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

[1]

Н.Баатар; Noroviin Baatar (Baatar Norov)
Норовын Баатар; Монгол бичгээр: ᠨᠣᠷᠪᠤ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ
Төрсөн1936
БНМАУ-ын Завхан Аймгийн Алдархаан сум
Нас барсан2024 есдүгээр сарын 25
Улаанбаатар хот, Монгол Улс
ХарьяалалМонгол
Мэргэжилбаллетын бүжигчин, кино жүжигчин
ХаньДашбалдангийн Пүрэвсүрэн
ШагналуудМонгол Улсын Гавьяат Жүжигчин (1969), Лодойдамбын нэрэмжит шагнал (2000), Соёлын Тэргүүний Ажилтан

Норовын Баатар (Монгол бичгээр: ᠨᠣᠷᠪᠤ ᠶᠢᠨ ᠪᠠᠭᠠᠲᠤᠷ; 1936–2024 оны 9-р сарын 25) нь Монголын балетчин, жүжигчин байв. Норовын Баатар 60 гаруй балетад тоглосноос, 21-д нь гоцлон бүжиглэжээ.[1] Монголын анхны мэргэжлийн балетчдын нэг болохын хувьд[2], түүний сонгодог балетыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж [3]Монгол Улсын Гавьяат Жүжигчин (МУГЖ) цолыг олгожээ. Мөн Н. Баатар нь өргөн дэлгэцийн кино, телевизийн зар сурталчилгаанд тоглож байв. Тэрээр "Тунгалаг Тамир" киноны Эрдэнийн дүрээрээ олонд алдаршижээ.

Бага нас болон боловсрол

[засварлах | кодоор засварлах]

1936 онд Н. Баатар Завхан аймгийн Алдархаан суманд, улаач, оточ Норов болон түүний гэргий, Сартуул Сэцэн Вангийн хошууны малчин Донойн гэр бүлд хоёр эгчтэй ганц хүү болон төржээ. Тэрээр бага насандаа өөрийн эх, нэг эгчийн хамт Улаанбаатарт нүүж ирсэн бөгөөд, 1950 онд Улаанбаатар хотод байдаг цорын ганц урлаг, бүжгийн дунд сургуулийг төгссөн. 1962 онд Зөвлөлт Холбоот Улсын Пермийн Сонгодог Баллетын Сургуульд тэтгэлгээр суралцаж, онц дүнтэй төгсжээ.[4]

Ажлын замнал, гавьяа

[засварлах | кодоор засварлах]

Н. Баатар 1946-1950 онд Монголын цорын ганц урлаг, бүжгийн дунд сургуульд суралцаж төгссөний дараа Улаанбаатар дахь Хөгжимт Драмын Театрт бүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1959-1962 онд Орос улсад үргэлжлүүлэн суралцсан болно.[5] 1963 оноос эхлэн Баатар нь Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 1989 он хүртэл бүжигчнээр ажиллаж байв.[6][7] 1969 онд Монгол Улсын Засгийн газраас Норовын Баатарын сонгодог балетыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн гавьяаг нь үнэлэн, Монгол Улсын Гавьяат Жүжигчин (МУГЖ) цолоор шагнажээ.

МУГЖ Н. Баатар нь 1977 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн XI их хуралд төлөөлөгчөөр оролцож, МҮЭ-ийн Төв Зөвлөлийн орлогч гишүүнээр түүнийг сонгож байжээ.[8]

Н.Баатар зөвхөн Монголд төдийгүй Москвaгийн эрдмийн их театр, Ленингрaдын Кировын нэрэмжит театрт ЗХУ-ын ардын жүжигчин Л.Сахьянова, Н.Чистоков нарын алдарт бүжигчидтэй хослон бүжиглэж, Станиславский болон Данченко-Немировичийн нэрэмжит театрууд, Гүрж, Румын, Югослав, Унгар, Хятад зэрэг хэд хэдэн орны театрын тайзнаа эх орноо сурталчилан бүжиглэж байжээ.[9] 1989 онд МУГЖ Баатар гавьяаныхаа тэтгэвэрт гарсан ч, түүний өндөр ур чадвар хэрэгцээтэй байсны улмаас 2016 он хүртэл Жизель, Хунт нуур, Бахчисарайн оргилолт булаг зэрэг балетад урилгаар бүжиглэсээр байжээ.[10]

Урлаг судлаачид түүнийг ихэд үнэлэн, "Н.Баатар манай сонгодог бүжиг, балетыг хөгжүүлэх үйл хэрэгт өөрийн олон талт баялаг туршлага, авьяас билэгээ зориулдаг, залуу уран бүтээлчдэд үлгэр дуурайлалттай ахмад жүжигчний нэг мөн. Н.Баатар бүжиглэх, жүжиглэхдээ хөдөлгөөн бүрээ сэтгэлгээтэй үйлдэж, илүүц маяггүй уянгалаг, бие сэтгэлийн үнэн үйлдлээр нэг дүрээс нөгөө дүрд шилжихдээ уран чадварлаг"[11], "Пермийн Cонгодог балетын сургуулиас олж авсан үндсэн хөдөлгөөнүүдээ дотоод сэтгэлээрээ баяжуулан илэрхийлж чаддаг нь түүнийг сайн бүжигчдийн эгнээнд хүргэсэн юм"[12] хэмээж байв.

МУГЖ Баатар кино урлагт ч мөн хүчин зүтгэсэн уран бүтээлч юм. Тэрээр Зууны роман гэгддэг Лодойдамбын "Тунгалаг Тамир" романаас сэдэвлэн бүтээсэн Тунгалаг Тамир кинонд Эрдэнийн гол дүрийг бүтээсэн бөгөөд "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" кинонд Алтан улсын ордны түшмэлийн дүрийг бүтээсэн.[13][14] Түүний сонгодог урлаг, кино урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж Лодойдамбын нэрэмжит шагнал, Соёлын тэргүүний ажилтан цолыг олгосон юм.

Баатарын гэргий нь Монгол Улсын Ардын Жүжигчин, дуучин Дашбалдангийн Пүрэвсүрэн байлаа.[15]

Зарим бүтээсэн бүжгийн дүр

[засварлах | кодоор засварлах]
Д/ДОнуудУран бүтээлийн зохиогчдын нэрсУран бүтээлийн нэрсБүтээсэн гол дүрүүд
11953ЖамьянМанай нэгдэлХадланч залуу
21956Б. АсарьевБахчисарайн оргилолт булагВацлав (гол дүр)
31958С. ГончигсумлааГанхуягГанхуяг (гол дүр)
41958Ф. ЯруллинОйн савдагАлы Батар
51962Б. АсафьевБахчисарайн оргилолт булагГирей хаан
61963Римский КорсаковШахерезадаСиндибад далайчин
71964Лео ДелибЦэнхэр нүдэн бүсгүйЧардаш бүжгийн гоцлол
81965А. ЗоринаСонгино хүүЖүрж агь
91965Э. ЧойдогШарилжин дундах цэцэгШирүүн гарьд
101965С. ГончигсумлааХошуу наадамХайдар
111967Ц. ПуниЭсмеральдаФеб
121968Э. ЧойдогМөнхийн нөхөрлөлДорлиг
131968Б. ДамдинсүрэнНуурын домогСүрэн тайж
141969Ш. Гуно“Фауст” дуурийн Вальпуржийн шөнөСархадын тэнгэр Вак
151970С. ГончигсумлааНайз залуусНасан Галдан занги
161971Л. МинкусДон КихотТореодор Лоренцо
171971Б. АсафьевПарисийн дөлБаски бүжиг
181972С. ПрокофьевЗолушкаЗолушкагийн эцэг
191973Б. ДамдинсүрэнАнчин ба согооЧоно
201973Э. ЧойдогХөгжмийн эгшигОлуул бүжиг
211973Ж. ЧулуунУран хасНоён, бар
221975А. МорозовАй Ёо докторБармалей
231975П.И. ЧайковскийХунт нуурРотбарт
241977Испани ардын хөгжимИспани бүжгийн цоморлигДэгжин залуу
251977Э. ЧойдогМөнгөн залааЧөтгөр
261979А. АданЖизельВан
271981З. ХангалЭрдэнэсийн уулЗэсийн бүжиг
281982К. Кара-КараявАянгын жимээрГертын цэрэг
291982П.И. ЧайковскийЩелкунчикЭцэг
301984А. ХачатурянСпартакМалчны бүжиг
311985Д. ШостаковичЭнхийн тойрогОлуул бүжиг
321986А.АданКорсарНоён Сент
331987Ж. Мэнд АмарҮйлийн гурван толгойЁслолын түшмэл
341988В. БоролдойМалчдын дуулалӨвгөн Равжих
351989Л. МинкусБаядэркаБрахман гэгээнтэн
361990П.И. ЧайковскийНойрсож буй гүнжХаан
371990С. ПрокофьевРомео Жульетта хоёрМонтек

Тоглосон кино дүр

[засварлах | кодоор засварлах]

Зарим гол шагнал

[засварлах | кодоор засварлах]
  • Монгол Улсын Гавьяат Жүжигчин (1969)[18]
  • Лодойдамбын нэрэмжит шагнал (2000)[19]
  • Соёлын тэргүүний ажилтан
  1. 1 2 https://eagle.mn/r/131034
  2. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2024-10-07. Татаж авсан: 2024-10-03.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  3. "Mongolian Film Institute". www.mfi.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2024-10-03.
  4. "Норовын Баатар". Кино-Театр.Ру. Татаж авсан: 2024-09-25.
  5. "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.
  6. T. Туул (2022). Монголын Балет, Улаанбаатар: Jikom Press, хуудас 188-189
  7. "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.
  8. Ж. Жав, Монголын балетын урлагийн хөгжил Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар, 1983. хуудас 138
  9. T. Туул (2022). Монголын Балет, Улаанбаатар: Jikom Press, хуудас 188-189
  10. ""Бахчисарайн оргилолт булаг"-ын 60 жилийн ойг тэмдэглэлээ | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-09-25.[permanent dead link]
  11. Ж. Жав, Монголын балетын урлагийн хөгжил Улаанбаатар: Улсын Хэвлэлийн Газар, 1983. хуудас 137
  12. Н. Ганхуяг. Монголын Театрын Нэвтэрхий Толь (Улаанбаатар: Мажестик паблишинг, 2020) ISBN: 978-9919-23-385-3. хуудас 56
  13. "Норовын Баатар". Кино-Театр.Ру. Татаж авсан: 2024-09-25.
  14. "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.
  15. http://ulaanbaatar.todmagnai.mn/n/i3
  16. https://mongol-kino.mn/uranbuteel/%D1%82%D1%83%D0%BD%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3-%D1%82%D0%B0%D0%BC%D0%B8%D1%80-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BA%D0%B8%D0%BD%D0%BE
  17. https://x.com/ts_davka1/status/1838977051648520353
  18. T. Туул (2022). Монголын Балет, Улаанбаатар: Jikom Press, хуудас 188-189
  19. "Н.Баатар: Кино маань өнгөт байсан бол гэж бодох үе бий". mass.mn. Татаж авсан: 2024-09-25.