Jump to content

Сун Мэйлин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сун Мэйлин

Сун Мэйлин (хятад. уламж. 宋美齡, хялбар. 宋美龄, пиньинь Sòng Měilíng, англи. Soong Mei-ling, 1897 оны 3-р сарын 5-нд Шанхайд төрсөн—2003 оны 10-р сарын 23-нд Нью-Йорк хотод нас барсан) —хятадын улс төрийн зүтгэлтэн бөгөөд генерал Чан Кайши-гийн эхнэр. Хятадын ХХ зууны түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн "Эгч дүү гурван Сун"-ы отгон нь юм.

Тэрээр Хятад гаралтай Америкийн бизнесмэн, протестант шашны номлогч Чарли Суны гэр бүлд төржээ. Тэрээр Айлинг, Чинлин гэсэн хоёр эгч, нэг ах, гурван эрэгтэй дүүтэй байсан. Сун Чинлин эгч нь сүүлд 1915 онд Гоминдан намыг үүсгэн байгуулагч, хувьсгалч Сунь Ятсены гуравдахь эхнэр болсон. Тэрээр Шанхай дахь Методист буюу протестант шашны номлолын "McTyeire School for Girls" сургуульд суралцсан. 1908 онд эцэг нь түүнийг эгч нарынх нь хамт АНУ руу үргэлжлүүлэн боловсрол эзэмшүүлэхээр явуулсан байна. 1913 онд тэрээр нэр хүндтэй охидын "Wellesley College" коллежид элсэн орж, 1917 онд "англи уран зохиол", "гүн ухаан"-ы чиглэлээр төгссөн байна.

Сун Мэйлин Сургуулиа дүүргээд тэрээр Шанхайд буцаж ирээд "Залуу эмэгтэйчүүдийн Христийн Нийгэмлэгт" (YWCA) ажиллаж эхэлжээ. Тэрээр Шанхай хотын Хүүхдийн хөдөлмөрийн комиссын гишүүн болсон байна.

Сун Мэйлин, 1944 он.

Сүн Мэйлин 1920 онд анх Чан Кайши-тэй танилцсан байна. Чан Кайши түүнээс 11 нэгэн насаар ах бөгөөд өмнө нь гэрлэсэн, Буддын шашинтай байсан тул Мэйлины эх гэрлэлтийг эрс эсэргүүцэж байсан ч Чан Кайши ​​гэрлэлтээ цуцлуулсан тухай нотлох баримтаа үзүүлж, Христийн шашинд аажмаар орохоо амлаж байж зөвшөөрөл гэрлэх авчээ. Тэд 1927 оны 12-р сарын 1-нд Шанхайд Христийн сүмд гэрлэжээ. Хэдийгээр намтар судлаачид энэ хоёрын гэрлэлтийг нөхөрлөл, хайр дурлал, улс төр, өрсөлдөөний талаар янз бүрээр үнэлдэг ч 48 жил үргэлжилсэн байна. Хосууд хүүхэдгүй байв. Тэрээр улс төрд идэвхтэй оролцож, нөхрийнхөө орчуулагч, нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан юм.

1934 онд Чан Кайшитэй хамт "шинэ амьдралын төлөөх хөдөлгөөн"-ийг зохион байгуулахад оролцсон. Энэхүү үндэсний кампанит ажил нь уламжлалт Күнзийн сургаалийн ёс суртахууны үнэт зүйлсийг сэргээх замаар Хятадыг шинэчлэх, хүчирхэгжүүлэх зорилготой байв. Тэрээр 1930-1932 онд Хууль тогтоох газрын гишүүн, 1936-1938 онд Гоминданы засгийн газрын Нисэхийн асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга буюу сайдаар ажиллаж байсан. 1937 онд тэрээр Хятад-Японы хоёрдугаар дайныг дэмжихийг эмэгтэйчүүдэд уриалж, улмаар Гуансигийн эмэгтэйчүүдийн батальон зэргийг байгуулсан байна.

Хятадын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар 1931 оны Тайм сэтгүүлийн нүүр хуудас дээр.

Чан Кайши баривчлагдах үед Сианийн үйл явдлын үеэр хэлэлцээ хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 1937 онд Time сэтгүүл түүнийг болон түүний нөхрийг оны хүнээр нэрлэсэн байна.

Дэлхийн 2-р дайны үед хатагтай Чан Хятадын үйл хэргийг сурталчилж, нөхөртөө туслахыг хичээсэн. Хятад болон барууны соёлыг сайн мэддэг тэрээр Хятадад төдийгүй гадаадад алдартай болсон юм.

Хятад-Японы дайны үед Сун Мэйлин япончуудын эсрэг тэмцсэн бөгөөд 1943 онд бусад орнуудаас дэмжлэг авахын тулд АНУ-д найман сар аялж АНУ-ын Конгрессын өмнө хүртэл үг хэлсэн байдаг юм. Хатагтай Мэйлины гадаадаас тусламж хүсэх энэхүү аялалдаа чамин хувцаслаж, Цагаан ордонд "Chanel" брэндийн цүнх, сувдан шигтгээтэй гутал зэрэг бусад тансаг эд зүйлсээр дүүрэн олон арван чемодантай АНУ-д ирсэн байна. Түүний энэхүү тансаг байдал АНУ-ын Тэргүүн хатагтай Элеонор Рузвельтийг цочирдуулж, Хятадын Засгийн газрын олон албан тушаалтнуудын дургуйг хүргэж байжээ.

Чан Кайши ​​иргэний дайнд ялагдсаны дараа Сун Мэйлин түүнтэй хамт Тайваньд очиж, Тайваний улс төрд, ялангуяа нөхөр нь хөгширч эхэлсний дараа ч чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр Тайваний Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн байсан.

1975 онд Чан Кайшиг ​​нас барсны дараа Тайванийн эрх мэдэл түүний анхны гэрлэлтийн хүү болох Зянь Зингод шилжсэн бөгөөд тэрээр хойд эх Сун Мэйлинтэй хүндхэн харилцаатай байжээ. 1975 онд нөхрөө нас барсны дараа хатагтай Мэйлин ил харагдахгүй даруухан амьдрах болсон байна. Тэрээр анх 1975 онд хөхний хорт хавдраар өвчилсөн бөгөөд Тайваньд хоёр удаа хөхний хагалгаа хийлгэсэн байна. 1975 онд Сун Мэйлин АНУ руу явж, гэр бүлийнхээ эдлэн газар амьдарч байжээ. Мөн сүүлд 1991 онд өндгөвчний хавдраа авахуулсан байна.

2000 онд тэрээр үл хөдлөх хөрөнгөө зарж, тэр цагаас хойш Манхэттений нэр хүндтэй хэсэгт байрлах байранд амьдарч, бараг хэзээ ч олны өмнө гарч байгаагүй.

2001 онд Сан Францискогийн Азийн урлагийн музейд Сун Мэйлин болон Хятадын бусад ахмад зураачдын зурсан уран зургийн үзэсгэлэн гарсан.

Тэрээр 2003 оны 10-р сарын 23-нд 106 насандаа нойрондоо унтаж байгаад Нью-Йорк хотод нас барсан байна.

Авлигын хэргүүд

[засварлах | кодоор засварлах]

1930-1940-өөд оны үед Сүний гэр бүл 20 орчим сая доллар завшсан байна. Энэ хугацаанд үндэсний Засгийн газрын орлого жилд 30 сая доллар хүрэхгүй байсан юм. Үүний гол шалтгаануудын нэг нь Сун Мэйлин гэр бүлийнхээ авлигын хэрэгт холбогдож буйг үл тоомсорлосон явдал байв. Сүн гэр бүлийн ууган хүү Т.В.Сун нь Хятадын Сангийн сайд, том эгч Сүн Айлин нь Хятадын хамгийн баян хүн болох Кун Хсиан-сигийн эхнэр байжээ. Хоёр дахь охин Сүн Чинлин нь Хятад улсыг үндэслэгч эцэг Сунь Ятсений эхнэр байв. Харин отгон охин Сун Мэйлин 1927 онд Чангтай гэрлэсэн бөгөөд гэрлэсний дараа хоёр гэр бүл нягт холбоотой болж, "Сун гэр бүлийн улс" болон "Дөрвөн гэр бүл"-ийг бий болгосон. Гэсэн хэдий ч Сун Хятад дахь эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх кампанит ажил, тэр дундаа Хятад эмэгтэйчүүдийн боловсрол, соёл, нийгмийн халамжийг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлтаараа алдартай байсан юм. Шүүмжлэгчид "Дөрвөн гэр бүл" улсыг монопольчилж, дээрэмдсэн гэж үздэг. АНУ Тайваний Засгийн газарт их хэмжээний тусламж илгээсэн боловч удалгүй илгээсэн цэргийн тусламж хар зах дээр гарч ирж авлига өргөн тархсаныг мэдсэн юм.

  • This Is Our China. Harper & Brothers Publishers. 1940
  • China shall rise again. Harper & Brothers. 1941
  • Sian: a coup d’Etat. 1941
  • We Chinese Women: Speeches and Writings During the First United Nations Year. John Day Co, New York. 1943
  • The Sure Victory. Fleming H. Revell Company, New York. 1955.