Саран хөхөө театр
“Саран Хөхөө” театр Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага юм.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр билээ. Улмаар 1931 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Яам/ одоогийн Засаг даргын тамгийн газар/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч Улаан гэр хэмээх байгууллага байгуулагджээ.
Дорноговь аймгийн шийдвэрээр, аймгийн клуб, болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1958 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14/23-р тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн. Соёлын ордны анхны даргаар Аймгийн клубын дуу хорын багшаар ажиллаж байсан Д.Лувсанням Найруулагчаар Пунцаг нар ажиллаж байжээ.
1979 онд БНМАУ-ын МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 351-р тогтоолоор Дорноговь аймагт Хөгжимт драмын театр байгуулах шийдвэр гарч 1980 оны 12-р сарын 27 нд алдарт "Учиртай гурван толгой" дууриар нээлтээ хийжээ. Энэ үед хөгжим, бүжиг, найрал дуу, драмын ангиудад 76 уран бүтээлчид, захиргаа аж ахуй ангид 29 хүн, нийт 105 хүний орон тоотой болон өргөжиж театрын анхны даргаар Д.Болд, найруулагчаар С.Сугар, Хөгжмийн багшаар Д.Нацагдорж Бүжгийн багшаар Л.Ухна, найрал дууны багшаар Л.Буянхишигт, зураачаар Б.Гүрбазар нар томилогдон ажилласан байна.
Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Соёл урлагийн Хөгжлийн Хорооны даргын 1991 оны 111-р тушаалаар "Саран Хөхөө" театр нэртэй болжээ.
Д.Данзанравжаагийн 200 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 151-р тогтоолоор Соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн нэрэмжит театр болсон түүхтэй.
Өдгөө тус театр нь 60 хүний бүрэлдэхүүнтэй Захиргаа, үйлдвэрлэл үйлчилгээ техникийн анги, Дуу, Хөгжим, Бүжиг, Драм гэсэн уран бүтээлийн 5 ангитай ажиллаж байна.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]Саранхөхөө театрын уран бүтээлчид урд хөрш БНХАУ-ын ӨМӨЗО-ны урилгаар Улаанцавт очиж айлчлан тоглолт хийсэн байна[1].
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Саранхөхөө театр албан ёсны вэб сайт
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ж, Долгорсүрэн (2022). Монголын драмын урлагийн хөгжлийн чиг хандлага (1 ed.). Улаанбаатар: Линограф. p. 219. ISBN 978-9919-501-28-0.