Jump to content

Нүүрсний хулгайн хэрэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нүүрсний хулгайн хэрэг-

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Дашзэвгийн Амарбаясгалан болон Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар нар 2022 оны 12-р сарын 5-нд мэдээлэл хийж, "нүүрсний хулгай"-н гэх тодотголтой гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг зарлав. "Хуулийн хүрээнд зарим нэрсийг ил болгож байна. Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой" компанийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, тус компанин Х.Нурлат, Б.Отгонжаргал гэсэн хүмүүс байна. Мөн төмөр замтай холбоотойгоор Тавантолгойн төмөр замын захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал болон тус компанийн удирдах албан тушаалтнууд, тээвэртэй холбоотой хилээр нүүрс гаргаж байсан гэх гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр, н.Доржжүгдэр, Хил хамгаалах ерөнхий газрын н.Дэлгэржаргал нарыг шалгаж байна" хэмээн тодотголоо.

ЗГХЭГ-ын дарга Дашзэвгийн Амарбаясгалан "2017 оноос хойш шалгагдаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас жижиг "Тавантолгой" компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй байна. 2016-2018 онд "ЭТТ" компаний гүйцэтгэх захирлаар Доржийн Ариунболд ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Тогмидын Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэх тоон мэдээллийг олон нийтэд анх 2022 оны 12 сарын эхээр зарласан. Гэтэл 2022 оны 12-р сарын 08-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүд Т.Доржхандад хандан "40 их наядын хохирлыг хэрхэн гаргаж ирснээ тайлбарлаж, ард түмнээс уучлалт гуй" гэж шүүмжлэх маягтай үг хэлсэн байна.

Алдагдсан нүүрсний тооцоо

Үүний хариуд тэрбээр "Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй" гэж Т.Доржханд хариу барьсан.

Тэгээд УИХ-ын гишүүн Т.Доржханд, НИТХ дахь ХҮН-ын бүлгийн дарга, эдийн засагч Д.Гантулга нар нүүрсний хулгайтай холбоотой 40 их наяд төгрөгийн задаргааг /2022.12.09/ танилцуулав.

40 их наяд нь 2023 оны улсын төсвийн орлогыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө юм.

2022 оны 12-р сарын 5-ны өдрөөс Улсын ерөнхий прокурорын газраас АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллагуудад өгсөн байна.

Нүүрсний хулгайн хэргийн асуудлаар УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулагдсан.

Прокурорын байгууллагаас энэ оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа "Прокуророос нүүрсний гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд нэр бүхий албан тушаалтнууд нь урьдчилсан байдлаар 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ хүрээнд 84 орон сууц, 48 тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн" хэмээжээ.

2023 оны 5-р сард Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгаас мэдүүлэг авсан гэж АТГ мэдэгдэв.

"Хамтарсан ажлын хэсэгт нийт 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 12 прокурор хяналт тавин ажиллаж байна. Яг 2023 оны 5-р сарын 29-ний байдлаар бид 50 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс 33 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 нь мөрдөн байцаалтын хэрэг юм. Мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний гэх тодотголтой 5 хэргийг прокурор хянаж байна. Эдгээр хэргүүд нь улс төрд нөлөө бүхий, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэргүүд байгаа" -гэж Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяатай мэдээлсэн. Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 128 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эдгээрээс 49 хүнийг хойшлуулахгүйгээр буюу 48 цагийн хугацаатайгаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Тэдгээрээс 23-ыг нь яллагдагчаар цагдан хорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн цагдан хориотой хэвээр байгаа ажээ.

2023 оны 6-р сарын 14-ний Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Дашзэгвийн Амарбаясгалан сэтгүүлч нарын асуултад:- "Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин нэмэгдсэн. Экспортод ямар нэгэн байдлаар эрсдэл учирсан зүйл байхгүй. Өдөрт 1,000 гаруй автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Харин 2022 оны 11, 12 дугаар сард хилээр өдөрт гаргадаг байсан нүүрсний биет хэмжээ 160,000 тонн байсан" гэж хариулжээ.