Фридрих Паулус
Фри́дрих Вильге́льм Эрнст Па́улюс | |
---|---|
![]() Генерал фельдмаршал Фри́дрих Вильге́льм Эрнст Па́улюс | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1893 оны 9 сарын 23 Германы эзэнт гүрэн, Пруссийн вант улс, Гуксхаген |
Нас барсан | 1957 оны 2 сарын 1 (63 насалсан)[1] БНАГУ, Дрезден |
Relations | Елена-Констансиа Розетти-Солеску |
Шагнал | |
Гарын үсэг | Файл:EFriedrich Paulus signature.svg |
Цэргийн алба | |
Харьяалал |
|
Салбар | ![]() ![]() ![]() |
Алба хаасан жил | 1910–1943 |
Цол | Генерал фельдмаршал |
Commands | |
Тулаан/дайн | Дэлхийн нэгдүгээр дайн
|
Фридрих Паулус (Герман: Friedrich Paulus, 1893 оны 9 сарын 23-1957 оны 2 сарын 1) нь Нацист Германы армийн генерал-фельдмаршал бөгөөд Германы фельдмаршалуудаас олзлогдсон анхны хүн. Сталинградын тулалдаанд 6-р армийн коамндлагч байсан бөгөөд Зөвлөлтийн армид бууж өгсөн байна. Тэрээр 1943 оны 1 сарын 31-нд, Адольф Хитлерээс фельдмаршал болсон тухайгаа сонссон тэр өдрөө Зөвлөлтийн талд олзлогдож, улмаар Чөлөөт Германы төлөөх Үндэсний Хороо гээч ЗХУ-ын нөлөөний байгууллагад элсэн Нацист дэглэмийн эсрэг дуу хоолойгоо өргөх болсон тэрээр 1953 онд Зүүн Германд буцаж очжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бага нас болон залуу нас
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1893 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Германы Эзэнт гүрний тусгаар тогтносон Прусс мужийн Гуксхаген хотод Касселийн шоронд ажилладаг нягтлан бодогчийн хүү болон мэндэлжээ. Фридрих Паулюс гарал үүслийн хувьд язгууртан биш. 1909 онд тэрээр Кайзер Вильгельмийн нэрэмжит сонгодог гимназийг төгсөж, ахлах сургуулийн дипломоо авсны дараа Баварийн их сургуулийн хуулийн факультетэд элсэн орж, 2 семестр суралцжээ. Гэсэн ч тэрээр сургуулиа төгсөлгүй 1910 оны 02 дугаар сард явган цэргийн хорооны "Марграв Фридрих Вильгельм"-д фаненжункерээр (офицер цолд дэвшигч) элсэв. Фридрих Паулюс тухайн үед өөрийн карьерын шат ахих боломжийг алдаагүй ба тэр маш хичээнгүй, боловсон хүчний ажилд дуртай офицер байсан аж. Хамт ажилладаг хүнээр дамжуулан тэрээр ирээдүйн эхнэр Елена-Констансиа Розетти-Солескутэй танилцаж, 1912 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрлэжээ. Елена Румын улсын язгууртан байсан бөгөөд нөхөртөө өөр шигээ язгууртан эрхэмсэг зан чанарыг суулгасан хүн юм. Тэдний гэрлэлт нөхрийн нь цаашдын амьдралын замналын шийдвэрлэх хүчин зүйлүүдийн нэг болсон гэдэг. Тэр нөхрөө язгууртнуудын дунд ороход нь тусалсан ч Фюрер болон түүний эргэн тойрныхонтой тийм ч таатай харилцаатай байгаагүй.
Дэлхийн 1 дүгээр дайн
[засварлах | кодоор засварлах]Дайны эхэн үед түүний хороо Францад байрлаж дараа нь Франц, Серби, Македонийн уулын явган цэргийн ангиудад штабын офицероор алба хаажээ. Тэрээр ахлагч цолтой дайныг дуусгасан. 1933 он хүртэл цэргийн янз бүрийн албан тушаалд алба хааж, 1934-1935 онд моторжуулсан хорооны командлагч, 1935 оны 9 дүгээр сард танкийн ангиудын командлалын штабын даргаар томилогдов. 1938 оны 02 дугаар сард хурандаа Фридрих Паулюс дэслэгч генерал Хайнц Вильгельм Гудерианы удирдлага дор 16 дугаар моторт корпусын штабын даргаар томилогдсон. 1939 оны 5 дугаар сард хошууч генерал цол хүртэж, улмаар 10 дугаар армийн штабын дарга болжээ.
Дэлхийн 2 дугаар дайн
[засварлах | кодоор засварлах]Цэргийн ажиллагааны эхэн үед 10 дугаар арми эхлээд Польшид, дараа нь Бельги, Нидерландад цэргийн ажиллагаагаа явуулжээ. Удалгүй 10 дугаар армийг 6 дугаар арми гэж нэрлэсэн ба 1940 оны 8 дугаар сард тэр дэслэгч генерал цол хүртэж, 1940 оны 6 дугаар сараас 1941 оны 12 дугаар сар хүртэл хуурай замын цэргийн жанжин штабын орлогч даргаар ажилласан. 1940 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тэрээр Зөвлөлт Холбоот Улсад довтлох “Барбаросс” төлөвлөгөөг боловсруулах ажилд оролцсон аж. 1942 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр танкийн цэргийн генерал цол авч, Дорнод фронтод ажиллаж, Курск-Обоянскийн ажиллагаанд Зөвлөлтийн цэргүүдийн довтолгоог няцааж байсан 6 дугаар армийн командлагчаар (В.Рейхенаугийн оронд) томилогдов. 1942 оны зун, намрын улиралд 6 дугаар арми фронтын өмнөд хэсэгт тулалдаж байсан армийн Б бүлгийн нэг хэсэг байлаа. 1942 оны 5 дугаар сард Улаан армийн хүчирхэг довтолгоог няцаасан Фридрих Паулюсын удирдсан арми Харьковын зүүн талд сөрөг довтолгоо нь амжилт олж, генерал Эвальд фон Клейстийн 1 дүгээр танкийн армитай нэгджээ. 240,000 цэрэг, 2,000 гаруй танк, 1,300 орчим их буутай Зөвлөлтийн цэргүүдийн томоохон бүлэг Харьковын "тогоонд" оров. 1942 оны 6 дугаар сарын эхээр бүслэгдсэн бүлгийг устгаж 1942 оны 8 дугаар сард түүнийг дээрх ялалтынх нь төлөө “Рыцарийн загалмай” одонгоор шагнагджээ. 1942 оны зун Адольф Гитлерийн тушаалаар Германы цэргүүд Кавказын газрын тосны бүс нутаг Доод Волга, Донын үржил шимт газруудад хүрэх зорилгоор Зөвлөлт-Германы фронтын өмнөд хэсэгт довтолж эхлэв. Сталинград руу довтлоход 1,200 нисэх онгоцоор дэмжүүлсэн 17 дивизээс бүрдсэн генерал Фридрих Паулюсын 6 дугаар арми Б бүлгийн армиас сонгогдов. Зөвлөлтийн командлал Сталинградын чиглэлийг хамгаалахын тулд нөөцөөс 3 арми хуваарилж, 1942 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сталинградын фронт байгуулагдсан байдаг. 1942 оны 9 дүгээр сарын эхээр Сталинград хотын төлөө тулалдаан эхэлсэн бөгөөд тэр үед Германы нисэх хүчин бараг бүрэн устгагдсан байв. Фридрих Паулюс 10 хоногийн дотор хотыг эзлэхийг тушаан 1942 оны 10 дугаар сарын дундуур Ижил мөрөнд хүрсэн ч Зөвлөлтийн цэргүүдтэй хотын гудамжинд маш хүнд, үр дүнгүй тулалдаан мөн оны 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн. Энэ нь нацистын Германы хотыг хурдан эзлэн авч, зун намрын кампанит ажлыг бүхэлд нь дуусгах төлөвлөгөөг тасалдуулсан юм. Сталинградын төлөөх удаан үргэлжилсэн тулалдааны дараа Зөвлөлтийн арми томоохон сөрөг довтолгооны ажиллагаа явуулах боломжгүй гэж Германы командлал үзжээ. Мөн Германчууд эзлэгдсэн фронтын шугаманд өвлийг өнгөрөөн, хавар довтолгоогоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байв. 1942 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаан арми Сталинградын ойролцоо сөрөг довтолгоо явуулж, мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэхэд өмнө зүгт ажиллагаа явуулж байсан 6 дугаар арми болон 4 дүгээр танкийн армийн нэг хэсэг Сталинград орчимд Зөвлөлтийн цэргүүдээр бүслэгдэв. 300,000 орчим хүнтэй Германы цэргүүд асар том бүслэлтийн "тогоонд" оров. Фридрих Паулюс Сталинградыг бүсэлж байхдаа А.Гитлерт армиа Сталинградыг орхиж, Вермахтын гол хүчтэй нэгдэх нь одоогийн нөхцөлд илүү зөв гэж итгүүлэхийг оролдсон. Гэсэн ч А.Гитлер Фридрих Паулюсыг бүслэгдсэн Сталинградаас гарахыг эрс хориглов. Адольф Гитлер түүнд хайрцаглагдсан армийн хангамжийг "агаараас" өгнө гэж амласан ч Вермахтын арми агаарын тулалдаанд давуу байдал тогтоож чадаагүй бөгөөд Фридрих Паулюсын арми хангалттай хангамж авч чадаагүй юм. Нацистын Германы удирдагчид А.Гитлер, Г.Геринг (Люфтваффын командлагч) нар "агаараас” бүслэгдсэн армийг сум, хангамж, түлш, хоол хүнсээр бүрэн хангах боломжгүй байв. Мөн бүслэлийг сэтлэх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. 1943 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Фридрих Паулюс “Рыцарийн загалмайн”-н 1 дүгээр зэргийн одонгоор шагнагджээ. 1943 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А.Гитлер Фридрих Паулюсыг фельдмаршал болгон дэвшүүлэв. А.Гитлерийн түүнд илгээсэн сүүлчийн радиограммд 6 дугаар арми "сүүлчийн цэрэг сүүлчийн сумаа хүртэл" хамгаалах ёстой бөгөөд "Германы нэг ч фельдмаршал олзлогдох ёсгүй" гэж бичсэн нь үнэндээ Фридрих Паулюсыг амиа хорлохыг шаардсан утгатай байжээ. Тэрээр 1943 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө штабын офицеруудаар дамжуулан Зөвлөлтийн цэргүүд 38 дугаар мотобуудлагын бригадын төлөөлөгчдийг илгээсэн бөгөөд тэдний дунд хамгийн ахмад нь тус бригадын штабын орлогч дарга ахлах дэслэгч Федор Ильченко байв. Гэсэн ч германчууд арми эсвэл фронтын командлалын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийхийг хүсчээ. 38 дугаар мотобуудлагын бригадын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч командлагч, дэд хурандаа Леонид Винокур хэд хэдэн офицеруудтай хэлэлцээр хийхээр ирсэн ба 6 дугаар армийн штаб байрлаж байсан төв өрөөнд зөвхөн Леонид Винокур, Федор Ильченко 2 л орсон. Леонид Винокур Вермахтын 71 дүгээр явган цэргийн дивизийн командлагч, хошууч генерал Фридрих Роскетэй хэлэлцээр хийжээ. Фридрих Паулюс бууж өгөх ажиллагаанд албан ёсоор оролцохыг хүсээгүй тул хэлэлцээр хийх ажлыг 6 дугаар армийн өмнөд хэсгийн командлагч Фридрих Роске болон түүний штабын дарга генерал Артур Шмидт нарт шилжүүлсэн байна.
Олзлогдсон нь
[засварлах | кодоор засварлах]64 дүгээр армийн штабын дарга, хошууч генерал И.А.Ласкин, Леонид Винокур, Федор Ильченко нар нэмэлт хэлэлцээр хийсний дараа Фридрих Паулюсыг 1943 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 цагт “Бекетовка” дүүрэг руу хүргэж, 64 дүгээр армийн командлагч, дэслэгч генерал М.С.Шумилов тэр өдрөө түүнийг байцаажээ. Фридрих Паулюсын туслах байсан В.Адамын дурсамжид тэд уулзахад дэслэгч генерал М.С.Шумилов олзлогдсон командлагчийг "фон Паулюс" гэж нэрлэсэн бөгөөд түүнийг язгууртан биш гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Удалгүй Фридрих Паулюс фронтын командлагч, хурандаа генерал К.К.Рокоссовскийтэй танилцаж, цэргүүд, офицеруудын утга учиргүй үхлийг зогсоохын тулд түүний командалж байсан 6 дугаар армийн үлдэгдэл цэргүүдийг бууж өгөх тушаал гаргахыг санал болгосон ч тэрээр татгалзсан. Учир нь тэр “..би одоо хоригдол болсон, миний командлалд байсан генералууд авсан зааврын дагуу А.Гитлерт шууд захирагддаг. Бүслэгдсэн Германы бүлгүүдийн командлагч бүр бие даан бууж өгөх эсвэл тулалдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргана” гэж мэдэгджээ. Мөн Фридрих Паулюс анхны байцаалтынхаа нэгэнд "Би националь-социалист хүн мөн хэвээр байх болно. Үлдсэн амьдралаа олзонд өнгөрүүлэх байсан ч намайг үзэл бодлоо өөрчилнө гэж хэн ч хүлээхгүй” гэсэн байна. Фридрих Паулюс болон түүний армийн генералуудыг Москва муж дахь Дотоод Хэргийн Ардын Комиссариатын Красногорскийн 27 дугаар лагерьт авчирсан бөгөөд тэнд хэдэн сар байх ёстой болсон. 1943 оны 7 дугаар сард Красногорскийн хуаранд Чөлөөт Германы үндэсний хороо байгуулагдаж, 38 герман хүн багтсаны 13 нь цагаач байсан аж. (Вальтер Ульбрихт, Вильгельм Пик болон бусад). Удалгүй Улаан армийн Улс төрийн ерөнхий газар, Дотоод Хэргийн Ардын Комиссариатын Дайны олзлогдогсдын газар шинэ амжилтын талаар мэдээлэв. Мөн оны 9 дүгээр сард фашистын эсрэг шинэ байгууллага болох Германы офицеруудын холбоог үүсгэн байгуулах их хурал болсон. Үүнд 200 гаруй хүн оролцож, генерал Вальтер фон Сейдлицийг Ерөнхийлөгчөөр нь сонгосон байна. 1943 оны хавар Суздаль дахь Спасо-Евфимиев дэх генералуудын хуаранд шилжсэн Фридрих Паулюс ба түүний нөхдийн хувьд энэ нь урвалт байв. Фельдмаршал тэргүүтэй 17 генерал “Холбооны гишүүн болсон офицер, генералуудын хийж байгаа зүйл бол эх орноосоо урвасан явдал, бид тэднийг өөрсдийн нөхдүүд гэж үзэхээ больж, эрс татгалзаж байна” гэсэн хамтын мэдэгдэлд гарын үсэг зурав. Гэвч сарын дараа Фридрих Паулюс генералын "эсэргүүцэл"-д гарын үсэг зурснаасаа гэнэт татгалзав. Удалгүй түүнийг Иваново хотоос 28 километрийн зайд орших Чернцы тосгонд шилжүүлж, Дотоод Хэргийн Ардын Комиссариатын дээд тушаалынхан фельдмаршалыг Суздальаас хулгайлж магадгүй гэж болгоомжлон ой дахь хуучин Войковын сувилалд руу илгээв. Түүнтэй хамт 22 герман, 6 Румын, 3 Италийн генералууд хамт иржээ. Хуучин сувиллын газарт Фридрих Паулюсын гэдэсний өвчин даамжирч эхэлсэн бөгөөд тэрээр хэд хэдэн мэс засал хийлгэсэн. Гэсэн ч тэр дээрх зовиурыг тоолгүй "сувиллын" бүх хоригдлуудын нэгэн адил амралтын өдрүүдэд мах, цөцгийн тос, шаардлагатай бүх бүтээгдэхүүн, шар айраг авдаг байв. Хоригдлууд модоор сийлбэр, гар урлал хийн тэр ч байтугай фельдмаршалд зориулж бороохой сийлж бэлэглэсэн байдаг. Фридрих Паулюс дурдатгал бичсэн ба тэрээр Германы офицеруудын холбоог болон Зөвлөлтийн эрх баригчидтай хамтран ажиллахыг зөвшөөрөөгүй бөгөөд мөн А.Гитлерийг ч эсэргүүцээгүй. 1944 оны зун түүнийг Москва муж дахь тусгай байгууламжид шилжүүлэв. Хоёрдугаар фронт нээгдсэн, Беларусь дахь ялагдал, холбоотнуудаа алдсан, Герман дахь бүхэл бүтэн дайчилгаа, мөн 1944 оны 4 дүгээр сард том хүү Фридрих нь Италид нас барсан, А.Гитлерийг түүний сайн мэддэг офицерууд алах гэсэн оролдлого зэрэгт тэрээр цочирдов. Зөвлөлтийн тагнуулынхан Берлинээс түүний эхнэрийн захидлыг авчирч өгсөн аж. 1944 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Фридрих Паулюс "Олзлогдсон Германы цэргүүд, офицерууд болон Германы ард түмэнд" гэсэн уриалгад гарын үсэг зурж, "Герман улс Адольф Гитлерийг устгаж, шинэ төрийн удирдлагыг байгуулах ёстой гэж тунхаглах нь миний үүрэг гэж би үзэж байна. Одоогийн дайсантай энх тайван, найрсаг харилцаа тогтоох" хэрэгтэй гэжээ. Дөрөв хоногийн дараа тэрээр Германы офицеруудын холбоонд удалгүй эрх чөлөөт Германы төлөөх үндэсний хороонд элсэв. Энэ мөчөөс эхлэн тэрээр нацизмын эсрэг тэмцлийн хамгийн идэвхтэй суртал ухуулагчдын нэг болжээ. Тэрээр радиогоор байнга гарч, Вермахтын цэргүүдийг Оросын тал руу явахыг уриалсан ухуулах хуудаст гарын үсэг зурдаг байжээ.
Дайны дараа
[засварлах | кодоор засварлах]Дайны дараа "Сталинград"-д генералууд олзлогдсон хэвээр байв. Тэдний олонх нь хожим Зөвлөлт Холбоот Улсад ял шийтгүүлсэн боловч нас барсан нэг генералаас бусад 23 хүн нь хожим нь нутагтаа буцаж ирсэн. (94,000 цэргээс 6,000 орчим) Гэсэн ч Фридрих Паулюс 1946 оны 02 дугаар сард эх орондоо ирж, Нюрнбергийн шүүх хуралд яллах ажиллагааны гэрчээр оролцсон юм. Тэр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон нь шүүгдэгч В.Кейтел, А.Жодл, Г.Геринг нар бүү хэл фельдмаршалын хамгийн ойрын офицеруудын гайхшралыг төрүүлсэн байдаг. Шүүх хуралдааны явцад баривчлагдсан генералуудын зарим нь хамтрагчаа хуурамч, урвасан гэж буруутгав. Нюрнбергийн шүүх хуралдаанаас хойш фельдмаршал сар хагасын турш Бүгд Найрамдах Тюрингийн “чөлөөт” улсад байж, хамаатнуудтайгаа уулзсан. 1946 оны 3 дугаар сарын сүүлчээр түүнийг Москвад буцааж авчирсан бөгөөд удалгүй И.В.Сталины "хувийн хоригдол" болж (тэр Фридрих Паулюсыг шүүхийг зөвшөөрөөгүй) Томилино дахь зуслангийн байшинд суурьшжээ. Тэрээр энд марксизм-ленинизмийн сонгодог зохиолчдын бүтээлийг судалж, намын уран зохиол уншиж, Зөвлөлтийн генералуудын өмнө илтгэл тавихад бэлтгэсэн. Тэр хувийн эмч, тогооч, туслах ажилтантай байсан. Фридрих Паулюс хамаатан саднаасаа захидал, илгээмж байнга авдаг байжээ. Түүнийг өвдөхөд нь Ялтад аваачиж эмчлүүлжээ. 1947 оны 9 дүгээр сард тэр Сталинградад очиж, "Сталинградын тулалдаан" киноны найруулагч, зохиолч, жүжигчидтэй уулзсан байна. 1949 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дайн эхэлснээс хойш хэзээ ч уулзаагүй эхнэр нь Баден-Баденд хот нас барав. Фельдмаршал 1951 оны нэг өглөө ухаангүй байдалтай олдсон ч эмнэлгийн тусламж үзүүлж чаджээ. Энэ явдлаас хойш тэр сэтгэлийн гүн хямралд орж, орноосоо босохоо байж, хэнтэй ч ярьдаггүй, хоол идэхээ байжээ. И.В.Сталин фельдмаршалыг яг хэзээ эх оронд нь буцаахаа тодорхой хэлэлгүйгээр суллахаар шийдсэн. Ингээд И.В.Сталиныг нас барсны дараа буюу 1953 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Фридрих Паулюс, Э.Шульте, хувийн тогооч Л.Георг нарын хамт Берлинийг зорьсон юм. Үүнээс 1 сарын өмнө тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын удирдагч В.Ульбрихттэй уулзаж, зөвхөн Зүүн Германд амьдарна гэдгээ хэлсэн гэдэг. Түүнийг Зөвлөлтөөс явсан өдөр нь “Правда” сонинд фельдмашал Фридрих Паулюс Зөвлөлт Холбоот Улсад сохроор дуулгавартай дайсан болж ирсэн боловч энэ улсыг найзын хувиар орхисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн нийтэлсэн юм. Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс Фридрих Паулюст Дрезден хотын элит бүсэд хамгаалалттай харш, машин, туслах, хувийн зэвсэг эзэмших эрх олгожээ. Тэрээр 1954 онд байгуулагдсан Цэргийн түүхийн төвийн даргаар багшилж, Цэргийн Ардын Цагдаагийн дээд сургуульд цэргийн урлагийн сэдвээр лекц уншиж, Сталинградын тулалдааны талаар илтгэл тавьсан. Суллагдсаныхаа дараа олон жилийн турш тэр социалист системд үнэнч гэдгээ батлахаа зогсоосонгүй. Фельдмаршал "Баруун Германы милитаризм"-ын эсрэг байр сууриа илэрхийлж, Германы төвийг сахихыг хүсээгүй Бонны бодлогыг шүүмжилсэн. 1955 онд Зүүн Берлинд болсон Дэлхийн 2 дугаар дайнд оролцож байсан ахмад дайчдын уулзалтад тэрээр ардчилсан Германы төлөөх үүрэг хариуцлагаа ахмад дайчдад сануулжээ. Фельдмашал Фридрих Паулюс 1957 оны 02 дугаар сарын 01-ний өдөр арми нь Сталинградад ялагдсаны 14 жилийн ойн өмнөхөн нас баржээ. Түүний үхлийн гол шалтгааныг хорт хавдар байсан гэж үздэг. Дрезден хотод болсон даруухан оршуулах ёслолд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын намын хэд хэдэн өндөр албан тушаалтан, генералууд оролцов. Тав хоногийн дараа түүний чандарыг Баден-Баден хот дахь эхнэрийнх нь булшны дэргэд оршуулжээ.
Дурсамж
[засварлах | кодоор засварлах]Фридрих Паулюст дурсамжаа сонгодог хэлбэрээр бичих цаг байгаагүй. Тэрээр асар их гар бичмэл үлдээсэн бөгөөд үүнд тойм зураг, төлөвлөгөө, олон тооны тэмдэглэл, тооцоолол, диаграмм зэргийг багтсан. Гар бичмэлийн багахан хэсэг 1960 онд Зөвлөлт Холбоот Улсад хэвлэгдсэн. Фелдмаршалын хүү Эрнст-Александр Паулюс аавыгаа нас барсны дараа тэдгээрийг хэвлүүлэхээр бэлтгэж эхэлжээ. Эрнст-Александр Паулюс эцгийгээ насан туршдаа коммунистуудтай хамтран ажиллахыг огт зөвшөөрөөгүй тул өөрийгөө бууджээ. Бага Паулюс мөн Сталинградад тулалдаж байсан боловч 1942 оны 9 дүгээр сард тулалдааны үеэр хүнд шархадсаны улмаас Берлинд байсан бөгөөд удалгүй түүнийг цэргээс халсан юм.
- ↑ "Фридрих Паулус". History.com. Татаж авсан: 4 сарын 13.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)
- Pages using infobox officeholder with unknown parameters
- Пруссийн ахмад
- Райхсверийн дэд хурандаа
- Вермахтын хуурай замын цэргийн генерал-фельдмаршал
- Вермахтын хуурай замын зэвсэгт хүчний армийн командлагч
- Германы эзэнт гүрний дэлхийн нэгдүгээр дайны хүн
- Германы эзэнт гүрний дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Фрайкорпусын гишүүн
- Чөлөөт Германы Үндэсний Хорооны хүн
- Нюрнбергийн процессын гэрч
- Царсны навчит Төмөр Загалмайн хүлэг баатрын одон шагналтан
- ЗХУ дахь Германы дайны олзлогдогч
- Германчууд
- 1890 онд төрсөн
- 1957 онд өнгөрсөн