Jump to content

Прагийн хавар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Прагийн хавар, Т-54 А танк.

Прагийн хавар (Чех: Pražské jaro, Словак: Pražská jar, англи. The Prague Spring ) - Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсад 1968 оны 1-р сарын 5-наас 8-р сарын 21-ний өдөр хүртэл Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Александер Дубчек сонгогдож нийгмийг либеральчилж иргэний эрх, эрх чөлөөг өргөтгөх, төрийн эрх мэдлийн төвлөрлийг багасгахад чиглэсэн үеийг хэлдэг юм.

"Хүний дүр төрхтэй социализм" (чех. Socialismus s lidskou tváří) байгуулна гэж Александер Дубчекийн тунхагласан шинэчлэл нь иргэдэд илүү ардчилсан эрх олгох оролдлого байжээ. Үүнд: үг хэлэх, чөлөөтэй зорчих, төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавих хяналтыг сулруулах зэрэг юм.

Улс төр, соёлын амьдрал дахь өөрчлөлт, гүйцэтгэх засаглалын шинэчлэлийг Зөвлөлт Холбоот Улс дэмжээгүй тул Чехословакт өрнөсөн жагсаал, цуглааныг дарах зорилгоор Варшавын гэрээний цэргүүдийг 1968 оны наймдугаар сарын 20-нд Чехословакт оруулж "Дунай" цэргийн ажиллагаа эхэлсэн юм. Энэ үйл явдал нь цагаачлалын давалгааг үүсгэсэн байна.

1967 оны арванхоёрдугаар сарын 24-нд Чехословакийн Коммунист Намын нэгдүгээр нарийн бичгийн даргаар словак үндэстэй Зөвлөлтөд намын сургуульд сурсан Александер Дубчек, Чехословакийн ерөнхийлөгчөөр генерал Людвиг Свобода сонгогдов. Намын дотоод тэмцлийн үр дүнд 1968 оны 1-р сарын 4-нд "шинэчлэлийн жигүүр" Антонин Иозеф Новотный-г Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны 1-р нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн боловч Чехословакийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хэвээр үлдээв. Намын жолоо Александр Дубчекийн гарт төвлөрсөн юм.

Тэрээр консерватив үзэлтэн, "шинэчлэлийн дайсан" хэмээн ерөнхийлөгч болон хуучин ерөнхий нарийн бичгийн дарга нарын эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эхлүүлсэн кампанит ажилд хөндлөнгөөс оролцолгүй байсаар 1968 оны 3-р сарын 28-нд А.Новотный ерөнхийлөгчийн болон Төв хорооны гишүүнээс огцрохоо мэдэгдэв. ЗХУ-ын удирдлага Новотныйд мөн итгэдэггүй тул Чехословак улсад засгийн эрх солигдоход саад болоогүй байна.

Александер Дубчек эрх мэдэлтэй болоод ардчилал эхлүүлж "социализмын эсрэг үзэл бодол" болон хэвлэл, радио, телевизээр цацагдаж иргэдийн талархалыг хүлээж байв.

1968 оны гуравдугаар сарын 23-нд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дресден хотод болсон зургаан коммунист намын (ЗХУ, Польш, Зүүн Герман, Болгар, Унгар, Чехословак) хурал дээр Чехословак дахь шинэчлэлийг шүүмжилж, Чехословакт болж буй үйл явдлыг "хөгжлийн эсрэг хувьсгал" гэж Польшийн Гомулька, Зүүн Германы Ульбрихт нар (коммунист намын удирдагчдыг ) шүүмжилж байжээ.

Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны 4-р (1968) Бүгд хурлын дараа А.Дубчек шинэчлэгчдийг дээд удирдлагын албан тушаалд томилжээ: 4-р сарын 8-нд "сэхээтнүүдийн тэрс үзэлтнүүдтэй" холбоотой гэж сэжиглэгдэж байсан Олдрич Черник Чехословакийн Засгийн газрыг тэргүүлж, Ота Шик ерөнхий сайдын орлогчоор томилогдсон байна. 4-р сарын 18-нд БНСЧУ-ын Үндэсний хурлын даргаар Йозеф Смрковский сонгогдож, дотоод хэргийн сайдаар 1950-иад оны эхээр улс төрийн хэлмэгдэлд өртсөн Йозеф Павел мөн томилогдсон байна.

"Прагийн хавар"-аас өмнө нь хэлмэгдсэн хүмүүс, түүний дотор Иосиф Павел, Мария Швермова нар түүнийг урам зоригтой дэмжиж байв. Гэхдээ цагаатгал нь зөвхөн Чехословакийн Коммунист Намын хэлмэгдсэн гишүүдэд хамаатай болохоос коммунизмын эсрэг тэмцэлд оролцогчдод хамаарахгүй байжээ.

ЗХУ-ын удирдагч Л.Брежнев 5-р сарын 4-нд Москвад Дубчек тэргүүтэй Чехословакийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тус улсад өрнөж буй байдлыг эрс шүүмжилж далд утгаар сүрдүүлсэн байна. Улмаар 5 дугаар сарын 8-нд ЗХУ-ын Чехословак руу довтолох хувилбар боловсорч гүйцсэн боловч Унгарын коммунистуудын удирдагч Янош Кадар өмнөх 1956 оны Унгарын хувилбарын дагуу үйл явдал өрнөж болзошгүй гэж анхааруулж байжээ.

1968 оны 6 дугаар сарын 27-нд Прагийн «Literární listy» сонинд зохиолч Людвик Вакулик "Ажилчид, тариачид, ажилчид, эрдэмтэд, уран бүтээлчид болон бусад бүх хүмүүст хандсан хоёр мянган үг" хэмээх тунхаг бичгийг нийтэлсэн бөгөөд үүнд олон алдартай нийгмийн зүтгэлтнүүд болох коммунист Иржи Ханзелка нар гарын үсэг зуржээ. Энэхүү уриалга нь "ардчиллын үйл явц", чехийн коммунистуудын "дэвшилтэт жигүүр" болон үг хэлэх эрх чөлөөг сайшааж, намын хүнд суртал, "хуучин хүчин" болон "гадаадын хүчний" хөндлөнгийн оролцоог буруушаав. Давхар хууль сахиулах нэгжүүд байгуулж, ардын фронтыг сэргээхийг уриалжээ. Энэхүү баримт бичгийг ЗХУ-ын удирдлага ихэд сөргөөр хүлээж авсан байна.

А. Дубчек болон түүний хамтрагчдын (Ота Шик, Жири Пеликан, Зденек Млинаш болон бусад) улс төрийн шинэчлэл нь "хүний дүр төрхтэй социализм"-ийг бий болгохыг эрмэлзэж байсан боловч 1956 онд Унгарын үйл явдал шиг улс төрийн шугамаас бүрмөсөн салахыг илэрхийлээгүй байсан юм. Гэвч ЗХУ болон зарим социалист (Зүүн Герман, Польш, Болгар) орнууд ЗХУ болон Зүүн ба Төв Европын орнуудын нам-захиргааны систем, түүнчлэн "Зөвлөлтийн блок"-ын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэж байжээ.

8-р сарын 17-нд Унгарын удирдагч Янош Кадар А.Дубчектай уулзаж түүнд сүүлийн удаа анхаарулж байсан боловч тэрээр саналыг хүлээж аваагүй байна. Ингээд 8-р сарын 18-нд социалист орнуудын удирдагчид Чехословак руу хийх цэргийн довтолгны төлөвлөгөөгөө эцэслэн тохиролцсон байна.

"Дунай" цэргийн ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

1968 оны 8-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө (иймээс янз бүрийн эх сурвалжид хоёр огноо олдсон) Зөвлөлт Холбоот улс тэргүүтэй Варшавын гэрээний орнуудын 300 мянга гаруй цэрэг, офицер, 7 мянга орчим танк тус улсад орж ирснээр Чехословак дахь улс төрийн либерализмын үе дууссан юм.

Цэргээ оруулахын өмнөхөн ЗХУ-ын маршал Андрей Гречко Чехословакийн Батлан хамгаалахын сайд Мартин Дзурт удахгүй болох арга хэмжээний талаар мэдээлж, Чехословакийн зэвсэгт хүчний эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг сэрэмжлүүлсэн байна.

Зөвлөлт-Польшийн цэргийн ангиудыг Польшийн нутгаас: Яблонец, Острава, Оломоуц, Жилина чиглэлд оров. БНАГУ-ын нутгаас зөвлөлтийн цэрэг Прага, Чомутов, Пилсен, Карловы Вары зэрэг чиглэлд оржээ. Унгараас Зөвлөлт-Унгар-Болгарын бүлэглэл Братислава, Тренчин, Банска Бистрица болон бусад чиглэлд орсон бөгөөд хамгийн том цэргийн бүрэлдэхүүнийг ЗХУ-аас оруулсан байна.

1958 оны 8-р сарын 21-ний 02:00 цагт Агаарын десантын 7 дугаар Дивизийн эхний ангиуд Прага дахь Рузине нисэх онгоцны буудалд газардсан. Тэд Зөвлөлтийн Ан-12 онгоцууд цэрэг, цэргийн техниктэй газардаж нисэх онгоцны буудлын гол объектуудыг хааж хяналтандаа авчээ.

Халдлагын тухай мэдээг сонсоод Чехословакийн Коммунист намын тэргүүлэгчид А.Дубчекийн өрөөнд Чехословакийн Коммунист Намын Төв Хорооны байранд яаралтай хуралдав. Олонх буюу долоогоос дөрөв нь түрэмгийллийг буруушаасан тэргүүлэгчдийн мэдэгдлийг дэмжсэн байна. 8-р сарын 21-ний үүрийн 04:30 цагт Төв хорооны байрыг Зөвлөлтийн цэргүүд, хуягт техникээр бүсэлж, байрыг Зөвлөлтийн десантын цэрэг эзэлж, тэнд байсан хүмүүсийг баривчилжээ. Дубчек болон Төв Хорооны бусад гишүүд десантын цэргүүдийн хяналтад хэдэн цагийг өнгөрөөж 10:00 цагт нисэх онгоцны буудал руу явж улмаар Москва хүргэгдсэн байна.

Өдрийн эцэс гэхэд Варшавын гэрээний орнуудын 24 дивиз Чехословакийн нутаг дэвсгэр дээрх гол объектуудыг эзэлжээ. Чехословакийн ерөнхийлөгч, Чехословакийн зэвсэгт хүчний дээд командлагч Людвик Свободагийн тушаалыг биелүүлж, Чехословакийн арми эсэргүүцээл үзүүлээгүй байна.

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд Зөвлөлтийн 11 цэргийн албан хаагч (нэг офицер) амь үрэгдэж, 87 хүн шархадсан (үүний дотор 19 офицер) байна. Харилцаа холбоо, тээврийн хэрэгслийг ажиллагаагүй болгосон. Сүүлд өнөө үед мэдээлж буйгаар түрэмгийллийн эхний өдөр Чехословакийн 58 иргэн, нийт 108 Чехословак иргэн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан гэдэг.

8-р сарын 23-нд Свобода Ерөнхий сайдын орлогч Густав Гусакийн хамт Москва руу нисч 8-р сарын 25-нд Дубчек болон түүний нөхдүүдтэй хэлэлцээ эхэлж, 8-р сарын 26-нд ерөнхийдөө Зөвлөлтийн нөхцлөөр 15 зүйл бүхий Москвагийн Протокол ("Хямралын байдлаас гарах хөтөлбөр")-д гарын үсэг зурснаар цэргийн ажиллагаа өндөрлөв.

Бүгд Найрамдах Чех Улсад наймдугаар сарын 21-ний өдрийг "Варшавын гэрээний орнуудын цэргүүд Чехословак руу довтолсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр" болгон зарласан.