Jump to content

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олон Улсын Атомын Энергийн Агентлаг
International Atomic Energy Agency
Agence internationale de l’énergie atomique
Organismo Internacional de Energía Atómica
Международное агентство по атомной энергии
الوكالة الدولية للطاقة الذرية
国际原子能机构
 
Байгууллагын далбаа
 
Байгууллагын төрөл Бие даасан байгууллага
Товчлол IAEO, IAEA, AIEA
Удирдлага  Аргентин (2019 оноос хойш)
Байгуулагдсан 1957 оны 6 сарын 29
Төв байр Вена,  Австри
www.iaea.org

Олон улсын атомын энергийн агентлаг (товч. ОУАЭА, англ. International Atomic Energy Agency, товч. IAEA)) нь 1957 оны 12-р сарын 4-нд НҮБ-ын шийдвэрээр байгуулагдсан бөгөөд цөмийн салбарын хамтын ажиллагааны дэлхийн төв-олон улсын Засгийн газрын байгууллага юм. ОУАЭА цөмийн эрчим хүч болон технологийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө энхийн үйлсэд ашиглах зорилготой. Төв байр нь Австрийн Вена хотод байралдаг.

Агентлагийн Дүрэмд түүний үйл ажиллагааны дор дурдсан үндсэн гурван чиглэлтэйг заасан байдаг. Үүнд:

  • 1. Цөмийн материалыг энх тайвны зорилгоор ашиглаж байгааг шалгах зорилгоор хууль эрх зүйн гэрээний дагуу баталгааны хяналт явуулах;
  • 2. Аюулгvй ажиллагааны норм, стандартыг тогтоох болон заавар, дүрэм боловсруулах, тэдгээрийг гишүүн орнуудад хэрэглэх үйлчилгээ үзүүлэх;
  • 3. Цөмийн технологийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин болон бусад салбарт хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх.

Агентлаг нь Удирдлагын, Баталгааны, Цөмийн эрчим хvчний, Цөмийн шинжлэх ухаан ба хэрэглээний, Техникийн хамтын ажиллагааны болон Цөмийн аюулгүй байдлын гэсэн 6 газартай. Агентлаг 2021 оны байдлаар 173 гишүүнтэй, 90 гаруй орны 2200 орчим мэргэжилтэн, инженер техникийн болон захиргааны ажилтантай.

Агентлагийн Бүсийн алба Канадын Торонто, Японы Токио хотод болон харилцагч ажилтан нар АНУ-ын Нью-Йорк, Швейцари Женев хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Цөмийн судалгааны лаборартори Австрийн Зайберсдорф хот болон Монако Улсад байдаг.

Агентлагийн 2009 оны төсөв 296 сая евро, техникийн хамтын ажиллагааны фонд 82 сая ам.доллар байна.

Агентлагийн удирдах дээд байгууллага нь Удирдах зөвлөл болон Ерөнхий бага хурал юм. Удирдах Зөвлөлд тус Агентлагийн 35 гишүүн орон тэдний 13 гишүүн орныг тус зөвлөл томилно, 22 гишүүн орныг Ерөнхий бага хурлаар сонгоно. Тус зөвлөл жил бүрийн 2,6, 9 сард Ерөнхий бага хурлын өмнө, хойно болон 12 сард, бүгд 5 удаа хуралдана. Энэ зөвлөл тус Агентлагийн тайлан, хөтөлбөр болон төсвийг судалж, эдгээр асуудлаар Ерөнхий бага хуралд зөвлөмж гаргана.

Тус Агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулган жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногт хуралддаг уламжлалтай. Тус чуулганаар гишүүн элсүүлэх, техникийн хамтын ажиллагааны сангийн татвар, Агентлагийн өмнөх оны үйл ажиллагааны тайлан, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, Агентлагийн төсвийн төсөл зэрэг гол асуудлуудыг хэлэлцэнэ. Жил бүрийн ээлжит чуулганы үеэр Агентлагийн бодлого болон хөтөлбөрт хамаарах асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагддаг ба Удирдах зөвлөл, тус Агентлагийн Ерөнхий захирал болон гишүүн орнуудын дэвшүүлсэн асуудлуудыг хэлэлцдэг.

Агентлагийг Ерөнхий захирал, Агентлагийн дээр дурдсан 6 газрыг хариуцсан Ерөнхий захирлын орлогч нараас бүрдсэн баг удирддаг. Агентлагийн Ерөнхий захирлаар 1957-1960 онд Стерлинг Коль (АНУ), 1961-1980 онд Сигвард Эклунд (Швед), 1981-1996 онд Ханс Бликс (Швед), 1997-2009 онд Мохамед Эль Барадей (Египет), 2009-2019 онд Амано Юкия (Япон) нар ажиллаж байсан бол өдгөө тус байгууллагыг 2019 оны 12 сарын 1-нд сонгогдсон, Аргентины иргэн Рафаэл Гросси удирдаж байна.

Олон улсын атомын энергийн агентлагийн хамт олон болон Агентлагийн Ерөнхий захирал, доктор Мохамед Эль Барадей 2005 оны Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ.

 Commons: Олон Улсын Атомын Энергийн Агентлаг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан