Феодор Тютчев
Тютчев Феодор Иванович (1803 оны 12 сарын 5 – 1873 оны 7 сарын 27) нь Оросын нэртэй яруу найрагч, дипломат хүн байв. Тэрээр Германы Мюнхен, Италийн Турин хотуудад амьдарч байсан ба Гейне, Шеллинг нартай танил байжээ. Уран зохиолын амьдралд оролцдоггүй, өөрийгөө уран зохиолч гэж тооцдоггүй байсан байна.
Түүний 400 гаруй шүлэг уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээр шүлгийн мөрөөс Орос даяараа иш татаж дурдах нь олонтаа байдаг бөлгөө. Түүний эхэн үеийн шүлгүүд 18-р зууны яруу найргийн хэв загвараар бичигдсэн байдаг. 1830-аад оны үеийн шүлгүүдэд Европын (ялангуяа Немецийн) романтизмын уламжлал их нөлөөлсөн нь харагддаг. Энэ нь философийн утга уянгын чиглэл бөгөөд гол үндсэн сэдэв нь орчлон ертөнцийн үүсэл, хүмүүний хувь заяа, байгаль орчны тухай байдаг. 1840-өөд онд Орос болон барууны соёл иргэншлийн хоорондын харилцааны асуудлаар хэд хэдэн улс төрийн өгүүлэл бичжээ. 1850-аад онд Тютчев хайр сэтгэл бол эмгэнэл гэсэн агуулгатай, хайр дурлалын сэдэвтэй, сонирхол татсан хурц шүлгүүд бичсэн байдаг. Эдгээр шүлгүүдийг суулд яруу найрагчийн нууц амраг Е.А.Денисьевад зориулагдсан "Денисьевский цикл" гэсэн нэртэй шүлгийн цувралд нэгтгэсэн байдаг. Тютчевийн уран бүтээлд 1860-1870 оны үед улс төрийн агуулгатай шүлгүүд зонхилох болжээ.
Түүний хамгийн алдартай бүтээл нь "Silentium" бөгөөд дуугүй байхыг гутрангуйгаар уриалсан, нэг хүн нөгөө хүнээ хэзээ ч бүрэн дүүрэн ойлгож чадахгүй болохыг харамссан агуулгатай ажгуу. "Yгээр илэрхийлсэн хүний бодол хуурамч байдаг" гэсэн Тютчевын шүлгийн мөр нь хамгийн олонтаа дурдагддаг ишлэл бөгөөд түүнчлэн "ухаанаараа Оросыг ойлгох аргагүй", "бидний хэлсэн үгийг яаж тусгаж, тайлбарлахыг хэн маань ч таашгүй" гэсэн ишлэлүүд ч өргөн хэрэглэгддэг.