Jump to content

Дулдуйтын Данзанравжаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа (1803-1856) Монголын 19-р зууны шашны болон нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, алдарт яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач.

Тэрээр 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын 25-нд Шувуун хэмээх жижиг шанд буюу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу ард эцэг Дулдуйт болон эх Сэмжид (Өлзийт болон Мажигханд) нарын ганц хүү болон мэндэлжээ. Таван нас хүртлээ аавтайгаа гуйлга хийн амьдарч байгаад нэгэн өдөр өөрийн өмнөх дүрийг таньж, айлын үүдэнд байсан ламаас морио авъя гэж нэхсэнд нөгөөх лам ямар учиртайг асуутал өмнөх дүрийнхээ тухай ярьжээ. Зургаан настайдаа нутгийн нэг ноёны найран дээр “Хурмаст тэнгэр” хэмээх гүн ухааны шүлэг хэлж хавь ойрын хүмүүсийг алмайруулжээ. Шүлгийн үгийг дурдвал, “Үүл нь гараад бороо орохын цагт үүдэн гэмээ нь хойморьт нь ялгаан юун, Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин гэмээ нь залуу ялгаа юун” хэмээдэг билээ.

Бага балчир нас

[засварлах | кодоор засварлах]

Бага наснаасаа өнчрөл ядуугийн зовлон үзсэн боловч өөрийн авъяас билгээрээ олонд хүндлэгдэж таван настайдаа Говийн догшин ноён Хутагтын дүрд өргөмжлөгджээ.

Данзанравжааг долоон нас хүрэхэд нь манжуудаас нууж “ноён цорж лам” гэдэг нэр зүүгээд тамга бариулсан боловч Манжийн хаан мэдээд шарын урсгалын гурван оргил болох Далай лам, Богд гэгээн, Банчинбогд нарыг явуулж шалгуулахаар болж, хэрвээ худал бол цаазлаад ир хэмээн цэрэг дагалдуулжээ. Шашны гурван тэргүүн шалгахаар ирээд түүнийг хүлээн зөвшөөрч мандал өргөсөн учраас Манжийн хаан яаж ч чадалгүй амьд үлдээсэн гэдэг. Данзанравжаа 16 нас хүртэл буддын шашныг судалсны эцэст Нимава ёсон буюу улааны урсгал Монголд илүү тохирно гэж үзээд дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ. Нэг талаас бурхны хойд дүр гэгдэх, нөгөө талаас төрөлхийн авъяас, билэг танхай заяасан энэ хүн 54 наслахдаа Монголын говь төдийгүй, Дорно дахинд алдаршсан соён гэгээрүүлэгч хүн байжээ.

Данзанравжаа яруу найрагч, ая зохиогч, жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураач хүн байжээ. Тэрбээр 300 гаруй яруу найраг, жүжгийн зохиол 10 дэвтэр, дууны бүтээл 100 гаруйг зохиосон. Монгол хэлээр 200 гаруй бүтээл, төвд хэлээр 180 орчим зохиол бичжээ. 1830 онд анхны театр “Намтар дуулах дацан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ. Хөгжимчдийг цуглуулан тоглуулж өөрөө удирдаж байсан гэдэг. Авъяаслаг зураач, оёдолчдыг театртаа ажиллуулж цалинд нь хонь, будаа зэргийг өгч урамшуулдаг тухайн үеийн “ажил олгогч” байсан юм.

Данзанравжаа уран барилгач (архитекторч) хүн байсан бөгөөд 1820 онд 17 насандаа Өвөр Хамар гэдэг газар Хамарын хийд, 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт 8 том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргажээ. Хамарын хийд нь Данзанравжаагийн гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байв.

Данзанравжаа гүн ухаанч хүн байсан бөгөөд нэг боть гүн ухааны зохиол туурвижээ. Хамарын хийд болон Дэмчогийн хийд буй газрыг дэлхийн эрчим хүчний цэг буюу Шамбалын орон гэж үздэг бөгөөд энэ нь “оюуны орон” гэсэн үг юм. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж маш их энерги авах боломжтой хэмээн сургадаг. Равжаа хутагт Шамбалын оронд зорчих хоёр суваг бий, түүний нэг нь Монголын говьд, нөгөө нь Төвдийн Хайлас ууланд байдаг хэмээн бясалгажээ.

1845 онд өөрийн байгуулсан Хамарын хийдийн архан талд нэг овгор шороон дээр суугаад Шамбалын ерөөл уншиж, “энд ирсэн хүн дараа төрөлдөө Шамбалын оронд очиж надтай уулзах ерөөл тавилаа” гэж айлдсан байдгаас үзвэл Монголын говьд дэлхийн энергийн цэг байгаа гэдгийг урьдчилан мэдэж байжээ. Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой байсан гэдэг. Хилэнцэт хорхой бол гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж алдаг хорхой ажээ. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байсан байна. 1840 оны үед говь нутагт хүн амины хэрэг нэлээд гарсанд сэтгэл нь зовж ардуудаас хутга мэс цуглуулан хайлуулж хамгийн сайн дархан хүнээр “Түмэн мэст бурхан”-ыг бүтээлгэж, тарни шид шингээжээ. Тэр цагаас хойш цаг бусын үхэл багасаж ард иргэд нь амар жимэр суух болсон гэдэг.

Багш, соён гэгээрүүлэгч

[засварлах | кодоор засварлах]

Данзанравжаа багш, соён гэгээрүүлэгч хүн байжээ. Ард олныг харанхуй мунхагаас гаргахын тулд хийд дээрээ тусгай сургууль байгуулж эр, эм хүнийг адилхан сургаж, нарийн мэргэжилд сургаж байжээ. Одоогоор бол дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн төгсөгчдөдөө “Оюуны лянхуа хагас дэлгэрэв” гэдэг дардас, сайн сурсан сурагчдад “Оюуны лянхуа бүтэн дэлгэрэв” гэсэн дардас өгөөд номын сандаа ажиллуулдаг байжээ.

Монгол эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургаж нийгмийн амьдралд татан оролцуулсан төдийгүй бүсгүй хүнийг магтан дуулсан олон арван бүтээлийг туурвижээ. Хийдэд нь эмэгтэй лам нар хамт сууж ном уншдаг байсан бөгөөд тэднийг “ани” гэнэ. Говь нутгаар аялж явахдаа нутгийн бүх сохор, доголон эмэгтэйчүүдийг цуглуулаад тэднийг баясган хөгжөөдөг байжээ.

Данзанравжаа цэргийн жанжин хүн байжээ. Манжийн хаан ноён хутагтын явуулдаг оюуны соёлыг түгээх бодлогоос эмээдэг байсан учраас үйл ажиллагааг нь зогсоох гэж элдвээр оролдож, Манжид гарсан хятадын бослогыг даруулахаар “хил хязгаараас ирсэн цэргүүдийг хамгаалж дайнд яв” гэж цэрэг дайнд хүртэл явуулжээ. Чингис хааны хар сүлдийг авч явах гэтэл хориглосон учир Занабазарын Соёмбо бүхий шар тугийг манжийн шар туг шиг харагдуулаад авч явдаг байжээ.

Данзанравжаа эм найруулагч, эмч хүн байжээ. Тухайн үед Монгол орныг нөмрөөд байсан яр тэмбүүний нянг устгах, эл өвчнийг анагаах талаар тунгаасны эцэст үлэг гүрвэлийн яснаас эм гарган авчээ. Тэр эмээр олон хүнийг өвчнөөс нь салгасан ба өөрөө судас барьж тан найруулдаг байсныг гэрчлэх зүйлүүд олон үлджээ.

Ноён хутагтыг “согтуу ноён хутагт”, “догшин ноён хутагт” гэх зэргээр нэрлэдэг байв. Архийг рашаан болгон хүртдэг төдийгүй уух тусам оюун ухаан нь тэлж, эрдэм чадал нь тодорч улам олон янзын ид шидийг үзүүлдэг байжээ. Нэгэн удаа өөрийнхөө дотно шавь нарыг цуглуулаад вааранд ус хийгээд ном уншмагц ваартай ус буцлан оргилж гэр дүүрэн архи ханхалжээ. Тэгээд шавь нартаа хандан “та нар энэ хэмжээнд хүрч чадвал архи зооглож болно, энэ хэмжээнд хүрээгүй бол архийг бүү хүрт” хэмээн сургажээ.

Дэмчогийн хийдийг хятадуудаар бариулсан бөгөөд үнэ хөлсийг цалин цагаан мөнгөн ембүүгээр хангалттай сайн төлжээ. Хутагт шавь нартаа “Цагаан толгойтоос цагаан чулуу ачаад ир, замдаа нэг ч чулуу унагаж болохгүй шүү” хэмээн захижээ. Ачиж ирсэн цагаан чулуунууд нь Дэмчогийн хийдэд ирэхдээ мөнгөн ембүүнүүд болчихсон иржээ. Тэдгээр ембүүг хийдийг барьсан хятадуудад ажлын хөлс болгон өгсөн гэдэг.

1856 онд Манжийн хаан Данзанравжааг дарахын тулд түүний архинд дуртайг ашиглан нутгийн хөгшин ноёны бэлэвсэн хатнаар хор өгүүлжээ. Өөрт нь хор өгөх гэж ирээд байгааг мэдсэн атлаа “өрөөл бусдыг ингэж олон удаа зовоохоо больё, үхэх цаг маань ирсэн бололтой” хэмээгээд хортой архийг уучихаад, нөгөөх бэлэвсэн залуу хатанд зориулан “Ертөнц авгайн жам” гэдэг шүлэг бичээд нас баржээ. Манжийн хаан нас барсны маргаашнаас нь эхлээд бүх сургууль, театр, хийдийг нь хаалгажээ. Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв гэдэг тахилч лам эдэлж хэрэглэж байсан бүгдийг нь яаравчлан цуглуулж, шарилыг нь занданшуулаад Хамарын хийдэд хийж бунхан болгоод, Манжийн хуулинд байх “булш бунханд хүрч болохгүй” гэсэн заалтыг овжин ашиглаж хамгаалж авч үлдсэн түүхтэй. Түдэв тахилчийн үр удам үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсээр 1938 онтой золгожээ. Эд хэрэглэлийг нь 1500 авдарт багтааж хадан агуйд хийх, газарт булах зэргээр нуух гэж оролдсон боловч Дотоод яамныханд баригдан илэрсээр зөвхөн 68 авдар л үлдэж чадсан байна. Данзанравжааг ноёрхогч ангийн төлөөлөгч хэмээн үзэж, бүтээл ба намтар түүх нь олны хүртээл болохоос болгоомжилж түүний үлдээсэн өвийн зүйлсийг бүгдийг устгасан юм.

Эдүгээ Түдэв тахилчийн ач Зундуйн Алтангэрэл Сайншанд хотод 1200 гаруй үзмэртэй Данзанравжаа судлалын музей буюу Гиваадан Равжаалин музейг байгуулж захирлаар нь ажиллаж байна. Гиваадин Равжаалин гэдэг нь “буянаар машид арвижин дэлгэрсэн орон” гэсэн утгатай ажээ. Музейд Данзанравжаагийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, хувцас хэрэглэл, хэвлэмэл зохиол бүтээл, эх гар бичмэлүүд, театрын хувцас хэрэглэл, макет, сүмийн сонин хачин эд зүйлсүүд, Тан улсын үеийн модон бар, энэтхэгийн их йогуудын уран зураг, Япон самурайн сэлэм, монгол урчуудын бүтээл зэрэг тэр үеийн дотоод гадаад хүмүүсийн бэлэглэсэн, бүтээсэн ховор нандин зүйлсийг дэлгэн тавьжээ.

2006 онд ЮНЕСКО “Данзанравжаагийн жанч халсны 150 жил” гэж тэмдэглэх шийд гаргаж, шүлгүүдийг нь англи хэл дээр орчуулсан билээ.

Говийн ноён хутагтад нийт 7 дүр тодорсон байдаг. Нэгдүгээр дүр нь Агваангончиг 1622-1701, хоёрдугаар дүр Жамъяндамбийжанцан 1701-1745, гуравдугаар дүр Лувсанжамъянданзан 1745-1767, дөрөвдүгээр дүр Жамъян Ойдовжамц 1769-1803, тавдугаар дүр Лувсанданзанравжаа 1803-1856, зургадугаар дүр Дондовдамбийжанцан 1856-1875, долдугаар дүр Лувсандамбийжанцан 1875-1931 онд тус тус амьдарч байжээ. Эдгээр долоон хутагтаас өмнөх 33 дүр нь Энэтхэгийн йогч хүмүүс байжээ.

Ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэв (О. Угтахбаяр) (1984 - одоо) хүртэл соён гэгээрлийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Ноён хутагтын есдүгээр дүрийг тахилч Алтангэрэл өөрөө тодруулан 2013 онд Хамрын хийдэд морь цагт Ноён Хутагтад залжээ.

2023 оны 12 сарын 28-нд Говийн Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 220 жилийн ойд зориулсан анхны өдрийн марк, дугтуй нээлтээ хийсэн.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Гомбожавын Мэнд-Ооёо ноён хутагт Данзанравжаа болон тахилч Г.Түдэв, З.Алтангэрэл нарын амьдралын тухай "Гэгээнтэн" роман 2012 онд туурвисан.

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, богино өгүүллэгийн нэрт зохиолч Балжирын Догмид "Догшин хутагтын сахиус" уран сайхны кино туурвисан.

ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖАА

Цадиг