Рагчаагийн Баасан
Рагчаагийн Баасан (1943 онд Улаанбаатар хотод төрсөн)- Монгол улсын эмэгтэй дипломат, төрийн тэргүүн нарын англи хэлний орчуулагч. Боловсрол: 1951-1961 онд Нийслэлийн арван жилийн 1-р дунд сургууль, 1961-1967 онд Москва хотын Гадаад хэлний дээд сургуулийг англи, орос хэлний орчуулагч-референт мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын Москвад сургуулиа төгсөж ирээд 1967-1969 онд НАХЯ-нд ахлах төлөөлөгч.
1969-1971 онд БНМАУ-аас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч,
1971-1974 онд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд орчуулагч,
1974-1978 онд ГЯЯ-ны III хэлтэст атташе, хоёрдугаар нарийн бичгийн дарга,
1978-1981 онд Монгол улсаас Афганистан Улсад суугаа ЭСЯ-нд III нарийн бичгийн дарга,
1981-1983 онд ГЯЯ-ны III хэлтэст хоёрдугаар нарийн бичгийн дарга,
1983-1988 онд Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга,
1988-1990 онд ГЯЯ-ны V, III хэлтэст хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1990-1991 онд ГЯЯ-ны Нэгдсэн бодлогын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1991-1995 онд ГЯЯ-ны Европ, Америкийн газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1995-1997 онд ГХЯ-ны I дүгээр газарт Зөвлөх,
1997-2001 онд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд улс төрийн асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг алба хашиж байв.
Тэрбээр 2001-2007 онд АНУ-ын Индианы Их сургуульд зочин судлаачаар ажиллаж 20 дугаар зууны Америк, Монголын улс төрийн харилцааны асуудлаар судалгааны ажил хийн "XX зууны Америк, Монголын улс төрийн харилцаанд Орос, Хятадын нөлөө" номыг АНУ-ын монголч эрдэмтэн Алишиа Кэмпи-ийн хамт бичиж хэвлүүлсэн.
Мөн тэрээр "Төрдөө хэл залгуулж явсан он жил минь" ном бичиж хэвлүүлжээ.
Гавъяа шагнал
[засварлах | кодоор засварлах]Гадаад харилцааны салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Засгийн газрын хүндэт жуух бичиг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнаж, ГХЯ-наас "Түшээ"-гээс "Тэргүүн шадар" хүртэлх дипломат цолыг шат дараалан олгож, Хүндэт дипломат цолоор шагнасан байна. Р.Баасанд 2009 оны 12 сард Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, 2011 оны 12 сард "Боловсрол-90 медаль", 2014 оны 3 сард Хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн "Нигүүлсэл" алтан медалиар шагнасан.