Флоренс Гриффит-Жойнер
| |||||||||||||||||||||||||||||||
|
Флоренс Гриффит-Жойнер (Англи: Florence Griffith-Joyner, төрөхдөө Флоренс Делорес Гриффит, Англи: Florence Delorez Griffith) гэдэг нэртэй байсан[1]) (1959 оны 12 сарын 21 - 1998 оны 9 сарын 21) нь Фло-Жо гэдэг хочоороо алдаршсан Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикийн тамирчин байв.
Тэрээр Лос-Анжелес хотод төрж, Жордан Даунс дахь нийтийн байранд өсч торнижээ. Гриффит-Жойнер нь 1980-аад оны сүүлчээр дэлхийн хөнгөн атлетикийн тайзнаа тод гялалзсан од байсан бөгөөд 100м, 200м-ийн зайн гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан бөгөөд 100м-ийн дээд амжилт нь одоо болтол эвдэгдээгүй байгаа билээ. Түүний нөхөр нь алдартай хөнгөн атлетикч Ал Жойнер, нөхрийн нь дүү нь олимпын 3 алтан медальт Жэки Жойнер-Керси юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Гриффит 1983 онд зохиогдсон анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 200м-н төрөлд 4-р байранд орсноор дэлхийн тавцан дахь гараагаа эхэлсэн. Ирэх жил нь төрөлх Лос-Анжелест нь олимпын наадам болоход 200м-н төрөлд мөнгөн медаль авснаасаа илүүтэйгээр, урт ургуулж будсан хумсаараа хүмүүсийн анхаарлыг татаж байв. 1985 онд Гран Пригийн шувтаргын 100м-н гүйлтэд 11.00 секундын амжилт үзүүлэв. Түүний дараа нэг хэсэг бэлтгэл хийхээ багасгасан Гриффит 1984 оны олимпын гурвын харайлтын аварга Ал Жойнертэй 1987 онд хуримласан байна.
1987 онд ДАШТ-д буцаж ирэхдээ 200м-н гүйлтэд ахиад л мөнгөн медаль хүртсэн байна. Амжилтын оргил нь 1988 онд тохиов. АНУ-ын олимпын сонгон шалгаруулалтын хагас шигшээд 200м-н зайд мэргэшсэн Гриффит 100м-н зайд 10.49 секундын амжилт үзүүлэн дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн нь бүх хүнийг гайхуулав. Албан ёсны протоколд тухайн үеийн салхины хурд 0.0 м/сек байсан гэж тэмдэглэгдсэн байдаг ч зарим эх сурвалжид салхины тусламжтай тогтоосон байж магадгүй гэж үздэг бөгөөд тэмцээний бусад төрлийн уралдаан явагдах үед салхины хурд 7 м/сек хүртэл байсан гэдэг. 1997 оноос Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны Хөнгөн атлетикийн статистикчдын хурлаар түүний амжилтыг "Хүчтэй салхины тусламж орсон байж магадгүй, гэхдээ дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн" гэж бичих болжээ[2]. Гэхдээ түүний энэ амжилтыг тооцохгүй байсан ч дараагийн үзүүлсэн амжилт болох 10.61 секунд нь тухайн үеийн дэлхийн дээд амжилт болох байв.
1988 оны Сөүлийн олимпод Фло-Жо хэмээх нэр тодоор цуурайтсан билээ. 100м-ийн гүйлтийн шувтаргад салхины хүчийг оруулаад 10.54 секундын амжилт үзүүлж түрүүлсэн нь мөнгөн медаль авсан Эвелин Ашфордоос 0.3 секундээр илүү байлаа. 200м-н бага шөвөгт дэлхийн дээд амжилтыг эвдэж, улмаар шигшээ уралдаанд 21.34 секундын амжилтаар дахин түүнийгээ шинэчилж тогтоосон байна. Тэрээр мөн АНУ-ын багт багтаж 4 x 100м, 4 x 400м-ийн буухиа уралдаанд хурд сорьж, алт, мөнгөн медаль хүртсэн бөгөөд 4 x 100м-ийн буухиад анх удаа уралдсан нь тэр байлаа. Түүний 100м-т алтан медаль авсан хором нь 2002 онд Британийн 4-р сувгаас шалгаруулсан "Спортын 100 аугаа хором" жагсаалтын 98-д нэрлэгджээ. Гриффит тухайн ондоо АНУ-ын сонирхогчдын спортын оны шилдэг тамирчны шагнал болох Жеймс Е.Салливаны шагналыг хүртсэн юм. Олимпоос тун удалгүй Гриффит-Жойнер хөнгөн атлетикаас зодог тайлсан билээ.
Харамсалтай нь 1998 оны 9 сарын 21-нд Гриффит-Жойнер гэртээ унтаж байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Хардлага
[засварлах | кодоор засварлах]Түүнийг сэргээш хэрэглэдэг байсан гэж хардах нь бий. 1988 онд түүний биеийн хэлбэр эрс өөрчлөгдөж, амжилт нь ч тун богино хугацаанд хурдтай сайжирсан[3]. 1988 оны улирал эхлэхээс өмнө түүний 100м дэх шилдэг амжилт нь 10.96 секунд байсныг ганцхан улиралд 0.47 секундээр ахиулсан бөгөөд өөр нэг ч тамирчин ийм ахиц үзүүлж байгаагүй билээ. Мөн 200м дэх хувийн дээд амжилт нь 21.96 секунд байсныг 21.34 болгож ахиулж чадсан юм. Тэр үүнийгээ бэлтгэлийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн гэж тайлбарладаг байв.[4]
1989 оноос сэргээшийн хяналтыг сайжруулах асуудал шийдэгдсэн байсан үед өмнөхөн нь зодог тайлсан нь хардлагыг улам лавшруулдаг.[4]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Florence Griffith-Joyner NNDB Profile". NNDB. Татаж авсан: 2 сарын 25.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Linthorne, Nick (2003). "Wind Assistance". Brunel University. Эх хувилбараас архивласан: 2009-07-18. Татаж авсан: 2 сарын 25.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help); Unknown parameter|month=
ignored (help) - ↑ "O doping está no auge" (Portuguese хэлээр). Veja Online. 2000-08-16. Эх хувилбараас архивласан: 2009-02-03. Татаж авсан: 2009-02-24.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ 4.0 4.1 Speed, glamour, doubt will be Flo-Jo's legacy, Reuters, September 23 1998
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- 100 метрийн гүйлтийн олимпын аварга
- 200 метрийн гүйлтийн олимпын аварга
- 4х100 метрийн буухиа гүйлтийн олимпын аварга
- 4х100 метрийн буухиа гүйлтийн дэлхийн аварга
- АНУ-ын 100 метрийн гүйгч
- АНУ-ын 200 метрийн гүйгч
- АНУ-ын 4х100 метрийн буухиа гүйгч
- АНУ-ын 4х400 метрийн буухиа гүйгч
- АНУ-ын олимпын аварга
- АНУ-ын олимпын оролцогч
- 1984 оны зуны олимпод оролцогч
- 1988 оны зуны олимпод оролцогч
- Америкчууд
- 1959 онд төрсөн
- 1998 онд өнгөрсөн