Пагва лам
Пагва лам | |
|---|---|
འཕགས་པ | |
| Цол хэргэм | Сажа Богд |
| Хувийн амьдрал | |
| Төрсөн | 1235 оны 3 сарын 6 |
| Нас барсан | 11 сарын 22, 1280 (45 насалсан) Ү-Цан, Төвөд |
| Шашны амьдрал | |
| Шашин | Сажава |
| Ахлах албан тушаал | |
| Өмнөх | Сажа Бандида |
| Дараах | Ринчинжалцан |
Пагва лам Лодойжанцан (Төвд хэл: འགྲོ་མགོན་ཆོས་རྒྱལ་འཕགས་པ་, Gro mgon Chos rgyal 'Phags pa, 1235 оны 3 сарын 6 - 1280 оны 11 сарын 22) нь Төвөдийн Буддын шашны Сажа урсгалын 5 дахь хамба лам юм. Юань улсын хаан Хубилай хаан түүнийг улсын их багш цолоор өргөмжилж байв.
Хубилай хааны зарлигаар монгол, хань хэлнүүдийг тэмдэглэх боломж бүхий үсэг бичих зохиох болж, 1269 онд төвөд цагаан толгойд үндэслэсэн дөрвөлжин бичгийг зохиожээ.
Дөрвөлжин бичиг нь Юань гүрний сэргэн мандлын үеийн соёлын салшгүй нэг хэсэг байсан төдийгүй шарын шашин байр сууриа олон бэхжихэд түлхэц болсон юм. Хубилай хаан энэ бичгийг эзэнт гүрний албан ёсны бичиг гэж зарласан бөгөөд 1271 онд хааны сэнтийд залрахдаа хятад ханзыг дөрвөлжин бичгээр сольсон юм. Цагаан толгойг 110 жилийн турш идэвхтэй хэрэглэсээр байсан бөгөөд зарим судлаачид үүнийг Солонгосын Хангул цагаан толгойн үндэс суурь гэж үздэг. Гэсэн хэдий ч 1368 онд Юань гүрэн мөхсөний дараа Хятадад, улмаар Монголд уг бичиг хэрэглээнээс гарсан.
Пагва ламын 1271 оны өдрийн тэмдэглэлд Хубилай хааны гадаад танилын тухай бичсэн байдаг. Тэрээр Венецийн худалдаачдын нэг Марко Поло байж болох байсан ч Пагва лам түүний нэрийг тодруулж дурдаагүй байдаг юм.
Эзэн хааны ордны болон Пагва ламын хоорондох холбоо нь хүчирхэг холбоог бий болгосон. Сажагийн төв хийд Данса (гДан-са) Төвдийн нийслэл болжээ. Сажагийн сургаалийн засаглал 14-р зууны дунд үе хүртэл үргэлжилсэн юм.