Jump to content

Сэмуэл Филлипс Хантингтон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сэмуэл Хантигтон, 2004 онд

Сэмуэл Филлипс Хантингтон (англи. Samuel Phillips Huntington; 1927 оны 4-р сарын 18-нд Нью-Йорк, төрсөн- 2008 оны 12-р сарын 24-нд Массачусетс мужид нас барсан). Америкийн нийгэм, улс төр судлаач, соёл иргэншилүүдийн соёл, үүслээрээ хуваагдах үзэл баримтлалыг үндэслэгч. Уг үзлээ «Соёл иргэншилийн мөргөлдөөн ?» (The Clash of Civilizations?), нийтлэл 1993 онд «Foreign Affairs» сэтгүүлд хэвлүүлсэн байна. Түүний дараа 1996 онд "Хүйтэн дайн"-ы дараах дэлхийд шинэ тогтолцоо бий болох тухай «Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн ба дэлхийн тогтолцооны өөрчлөлт» (англи. The Clash of Civilizations and the Remaking of World Order; 1996) ном гаргасан байна. Ирээдүйн дайнууд улс хооронд бус соёл иргэншил хоорондын дайн болж исламын хэт даварсан үзэлтнүүд дэлхий нийтийн хамгийн том аюул занал болно гэж үзжээ.

Тэрээр богино өгүүллэгийн зохиолч эх Дороти Сэнборн (Dorothy Sanborn) болон жижиг сэтгүүл хэвлэгч эцэг Ричард Томас Хантинтоны (Richard Thomas Huntington) нарын хүү болон 1927 оны 4-р сарын 18-нд төржээ.

1948 онд тэр АНУ-ын Иелийн Их сургуулийг төгссөн, цэргийн алба хаасан, Чикагогийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Харвардын их сургуульд амьдралынхаа эцэс хүртэл багшилсан бөгөөд докторын зэргээ хамгаалжээ. Шинжлэх ухааны үйл ажиллаганы эхэнд тэрээр зэвсэгт хүчний иргэний хяналт, үндэсний аюулгүй байдал, орчин үеийн улс төрийн онолыг судалаач гэдгээрээ алдар нэрийг олжээ.

"Foreign Policy" /Гадаад бодлого/ сэтгүүлийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий редактораар ажилласан байсан.

1973 онд АНУ-ын Олон улсын харилцааны төвийн дэд захирал;

1977-1978 - АНУ -ын Ерөнхийлөгч Ж.Картерийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Төлөвлөлтийн хэлтсийн зохицуулагч;

1978-1989 онд Олон улсын харилцааны төвийн захирал.

С.Хантингтон Америкийн улс төр судлаачдын дунд өндөр нэр хүндтэй байсны нэг үзүүлэлт бол 1984-1985 онд Америкийн улс төр судлалын холбооны дэд ерөнхийлөгчөөр, 1986-1987 онд мөн төвийн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан явдал гэрчилнэ.

Сэмуэл Хантингтон бол улс төрийн шинэчлэл, олон улсын харилцаа, ардчилал болон хүн амын нүүдэл суудалын талаар олон ном бүтээлийн эзэн юм. Үүний дотор:

  • «Цэрэг ба Төр: Цэрэг иргэний харилцааны онол ба бодлого» The Soldier and the State: The Theory and Politics of Civil-Military Relations (1957);
  • «Өөрчлөгдөж буй нийгэмүүд дахь улс төрийн тогтолцоо» Political Order in Changing Societies (1968);
  • «Ардчилалын хямрал. Ардчилсан системүүдийг удирдан чиглүүлж болох тухай Гурван талын комисст тавьсан илтгэл» The Crisis of Democracy. Report on the Govern ability of Democracies to the Trilateral Commission (1975)
  • «Гуравдахь давалгаа: XX зууны сүүлийн үеийн Ардчилал» The Third Wave: Democratization in the Late Twentieth Century (1991);
  • «Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн» The Clash of Civilizations and the Remaking of World Order (1993);
  • «Бид хэн бэ? Америк үндэсний онцлогийн дуудлагууд» Who Are We? The Challenges to America’s National Identity (2004).