Jump to content

Сергей Прокофьев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сергей Прокофьев

Сергей Прокофьев (орос. Сергей Сергеевич Прокофьев, 1891 оны 4-р сарын 11-нд Оросын хаант улсын Екатеринослав мужийн Сонцовка тосгонд төрсөн - 1953 оны 3-р сарын 5-нд ЗХУ, Москва хотод нас барсан) - Орос ба Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, хөгжмийн удирдаач бөгөөд зохиолч, нэгдүгээр зэргийн шатарчин. Зөвлөлт Оросын Ардын жүжигчин (1947). Лениний шагнал (1957), Сталины зургаан шагнал (1943, 1946 - гурван удаа, 1947, 1952) хүртсэн.

Прокофьев орчин үеийн хөгжмийн бүх төрлөөр зохиолоо бичсэн юм. Тэрээр 8 дуурь, 8 балет, 7 симфони болон найрал хөгжмийн бусад бүтээл, гоцлол хөгжим, найрал хөгжимд зориулсан 9 концерт, төгөлдөр хуурын 9 сонат, мөн оратори, кантата, цөөхүүл дуулаачийн болон дан хөгжмийн зэмсгийн бүтээл, кино болон театрт зориулсан хөгжим бүтээжээ.

БАГА НАС. Түүний эцэг Сергей Алексеевич Прокофьев (1846-1910) худалдаачны гэр бүлээс гаралтай, Москвад Петровскийн Хөдөө аж ахуйн академид суралцсан (1867-1871). Эх нь Мария Григорьевна (төрөхдөө Житкова, 1855-1924) Санкт-Петербургт төрсөн, дунд сургуулиа алтан медальтай төгссөн. Түүний эцэг нь Шереметев гүний хамжлага байсан бөгөөд 19-р зууны дундуур Санкт-Петербург руу нүүж, хотын эмэгтэйтэй гэрлэжээ.

Мария Григорьевна ихэнхдээ төгөлдөр хуур хөгжим дээр Бетховен, Шопен хоёрын бүтээлийг голчлон тоглодог байсан ба энэ нь бяцхан хүүгийн сонирхлыг ихээхэн татдаг байжээ. Сергей эхлээд сонсдон байсан бол аажмаар төгөлдөр хуурын хажууд суугаад товчлууруудыг цохиж эхэлжээ. Эх Мария Григорьевна сайн төгөлдөр хуурч байсан бөгөөд ирээдүйн хөгжмийн зохиолчийн анхны хөгжмийн багш байсан хэрэг. Сергей хүүгийн хөгжмийн чадвар нь бага наснаасаа илэрч, таван настайдаа "Индиан галоп" хэмээх төгөлдөр хуурт зориулсан анхны бяцхан бүтээлээ зохиосон. Харин тэрхүү бяцхан зохиолыг нь түүний ээж Мария Григорьевна эхэндээ ноотлож байсан бол аажмаар ноотонд суралцсан тэрээр рондо, вальс зэрэг дуунуудаа өөрөө ноотлож эхэлсэн нь түүнийг "вундеркинд" гэж нэрлэхэд хүргэж байв. Улмаар эцэг нь хүүдээ математикийн хичээл зааж эхэлсэн бөгөөд эх нь түүнд франц, герман хэл зааж өгчээ.

1900 оны 1-р сард Москвад жаал хүү Сергей Прокофьев анх удаа "Фауст", "Игорь ван" дуурийг сонсож, "Нойрсож буй гүнж" балетыг үзэж сонссон ба тэндээс санаа аван дуурь бичих анхныхаа оролдлогуудыг эхэлсэн байдаг. 1900 оны 6-р сард "Великан"(Аварга хүн) дууриа зохиожээ. 1901 онд "На пустынных островах"(Эзэнгүй арлууд) хэмээх хоёр дахь дууриа бичсэн боловч дуусгалгүйгээр зөвхөн нэгдүгээр үзэгдлийг бичсэнээр өндөрлөжээ. Түүний эх Мария Григорьевна хүүгийнхээ цаашдын хөгжмийн боловсролд анхаарал тавьснаар түүнийг 1902 онд Москвагийн консерваторийн багш С.И.Танеевд танилцуулж зохиолуудыг нь үзүүлэв. Хүүгийн хөгжмийн авьяасыг хүндэтгэсэн тэрээр хөгжмийн зохиолч Р.М.Глиэртэй хөгжмийн зохиомжийн төрлөөр хичээллэхийг хүсчээ.

КОНСЕРВАТОРИ

Прокофьевынхан Петербургт нүүж ирсэнээр Сергей хүүгийн хувьд шинэ амьдрал эхэлсэн юм. Санкт-Петербургийн консерваторид элсэхээр ирэхдээ тэрээр дөрвөн дуурь, хоёр сонат, нэг симфони, төгөлдөр хуурт зориулсан дуунууд бүхий хоёр хавтсыг комисст танилцуулав. Эдгээр бүтээлүүд нь хөгжмийн зохиолчийн зохиол бүтээлийн жагсаалтад ороогүй болно. Ийнхүү 1904 оноос Санкт-Петербургийн консерваторид суралцах болсон ба Н.А.Римский-Корсаковын зэмсэг судлалын хичээл, А.К.Лядов дээр зохиомжийн хичээл, Ю.Витолын хөгжмийн онолын хичээлүүд, А.Н.Есиповагаар мэргэжлийн төгөлдөр хуур, Н.Н.Черепнинагийн удирдаачийн хичээл заалгах зэргээр суралцжээ. 1909 онд консерваторийг хөгжмийн зохиолч мэргэжлээр, 1914 онд төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн ба төгсөх ангийн шилдэг таван оюутны дунд зохиогдсон уралдаанд өөрийнхөө "Төгөлдөр хуурын анхны концерт”-оо тоглож тэргүүн байр эзлэн алтан медаль хүртэж А.Г.Рубинштейн нэрэмжит хүндэт шагнал болон "Шрёдер" үйлдвэрийн том төгөлдөр хуураар шагнуулжээ. Тэр үеийн Санкт-Петербургийнхэн залуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурчид томоохон ирээдүй байгаад итгэж байв. 1917 он хүртэл тэрээр консерваторид орган хөгжмөөр үргэлжлүүлэн суралцаж байсан юм.

Консерваторид суралцаж байх хугацаандаа хөгжмийн зохиолч Николай Мясковский, Борис Асафьев нартай найрсаг харилцаа бий болгон нөхөрлөхийн зэрэгцээ Сергей Рахманиновтой танилцсан байдаг бол 1910 оны 4-р сард тэрээр Игорь Стравинскийтэй уулзаж танилцав. Сүүлчийн хоёр хөгжмийн зохиолчийн амьдралын урт удаан хугацаанд уран бүтээлийн өрсөлдөөний талбарт “тус бүр юу хийснээрээ нөгөөгийнхөө уран бүтээл, амжилтаар үнэлж дүгнэгдэж байсан байдаг.

Түүний хөгжимдөх ур чадварын ахиц дэвшлийг Петербургийн "Орчин үеийн хөгжмийн үдэш" дугуйлантай холбож үздэг ба 1908 оны 12 сарын 18-нд тэрээр анх удаа төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолчийн хувьд тоглолт хийжээ. Тоглолт амжилттай болсон бол 1911 онд хийсэн тоглолт дээрээ А.Шёнбергийн зохиолуудыг хөгжимдөж 1913 онд Орос оронд ирээд байсан К.Дебюссигийн өмнө хөгжимджээ.

1913 оны 2 сард Прокофьев, удирдаач, хөгжмийн зохиолч С.А.Кусевицкийтэй танилцсан ба 1917 оноос эхлэн түүний хамаарал бүхий "А.Гутхейль" ноот хэвлэлийн газарт зохиол бүтээлээ хэвлүүлж эхэлжээ. С.А.Кусевицкий өөрөө Прокофьевын зарим найрал хөгжмийн зарим зохиолуудыг удирдан тоглуулах зэргээр тэдний хамтын ажил 20 гаруй жил үргэлжилсэн ажээ. 1913 онд тэрээр өөрийнхөө төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан 2-р концертоо тоглосон нь олон нийтийн зүгээс "кубист, футурист" гэх зэргээр ихээхэн хурц шүүмжлэлийг дагуулсан бол нөгөө талдаа шинэ хөгжим гэдэг утгаараа багагүй дэмжлэг, талархлыг хүртэв.

1914 оны 6 сард Прокофьев Лондон руу аялсан бөгөөд энд байхдаа Сергей Дягилевтай танилцаж ажил хэргийн холбоотой болсон ба 1929 онд түүнийг(С.Дягилев) нас барах хүртэл хамтран ажиллажээ. С.Дягилевын удирдсан "Русские балеты" тоглолтод зориулан "Ала ба Лоллий", "Шут", "Стальной скок", "Блудный сын" зэрэг 4 балетын хөгжим зохион ба эдгээрээс "Ала ба Лоллий" тайзнаа тавигдаагүй юм.

ХУВЬСГАЛ БА ДАЙНЫ ЖИЛҮҮД

1917 оны сүүлчээр Орос орноо орихоор шийдээд 1918 оны 5-р сарын 5-н.д Москвагаас Сибирийн хурдан галт тэргээр гарч 6-р сарын 1-нд Токиод иржээ. Тэндээ 2 сар АНУ-ын виз хөөцлдөж 8-р сарын 2-нд усан онгоцоор гараад 9-р сарын 6-нд Нью-Йорк хотод иржээ. 1920-иод оны хоёрдугаар хагас, 1930-аад оны эхний хагаст Прокофьев төгөлдөр хуурчаар Америк, Европоор идэвхтэй аялан тоглосон (голчлон өөрийн зохиолыг тоглодог байв).

1936 онд эргээд ЗХУ-д ирж Москвад гэр бүлийнхээ хамт амьдарсан байна.